Манчестер Юнайтед клубын тоглогч Кристиано Роналдо шинэ төрсөн ихэр хүүхдийнхээ нэгийг алдсан харамсалтай явдлыг бид өмнө нь мэдээлсэн. Нялх хүү нас бараад 24 цаг ч болоогүй байхад Манчестер болон Ливерпүлийн тоглолт товлогдсон байсан. Тиймээс Роналдо уг тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Түүнд тохиолдсон эмгэнэлт явдлын дараа Юнайтед багийнхан ч бас Роналдог тоглолтод оролцохгүй гэдгийг баталлаа.
Клубын албан ёсны цахим хуудас дээр “Гэр бүл бүхнээс чухал. Энэ хүнд хэцүү үед Роналдо хайртай хүмүүсээ дэмжиж байгаа” гэж бичжээ. Мягмар гаригийн орой болох тоглолтондоо бэлдэхээр багийнхан нь цугларахад Роналдо ирээгүй гэв.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш олон тооны эмгэнэлийн зурвасууд хөвөрч байна. Португалийн шигшээ багийн ахлагчийн эгч Катиа Авейро, багийн гишүүд болох Маркус Рэшфорд, Дэвид де Хеа, Диого Далот, Алекс Теллес зэрэг хүмүүс эмгэнэлээ илэрхийлцгээжээ. Зөвхөн Манчестер Юнайтед багийнхнаар зогсохгүй хөлбөмбөгийн ертөнц тэр чигээрээ Роналдод сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн байна.
Эх сурвалж: DAILY MAIL