Авлигатай тэмцэх газраас төрийн өмчит үйлдвэрийн удирдах албан тушаалтан хахууль авч, дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр Лондонд хаус авсан хэргийг илрүүлсэн талаар мэдээлсэн. Гэвч хэн гэдэг албан тушаалтан байсан талаар ил тод, нээлттэй мэдээлээгүй.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:
-Авлигатай тэмцэх газраас төрийн өмчит үйлдвэрийн удирдах албан тушаалтан их хэмжээний хахууль авч, дөрвөн тэрбум төгрөгөөр улсыг хохироосон учраас гадаадад байгаа хөрөнгийг нь хураасан талаар мэдээлсэн. Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд албан тушаалтны нэрийг ил болсон байх. Тухайн албан тушаалд ажиллаж байхдаа оффшор бүсээр дамжуулан их хэмжээ мөнгө угаасныг тогтоосон. Нийт 110 ам метр талбайтай, дөрвөн өрөө байр байсныг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж байгаа. Нөхөн төлүүлэхийн тулд мөрдөн байгууллага улс хоорондын эрх зүйн харилцан туслалцаа авч, ажилласан.
Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр бусдаас их хэмжээний хахуулийг оффшор бүсээр дамжуулан авч, Лондон хотын төвд дөрвөн өрөө байр болгон мөнгө угаасан гэмт үйлдлийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар хэлэлцэж шүүгдэгчид ял оногдуулсан байна.
Тодруулбал, шүүх хоёрдугаар сарын 22-нд “Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан З.Ганбаатар болон тус үйлдвэрийн техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дэлгэрбат нарт ял оноожээ.
Шүүх хуралдаанаар, З.Ганбаатарт зургаан сарын хугацаанд Улаанбаатараас гарах эрхийг хориглож, 20 мянган нэгжтэй тэнцэх дүнгээр торгох ял оноосон байна. Харин Л.Дэлгэрбат нь 11 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний дүнгээр торгуулах, зургаан сарын хугацаанд Орхон аймгаас гарах эрхээ хязгаарлуулсан байна.
ОХУ-ын компаниас 3.4 сая ам долларын хахууль авсан З.Ганбаатар Лондонд 110 ам метр талбайтай дөрвөн орон сууц авсан хэрэгт холбогдсон. Харин Л.Дэлгэрбатын хувьд Хонконгийн “NSBC” банк дахь данс руу 2010-2012 оны хооронд нийт 3.4 сая орчим ам.доллар шилжүүлэн хахууль авсан нь тогтоогджээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ