Их-20 /G20/ бүлгийн удирдагчдын чуулга уулзалт өчигдөр /2022.04.20/ АНУ-ын Вашингтон хотноо боллоо. Уг чуулганд ОХУ-ын төлөөлөгчид оролцсон. Гэвч хэд хэдэн орны удирдагч Оросын төлөөлөгчдөд эсэргүүцэл илэрхийлж, хурлыг орхин гарсан байна.
Тухайлбал, Канадын сангийн сайд Кристиа Фриланд хуралдааныг орхиж гарсан ба твиттер хуудсандаа Орос улс энэ уулзалтад оролцох ёсгүй гэж жиргэсэн. Тэрбээр Орос улс дэлхийн эдийн засагт ноцтой аюул учруулж байна гэжээ.
Мөн АНУ-ын сангийн сайд Жанет Йеллен хурлыг орхин гарсан гэж хоёр эх сурвалж мэдээлэв. Түүнтэй Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл, Английн банкны ерөнхийлөгч Эндрю Бэйли, Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард нар нэгджээ. Вашингтоноос олон тэрбумын нэмэлт санхүүжилт хүсч байгаа Украины албаны хүмүүс ч мөн хурлыг орхин гарсан гэж эх сурвалж хэллээ.
“G20”-ийн чуулга уулзалтад ОХУ-ын сангийн дэд сайд Тимур Максимов биечлэн оролцсон бол сангийн сайд Антон Силуанов, Төв банкны ерөнхийлөгч нар цахимаар оролцжээ. ОХУ-ын сангийн яам хурлын дараа гаргасан мэдэгдэлдээ үүссэн нөхцөл байдлын талаар дурдаагүй байна.
Хурлыг даргалсан Индонезийн сангийн сайд Шри Муляни Индравати урьд өмнө байгаагүй сорилттой тулгарч байгааг хүлээн зөвшөөрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж буй салхины эсрэг хамтран ажиллахыг бусад орнуудад уриаллаа. Барууны хориг арга хэмжээнд нэгдээгүй орнуудад Индонез, Хятад, Энэтхэг, Өмнөд Африк багтана.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ