Ардчилсан намаас /АН/ өнөөдөр /2022.04.21/ Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, УИХ-аас баталсан Төсвийн тодотголын асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын дэд дарга Ч.ОТГОЧУЛУУ:
-Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сэхээний орон дээр хэвтэж байна. Эрүүл эдийн засагтай улс оронд ажилгүйдэл 0-5 хувийн хооронд, инфляци хоёр хувь, ядуурал тэг хувь байх ёстой. Монгол Улсын хувьд сүүлийн арван жилийн хугацаанд эдийн засаг 12 тэрбум ам.доллар дээр хий эргээд гацсан.
Ажилгүйдлийг Засгийн газраас найман хувьтай гэж мэдэгдсэн ч хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 50 хувь нь ажилгүй байна. Өөрөөр хэлбэл, хоёр эмэгтэй тутмын нэг нь ажилгүй гэсэн үг. Засгийн газар ядуурлыг 30 хувь, инфляцийг 14 хувьтай гэж үзсэн. Гэтэл зөвхөн талхны үнэ гэхэд нэгхэн жилийн дотор 63 хувиар, шатахууны үнэ 70 хувиар өсчээ. Бидний хамгийн их хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ 70 хувиар өсчхөөд байхад бодит инфляци 14 хувьтай байна гэдэгт итгэхгүй байна.
Ингээд харахад Монгол Улсын эдийн засаг халуурч, өвчилсөн байна. 2020 онд эдийн засаг таван хувиар агшсан. 2021 онд ердөө нэгхэн хувиар өссөн. Жил бүр 100 мянган оюутан, залуус хөдөлмөрийн зах зээл рүү ордог. Тэдний амьдралд хүрэлцээтэй цалин, ажлын байр бий болгох боломжгүй болсон. Монголын эдийн засгийг нууртай зүйрэлвэл хатаж ширгэхэд ойрхон болжээ. Дор хаяж 20-30 жил ажилгүйдэл, ядууралтай явах нь.
УИХ Үнэ тогтворжуулах хуулийн төслийг баталсан. Үүгээр том гажуудалтай зүйл хийсэн байна. Тэр нь Монголбанкыг Засгийн газрын агентлаг шиг ажилладаг байлгахаар хуульчилжээ. Засгийн газар, шүүх хоёр нэг хүн мэт ажиллаад эхэлбэл дарангуйлал тогтоно. Учир нь Засгийн газар дахин сонгогдохын тулд улс төр хийж, шийдвэрийг нь шүүх дагана. Үүнтэй адил Төв банк хараат бус, бие даасан байх ёстой.
Төсвийн тодотголыг харахад хүн бараг явдаггүй аймгийн сумд руу хэдэн зуун тэрбум төгрөгөөр зам барих нь хэвээрээ байна лээ. Гэтэл Дарханы замыг ашиглалтад оруулж чадахгүй хэдэн жил болж байна вэ? Дарханы зам бол стратегийн өндөр ач холбогдолтой зам учраас хурдхан ашиглалтад оруулах ёстой. Тэгж байж газар тариалангийн бүс нутаг болох Булган, Сэлэнгээс үр тариагаа хямдхан авна.
Төсвийн тодотгол дээр гадаад өрийг өсгөхөөр тусгажээ. Эрүүл эдийн засагтай улсад Засгийн газрын гадаад өр нь эдийн засгийнхаа 20 хувиас хэтрэхгүй гэж үздэг. Монгол шиг хөгжиж буй оронд гадаад өр нь 40 хувиас дээш хэтрэхгүй бол сайн гэж үздэг. Гэтэл төсвийн тодотголоор гадаад өрийг 60 хувь болгож өсгөжээ.
Гадаад өрөөр улс орны эдийн засгаа сэргээсэн улс нэг ч байхгүй шүү. Харин ч экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой.
Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг сая төгрөгийн цалинтай иргэдэд буцааж өгөх шийдвэр гаргасан. Гэтэл дээрх шийдвэр нь чөтгөрийн тойргийг өдөөчихлөө. Бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Дараа нь цалингийн хэмжээг бага зэргээр өсгөлөө гэхэд ахиад л хүнс, барааны үнэ өснө. МАН татвар төлөгчдийн мөнгөөр асар их хэмжээний тархи угаалт явуулж байна. Түр хугацаанд аргалж болох ч урт хугацаандаа Монголын эдийн засгийн ирээдүйг мөхөөнө шүү. Тиймээс гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй.
Хэрэв учраа олохгүй байгаа бол АН-ын үе, үеийн лидерүүдийг урьж ажиллуулах хэрэгтэй. М.Энхсайхан, Да.Ганболд, С.Баярцогт нар байна.