18 хувийн хүүнд дарлуулсан ч хөшиж царцаагүй хөгжлийн төсөл

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

18 хувийн хүүнд дарлуулсан ч хөшиж царцаагүй хөгжлийн төсөл

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар 159.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ бол нийт зээлийн эргэн төлөлтийн дүн юм. Энэ дүнд олон чанаргүй гэх ангилалд орсон зээлдэгчдээс гадна цаг тухайд нь графикийн дагуу зээлээ төлдөг хэвийн зээлдэг нарын эргэн төлөлт ч багтсан.

Хөгжийн банкны холбоотой мэдээлэл цацагдаж эхлэхэд зээлдэгчдийг хэвийн, эрсдэлтэй, чанаргүй гэж ангилж ялгасныг олон нийт төдийлөн анзаараагүй. Тус банкнаас зээл авсан бүх аж ахуйн нэгжийг зээлээ эргэн төлөхгүй байгаа, зориулалтын бусаад зарцуулсан мэтээр ташаа ойлгох явдал ч байгаа. Өөрөөр хэлбэл зээл авсан л бол “хадны мангаа” болгоод хувирчихсан.

Тэгвэл Хөгжлийн банкны зээлдэгчдийн нэг болох “Вестерн Холд” компанийн “Ховд эко цемент” төсөл нийгмийн тэр дундаа баруун бүс нутгийн хэрэгцээ шаардлага, төрийн бодлогоор хэрхэн хэрэгжиж буйг танилцуулж байна.

Энэхүү төслийг төрийн бодлогоор хэмээн тодорхойлсны учир нь сүүлийн 12 жилийн турш УИХ, Засгийн газраас “Ховд эко цемент”-ийг бодит ажил болгохоор дэмжиж иржээ. Бодлогын баримт бичгүүдээс дурдвал:

  • 2012 онд Засгийн газрын 171 дүгээр тогтоолд цементийн үйлдвэрийг төв, баруун, зүүн, говийн бүсэд байгуулах тухай тусгасан.
  • Засгийн газрын 2015 оны 335 дугаар тогтоолд баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Буянт сумын нутагт “Вестерн Холд” ХХК-ийн 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр барьж ашиглалтад оруулахыг дэмжих тухай тусгасан.
  • Мөн 2016 онд Эдийн засгийн сэргээх хөтөлбөрт Импортыг орлох барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, баруун бүсэд бага оврын цементийн үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай заасан.
  • 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Ховд аймагт дотоодын хэрэгцээг хангах цементийн үйлдвэрийг байгуулах тухай заажээ.
  • 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт барилгын үйлдвэрлэлд хэрэглэж цемент, арматур зэргийг дотооддоо үйлдвэрлэх замаар импортыг бууруулах тухай асуудлыг тусгасан байна.

Дээрх бичиг баримтууд дахь зорилтуудтай яв цав нийцсэн “Ховд Эко цемент”-ийн үйлдвэр нь баруун бүсийг цементээр хангах, цаашлаад бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлох зорилготой. Тус үйлдвэр Ховд аймгийн төвөөс 18 км, Буянт сумаас 15 км-ийн зайд байрлаж буй. Үйлдвэрийн барилгын ажил дуусч байгаа бөгөөд одоо тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна.

Уг төслийн барьцаа хөрөнгөний үнэлгээг сонирхвол 2021 оны байдлаар барьцаа хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нь 161.3 тэрбум төгрөг байгаа юм байна.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 70 сая ам.доллар буюу 200 гаруй тэрбум төгрөг бөгөөд үүний 28.2 сая ам.долларыг Монгол Улсын Хөгжлийн банкны зээлээр, 41.8 сая ам.долларыг хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл нийт хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг аж ахуй нэгж нуруундаа үүрч баруун бүсийн хөгжлийн төслийг эхлүүлжээ.

Хөгжлийн банкны 28 сая ам.долларын зээл нь бусад арилжааны банкуудтай ижил буюу өнөөдрийн төгрөгийн ханшаар дүйцүүлбэл зээлийн хүү нь 18 хувийн хүүтэй тэнцүү байгаа юм. Ийнхүү үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх Хөгжлийн банкны зээл олгох бүхий л шалгуурыг бүрэн хангасан хөгжлийн төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж, зээлийн эргэн төлөлт хэвийн, санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулж байгааг Хөгжлийн банкнаас албан ёсоор мэдэгдсэн билээ.

2019 онд үйлдвэрийн барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн ковидын цар тахал дэгдэж, хил гааль хаагдаж, хөл хорио тогтоосноос төлөвлөж байсан бүх тооцоо алдагджээ. Гэсэн ч хүнд хэцүү нөхцөлд хоёр жилийн турш татан авалтаа тасалдуулахгүй 90 гаруй хувьтай хийж чаджээ. “Ховд эко цемент” төсөл хэрэгжсэнээр барилгын суурь материал болох цементийн үнийг төвийн бүстэй адил болгон бууруулна. Өнөөдөр баруун бүсэд 1 тн цементийн үнэ 500 мянган төгрөгт хүрч тээврийн зардлаас үүдэлтэй үнийн галзуурал үүсч буй асуудлыг хазаарлаж цементийн үнийг 2 дахин бууруулна. Ховд аймагт 250 шинэ ажлын байр бий болох бөгөөд шууд болон шууд бусаар орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж 3000 орчим малчин болон иргэний орлогыг нэмэгдүүлэх аж. Нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэр байгуулагдаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, алслагдсан бүс нутгийг хөгжүүлэх АЛСЫН ХАРАА-2050-ын бодлого биеллээ олох юм. Цаашлаад зам, гүүр, барилгын материалын үйлдвэрлэл гээд, бусад бүтээн байгуулалтыг дэмжиж, тэдгээрийн өртөг зардлыг бууруулах үндсэн хөшүүрэг болно. Орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимжүүлж,баруун бүсэд барилга орон сууцны үнэ хямдран, орон нутагт утаа бууруулж, яндан цөөлөх нь дамжиггүй. Үүнийг дагаад үндэсний инженер техникийн ажилтнуудаа сургах, бэлтгэх үйлдвэрлэлийн талбар болно. Эх орныхоо баруун бүсийн хэрэгцээг хангаад зогсохгүй экспортын орлогыг нэмэгдүүлж ОХУ-д цемент гаргах шинэ боломж нээгдэх зэргээр эерэг, өөдрөг зорилт, зорилтууд хэрэгжих юм.

Өнгөрсөн сард Хөгжлийн банкны асуудлаар болсон Нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банк Монгол банк болон хуулийн байгууллагаас тус зээлийг хэвийн төлөлттэй, хөгжлийн банкны хуулийн дагуу мөн тавьсан бүхий л шалгуурыг хангаж буй гарын арван хуруунд багтах төсөл гэж тайлагнасан. Хөгжлийн банкны асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулах үеэр УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр "Ховд аймагт хэрэгжиж буй Баруун бүсийг хямд чанартай цементээр хангахаар баригдаж буй төсөлтэй ажлын хэсгээс холбогдох хүмүүс очиж шалгалт хийсэн. Зориулалтын дагуу, хэвийн төлөлттэй хэрэгжиж байгаа хөгжлийн төсөл" гэж хэлэлцүүлгийн эхэнд онцолж байсан юм.

Өнөөдөр Ховд эко цемент төслийн бүтээн байгуулалтын хувьд барилга угсралтын ажил 95 хувь, тоног төхөөрөмжийн угсралт 35 хувьд хүрч, нийт дүнгээрээ төслийн явц 75 хувьд хүрч энэ 2022 ондоо багтаан бүрэн ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна. Хэрвээ хөгжлийн энэ том төсөл арилжааны банкных шиг хэт өндөр хүүтэй долларын зээлдээ дарлуулаагүйсэн бол, зарим нэг төсөл шиг бага хүүтэй төгрөгийн зээлийн санхүүжилтээр дэмнүүлсэн бол, төр түмнийг нэлэнхүйд нь нэрвэсэн цар тахлын нөхцөл байдал сөргөөр нөлөөлөөгүй бол үүнээс ч өмнө ашиглалтад орох боломжтой байсан нь тодорхой. Төр хөгжлийн төслүүдээ алагчилж, хүүгийн зөрүүгээр ялгаварлаж болохгүй гэдгийг энд сануулах нь зөв байх. Тиймээс ч улс орны хөгжил дэвшил, алслагдсан баруун бүсийн хүн зоны амьдралд эерэг нөлөө үзүүлэх ийм хөгжлийн төслөө УИХ, Засгийн газар анхаарч, дэмжин төр нь хувийн хэвшилтэйгээ түншилж, хамтарч ажиллана гэдэгт эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүхэн санал нэгдэх байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж