Бизнесийнхэн хэзээ хэлд орох вэ?

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

Бизнесийнхэн хэзээ хэлд орох вэ?

Бизнесийнхэн хэзээ хэлд орох вэ?

Анхдугаар Үндсэн хуулиар ангийн дайснаа хар, шар феодал гэж тодорхойлсон монголчууд эхлээд тэдний өмчийг хурааж авчээ. Дараа нь харц ардаас хавьгүй илүү татвар ногдуулах болжээ. Өмчгүй, хөрөнгөгүй болсон язгууртан, лам хуваргууд ажил хийж амь зуух болсон ч авдаг цалин нь энгийн нэгнээр хэд дахин доогуур байв. Орлого нь амь зуулгандаа дөнгөн данган хүрч байсан ч ангийн дайснаар хийлгэх ажил Ардын засагт байх ёстой гэж үзээд ажил олгохоо больжээ. Ажилгүй, өмчгүй болсон иргэд татвараа төлж чадахгүйд хүрсэн бөгөөд энэ нь барьж хорих шалтаг болов. Ийнхүү их хэдмэгдүүлэлт эхэлжээ. Тэднийг Онц бүрэн эрхэт Онцгой комисс гэгчийг байгуулж байгаад шүүхгүйгээр цаазлах шийдвэр гаргасан архив хадгалагдаж байна. Тэднийг цагаатгах ажил одоо хэр нь үргэлжилсэн хэвээр.

Өнөөдөр ч эл байдал өөрчлөгдсөн үү гэдэг эргэлзээ төрүүлнэ. Төр хувийн хэвшлийн өмчийг шүүх хурал хийлгүйгээр шууд булаадаг болов. Хувийн уурхай руу тусгай ажиллагаа явуулснаар эхэлсэн балмад явдал “Хөтөлийн цемент шохой” ХК-аар үргэлжилж байна.

Цагдаагийн тусламжтайгаар удирдлагыг нь гартаа авсан Засгийн газар барьцаа ахиулан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтын 15 дугаар хэсэгт дурдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай холбогдолтой заалтыг бүхэлд нь хүчингүй болголоо. Энэ болгонд шүүх хуралдаан болоогүйгээр билээ.

Үйл явдал Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаагаар баривчлах шийдвэрийг шүүх гаргаснаар үргэлжилж байна.

Тэрбээр  баригдахаасаа өмнө  “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож “Төр шууд хурааж авсан нь лавтай зөв зүйл биш. Ямар цаг үед амьдарч байгаа билээ. Үндэсний үйлдвэрлэгч түмэн бэрхшээлийн дунд явж байгаа. Төслийн үйл ажиллагаа доголдсон нь шалтгаантай л байж таарна” гэдгийг дурдаад  “Хууль шүүхтэй орон байна, дундын хувилбар гарах байх гэж бодож байна” гэж сануулсан юм.

Түүний ярилцлагаас ““Эрдэнэт”-ийн 49 хувь дээр, одоо л хийж чадахгүй бол дараа нь хийж чадахгүй юм шиг санагдсан. Залуусыг зөв зүйл хийсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар газар очиж буйгаа мэдээгүй байх. Авлига ханхалсан том агуулах руу очсон, үүнийхээ хариуцлагыг хүлээсэн” гэсэн нь энэ бүх маргааны ард юу яваад байгааг хэлээд өгөх шиг. Төрийн албан тушаалтнуудад авлига өгдөг тухайгаа ч нуусангүй. “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авах гэж улаарсны  шалтгаан нь улс орны эрх ашиг гэхээсээ илүүтэй улстөрчдийн шахааны бизнес зогсоод байсантай холбон тайлбарлавал илүү үнэнд нийцнэ.

Улстөрчид эхлээд харлуулж, адгийн шаар болгон нийгмийн сэтгэл зүйг дасгаад араас нь хэрэг үүрүүлдэг муухай технологи Монголд хэрэгжээд удсан бөгөөд бодит гэрч нар нь ял авсан Ерөнхий сайд нар байв.

Тэднийг барьж байхад амиа хоохойлон байсан улстөрчид хожмын өдөр өөр дээр нь ирэхгүй юм шиг улаарч байна.  Үйлдвэрчний эвлэлийнхнийг барихад би дуугараагүй. Хөршийг маань барихад ч би дуугараагүй. Дараа нь намайг барихаар ирэхэд дуугарах хэн ч байхгүй байлаа гэдэг шиг л үйл явдал өрнөж байна. Хамгийн гол нь шүүхээр буруу нь тогтоогоогүй байхад төр дээрэм хийдэг болчихлоо. Монголын залууст амьдралын баталгаа олгосон ипотекийн зээлийг ч элдэвээр хэлж, харлуулаад буйн цаад шалтгаан нь Д.Эрдэнэбилэг гэгч нөхрийг барих байсан нь ил болчихлоо. Энэ бүхнээр Хөгжлийн банкны хулгайгаа дарах Ардын намын барбаросса ажиллагаа амжилттай үргэлжилж байна.

Монголын бизнесийнхнийн бэртэгчин зан энэ бүхнийг дэвэргээд байх шиг. Дуугүй байлаа гээд бүтэж үхэхгүй гэсэн маягтай өөрийг нь л дээрэмдээгүй бол бусад нь болоо гэсэн хандлага нэгэн цагт өөрсдөд нь ирэхгүй юм шиг сэрүүн зүүдэлж суугаа ч үнэндээ дараагийнх нь хэн болох вэ гэдэг нь ч тодорхой болчих шиг боллоо.

Дараагийн дайралт хэн бэ гэдэг ч тодорхой болоод байхад хэн ч дуугарахгүй байгаа нь хамгийн том асуудал болчихлоо. Худалдаа, хөгжлийн банкны араас хэн орох вэ гэдгийг Хөгжлийн банкны үйл явц харуулснаас гадна сүүлийн үед архидалт Монголын хамгийн том асуудал болсон гэж яриад буй улстөрчид хэнийг онилсон нь тодорхой. Улс төрийн том хамгаалалт үзүүлж байсан улстөрч нь үгүй болсон болохоор эхлээд нийгмийн сэтгэл зүйг архидалт руу чиглүүлж, түүнээс болж гэр бүл салалт, өнчрөл, хүчирхийлэл гаарч буйд итгүүлээд эцэст нь архи үйлдвэрлэгч рүү дайрах нь дамжиггүй.

Гэтэл бодит байдал дээр асуудал архинд биш ажилгүйдэл, орлогогүйтэй холбоотой төдийгүй архинаас илүүтэй хар тамхи, мансууруулах бодис Монголын хамгийн том аюул болчихсон байхад түүнийг ярихгүй байгаа нь эмгэнэлтэй.

Монгол ардчиллын ололтоосоо аажмаар ухарч байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгодог парламентын засаглал руу явахгүй бол нэг нам дангаар төрд гарснаар ямар ч хяналтгүй болж, бүгдийг хүчээр шийддэг дарангуйллын тогтолцоо тууштай явж байна. Нэгэнт ийм аргыг сонгож буй болохоор ар араас нь нэг нэгээр нь хувийн бизнес рүү төр дайрна, дээрэм хийнэ. Улстөрчдийн бизнесийг татвар, төсвийн мөнгөөр дэмжинэ, угжина. Харин шударга бизнесийг дээрэмдэнэ, дампууруулна.

Үүнийг эсрэг нэгдэн нийлж, дуу хоолойгоо хүргэхийн оронд бизнесийнхэн амаа хамхисаар байгаа нь үхлээ хүлээн суух өвгөнөөс ч өрөвдөлтэй ажээ.

Монголын бизнесийнхэн хэзээ хэлд орох вэ? Нэг нэгээрээ залгиулсаар байх юм уу? Авлигаар ажлаа амжуулсаар амиа алдацгаах юм уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж