Зургаан жилийн өмнө, цөөнхийн бүлгийн гишүүн байхдаа Ц.Нямдорж манай сайтад ийм нэгэн ярилцлага /https://news.mn/r/732091/-ээс уншаарай/ өгч байв. Өдгөө тэрбээр Засгийн газрын гал тогоог базаж байна.
Төр, нийгмийн зүтгэлтэн асан С.Зоригийн төрсөн өдөр өчигдөр тохиов. МоАХ-г төлөөлж Д.Монголхүү цэцэг өргөснөөр өөрөөр С.Зоригт хүндэтгэл үзүүлэх хүн байсангүй. Хэрэв тэр амьд сэрүүн байсан бол 60 нас хүрэх байлаа, харамсалтай нь, 36-хан насандаа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан юм. Атал амьд гэрчтэй уг хэргийг үйлдэгч болон захиалагчийг Монголын хууль шүүх одоог хүртэл олж тогтоож чадсангүй. Олж тогтоосныг нь Ц.Нямдоржийн ихээхэн оролцоотойгоор яллаж, аллагыг үйлдсэн хэрэгт гурван шатны шүүхээс ял шийтгэл авсан хэрэгтнүүдийг батлан даалтад гаргачихсан билээ. Үүнээс хойш, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд авсан” тухай хэвлэлийнхэнд дуулгахдаа олны нүдэнд ил гарсныг эс тооцвол тэрбээр усанд хаясан чулуу мэт болсон. Улс төр ид бужигнаж байхад Ц.Нямдорж чимээгүй болно гэдэг бүр илүү аюултай гэсэн үг.
Ц.НЯМДОРЖИЙН АЙДАС!
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхээс ялласны дараа Ц.Нямдорж учиргүй сандарч эхэлсэн юм. Тэрбээр байсхийгээд л хэвлэлийн хурал зарлаж, Монгол Улсын хуулийн сайд биш С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэх хэрэгтнүүдийн өмгөөлөгч шиг ажиллаж ирсэн. Үүнээс болж Б.Хурцтай дайн зарлаж, түүнийг шоронд суулгаснаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн захиалагчийг илрүүлэх ажиллагаа бүр мөсөн замхарсан гэж хэлж болно. Товчхондоо, Ц.Нямдорж хуучин бууриа дөрөв дэхээ “эргэсэн”-ий дараа энэ үйл явдал өрнөсөн.
Б.Хурц нэгэнтээ “Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгаж ирсэн. Ямар санаа зорилготойг мэдэхгүй. Одоо тэр дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу С.Зоригийн хэргээр ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай заасан байдаг. Ц.Нямдорж гэгч хүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан. Ц.Нямдорж сайд болохоороо дандаа тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг” гэж байв. Магадгүй Б.Хурцын хардаж байсанчлан Ц.Нямдоржид “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг ингэж завхруулах, юу ч биш болгох, гурван шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх зайлшгүй нэг шалтаг, шалтгаан, улс төрийн сонирхол яах аргагүй байна”. Байгаа болоод л тэр С.Зоригийн амь насыг хөнөөсөн захиалагчийг зарлах нь бүү хэл хэргийг нь замхруулчихлах шүү дээ.
Ц.НЯМДОРЖИЙН ЗАРГА!
Ц.Нямдорж, Б.Хурц хоёрын хэн нь үнэнч, хэн нь худалч болохыг хэлэхэд хэцүү. Учир нь, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг өнөөдөр ч төрийн нууцаас гаргаагүй байгаа болохоор. Хэрэвзээ, С.Зоригийн сүнсийг чөлөөлье гэвэл У.Хүрэлсүх түүний амийг хөнөөсөн хэргийг бүхэлд нь төрийн нууцаас гаргах ёстой юм. Үнэндээ, Ц.Нямдорж бол уг хавтаст хэргүүдээс өөрт ашигтайгаа төрийн нууцаас гаргаж, өөрт ашиггүйгээ төрийн нууцад хав дараад үлдээчихсэн. Үүнийгээ их гоёор өмгөөлнө өө, бас.
Ямартай ч С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийг төрийн нууцаас гаргаж, Ц.Нямдорж, Б.Хурц хоёрын дунд өрнөсөн дайн экс тагнуулчийн ялагдлаар өндөрлөсөн юм. Гэхдээ энэ нь Ц.Нямдоржийн талд үнэн байсан гэсэн үг бүр биш. Магадгүй хэзээ нэгэн цагт түүх тэднийг гарцаагүй шүүнэ. Тэр үед нь худалч нь хэн болох нь тодорхой болох биз. Ц.Нямдорж яагаад хэрэгтнүүдийг суллах гээд улайраад байсан шалтгаан хүртэл.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх зургаан хоногийн бичлэг Ц.Нямдоржид улс төрд сайхан далим болсон. Ажлын хэсгийг ахалж байсан Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хэрэгтнүүдийг эрүүдэн шүүснийг мэдээгүй гэхээр энэ нь Ц.Нямдоржийн зохиол байсан юм биш байгаа гэх хардлагыг төрүүлдэг. Хуулийн салбарыг насаараа шахуу толгойлсон хүн тэр зэргийг “жүжиг” найруулахад ядах юмгүй л дээ. Ингээд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг замруулахын тулд тагнуулын байгууллагынхаа гүйцэтгэх ажиллагааны нууцыг хүртэл дэлгэчихсэн. Даанч, Ц.Нямдоржид Монголын хууль ямар үйлчлэх биш.
Ц.НЯМДОРЖИЙН ТАЙВШИРАЛ!
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим өнгөрсөн оны тавдугаар сард Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэрэгт прокурорын бичсэн дүгнэлтийг хаалттай хянан хэлэлцээд тэднийг батлан даалтад гаргаснаас хойш яг нэг жил болох гэж байна. Энэ хугацаанд С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэг бараг шахуу “хаагдаж”, Ц.Нямдорж айдгаа авдартай хийсэн хүн шиг “алга” болжээ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шоронд байхад Ц.Нямдорж өдөр бүр хэвлэлийн бага хурал хийж, шоронд хүртэл очиж эргэдэг байсан хүн шүү дээ. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банкийг тонож идсэн гэх том дуулиан дэгдчихээд байхад Ц.Нямдорж чимээгүй л сууж байна. Хүүхэд чимээгүй болчихоороо өмдөндөө хүндэрчихсэн байдаг гэдэг.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг Улсын дээд шүүх суллахдаа, прокурорт эрүүдэн шүүлгүйгээр энэ хэргийг нотлоод ир гэж явуулсан. Түүнээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэмт хэрэг хийгээгүй гэсэн шийдвэр шүүх гаргаагүй юм. Атал С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийн сэжигтэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэвлэлд ярилцлага өгсөн шигээ эрх чөлөөтэй явааг харвал Ц.Нямдоржийн хэлсэнчлэн үнэн ганцаардаж, шударга ёс өнчирч байна. Тэр тусмаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараас өөр хүн амины сэжигтнүүдийг Монголын хууль шүүхийнхэ ингэж дур зоргоор тавьж, энхрийлж “эрхлүүлэх” болов уу. Энэ бүгдийг бодохоррС.Зоригийн сүнсийг энэ ертөнцөөс чөлөөлөх хүн , Ц.Нямдорж л байна. Гэхдээ тэр Монголын төрөас зайлсан цагт.