Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбум мод тарих болно гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбараас 2021-2030 он хүртэл долоон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал,
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу ногоон зурвас байгуулах төсөл;
- Мод үржүүлгийн газар байгуулах төсөл;
- Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудад ногоон хотхон байгуулах, агро-ойжуулалтыг хөгжүүлэх төсөл;
- Хот хоорондын авто замын дагуу ногоон зурвас байгуулах төсөл;
- Заган ойг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх төсөл;
- Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг амьдарч буй орчиндоо мод тарих, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл;
- Батлан хамгаалах салбарын алба хаагчдад агро-экологийн мэдлэг олгох, экологийн сургагч багш бэлтгэх төсөл зэрэг арга хэмжээг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро-Экологийн сургууль, Монголын тариаланчид гурил үйлдвэрлэгчдийн холбоо, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран хэрэгжүүлэх юм.
Батлан хамгаалах салбар энэхүү төслийн хүрээнд 2030 он гэхэд нийт 27 сая мод тарьж, ургуулан ногоон орчинг бий болгох нь. Модыг нэг газраас огтолж нөгөө газарт тарих бус өөрсдөө ургуулж тарих нь чухал. Тиймдээ ч уг төслийн хүрээнд 2022 онд Улаанбаатар хот болон хангайн бүс, говийн бүсэд байрлах Зэвсэгт хүчний 9 ангийн байршилд долоон мод үржүүлгийн газар, хоёр мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төвийг байгуулахаар ажиллаж байна гэв.
Энэхүү сургалтын төвүүдийг байгуулснаар жилд нэг сая тарьц, суулгацыг бэлтгэхийн зэрэгцээ сургалт, судалгааны ажлыг явуулах боломжтой болно. Мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төв, мод үржүүлгийн газруудыг 2022 оноос 2024 он хүртэл үе шаттайгаар байгуулснаар 2024 оноос эхлэн жилд 9,504,000 ширхэг тарьц, суулгац бэлтгэж бусад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр нийлүүлэх аж.
Түүнчлэн салбарын сайдын хэлж буйгаар бие бүрэлдэхүүнийг Агроэкологийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг ХААИС-ийн Агро-Экологийн сургуультай хамтран анхан, ахисан болон сургагч багш бэлтгэх гэсэн 3 шаттайгаар зохион байгуулж байгаа юм байна.
Энэхүү төслийн хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа байгууллагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудаас суралцах хүсэл сонирхолтой алба хаагчдыг анхан, ахисан шатны сургалтад хамруулан, сургагч багш бэлтгэх шатанд сонгож сурган, мэргэжил олгож байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна гэлээ. Одоогоор анхан шатны сургалтад давхардсан тоогоор 23,400 хүн, ахисан шатны сургалтад 2,300 алба хаагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа алба хаагч нар хамрагджээ.
Сургагч бэлтгэх сургалтыг өнгөрөгч долоо хоногт Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро-Экологийн сургууль, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол дахь мод үржүүлгийн газрын материаллаг баазыг түшиглэн 7 хоногийн хугацаатай зохион байгуулсан төдийгүй сургалтад Батлан хамгаалах яамны харъяа 12 байгууллагын 18 алба хаагч, Зэвсэгт хүчний 43 нэгтгэл анги, 21 салбараас нийт 90 алба хаагч, салбарын ахмадуудаас 10, нийт 118 сургагч багшийг бэлтгэсэн байна.
Алба хаагчдад агро экологийн мэдлэг олгож сургагч багш нарыг бэлтгэснээр анги, байгууллагын алба хаагчдад олсон мэдлэгээ зааж, сургах, мод тарих, ногоон байгууламж байгуулах ач тусыг сурталчилан таниулах, алба хаагчдыг үндэсний хөдөлгөөнд уриалж, идэвх санаачлагыг өрнүүлж байгаа юм байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ