"Казино байгуулснаар эдийн засагт багагүй дэмжлэг болно"

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

"Казино байгуулснаар эдийн засагт багагүй дэмжлэг болно"

"Казино байгуулснаар эдийн засагт багагүй дэмжлэг болно"

Цаг үеийн асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.


Шивээхүрэн хилийн боомтыг энэ сардаа багтаан нээхээр болсон гэсэн. Хятадын талаас бидэнд ямар шаардлага тавьж байна. Экспорт, импортын урсгалаа сайжруулах арга байна уу?

-Өнгөрсөн долоо хоногт нийтдээ дөрвөн боомтоор ажиллаад ирлээ. Хамгийн түрүүнд Шивээхүрэн боомтод очсон. Өнгөрсөн оны аравдугаар сарын 6-аас эхлэн БНХАУ-ын талаас боомтын үйл ажиллагааг зогсоосон байсан.  Шивээхүрэнгийн боомтын хувьд их онцлогтой. Аж ахуйн нэгжүүд хилийн боомтын орчим олборлолтоо хийдэг. Дөрвөөс таван аж ахуйн нэгжийн гадаа экспортлоход бэлэн болсон 6,8 сая тонн нүүрс байна.

БНХАУ-ын тал буюу ӨМӨЗО-ны боомтын зөвлөлийнхөн Сэхээ боомт дээр очиж өчигдрөөс очиж ажиллаж байгаа. Ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж, барилга байгууламжийн ажлаа хүлээлцэж авах байх. Манай хэллэгээр бол улсын комисс нь хүлээн авна гэсэн үг юм. Уг комисс хүлээж авах ажил дуусмагц энэ сардаа багтаж Шивээхүрэн, Сэхээ боомтын үйл ажиллагааг эхлүүлэхээр ярилцлаа.

Монгол талаас халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиулах шаардлагатай. Иймд Шивээхүрэн боомт дээр хийгдэж буй PCR оношлогооний хоёр лабораторийг ашиглалтад оруулж байна. Мөн хилийн 0 цэг дээрээс чингэлэг тээврийг солилцож, нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг эхлүүлэх. Дараагаас үйл ажиллагаа жигдрэх үед задгай тээврийг явуулахаар Хятадын талтай тохирсон.

-Гашуунсухайтын боомт дээр хэр их нүүрс овоорсон байгаа. Ойрын хугацаанд хэдэн хувийн борлуулах боломж байгаа вэ?

-Гашуунсухайтын боомтын гаалийн хяналтын бүс буюу нүүрс ачих, буулгах идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 28 талбайд 4,6 сая тонн нүүрсний овоолго байна. Үүний 50 хувийг экспортолсон тохиолдолд шинэ борлуулалт хийх талаар худалдан авагч талтай тохиролцсон.

БНХАУ-ын талаас халдвар хамгааллын дэглэмээ чанд сахь гэдгийг онцгойлон хэлж байгаа. Бид боомт дээрх халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, боомтоор нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоог дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 40 автомашинаар нэмэгдүүлж 280 болгосон.

-Боомтын ойр орчим амьдардаг малчдын хувьд бэлчээргүй, улаан шороон дунд амьдарч байгаа гэх юм билээ. Тэдэнтэй уулзав уу, яагаад боомтын гарцаа нээхийг эсэргүүцээд байгаа юм бол?

-Өмнөговь аймгийн Цагаандэл-Уул боомтын орчимд ажиллаж амьдарч байгаа иргэдтэй уулзаж ярилцлаа. Иргэдийн хувьд боомтын үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа хэлсэн. Малчдад хоёр асуудал тулгарч байв.

Нэгдүгээрт, боомтын барилга байгууламжийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монголын “Үлэмж” гэх компани гүйцэтгэхээр санхүүжилт болон зураг төслөө батлуулаад ажиллаж байгаа юм. “Тавантолгойн” бүлэг ордын баруун Нарангаас 280 км орчим засмал зам тавьж, Цагаандэл боомт руу холбон, барьж ашиглаж эзэмших нөхцөлтэй концессийн гэрээгээр “Өсөх зоос”, “Ундрах говь” гэх хоёр компани шалгарсан юм билээ. Надтай уулзсан 300 орчим иргэн тухайн замыг тавиулахгүй гэж эсэргүүцлээ илэрхийлж байсан. Тэд  Өмнөговь аймгийн хоёр ч том боомт эдийн засгийн үр өгөөжөө өгсөн үү, үгүй юу гээд олон асуудал ярьж байна лээ.

Малчдын хувьд уул уурхай ашигтай гэж ойлгож ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл үр өгөөжөө бидэнд өгөхгүй байна аа гэдгийг ярьсан. Тэгэхээр цаашид ашигт малтмалын нөөц ашигласаны татварыг суманд нь, багт нь эсвэл аймагт нь үлдээхэд анхаарч, эрх зүйн орчныг нь бүрүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, манай малчид маш их уул уурхайн талын мэдлэгтэй болж. Стратегийн орд биш бол цаашид бид нар газар нутгаа ашиглуулах хэрэг байна уу гэх санал, шүүмжлэл гарч байсан.

-Цар тахал, дайн байлдаанаас болж Монгол Улсын экспорт, импорт хүндэрсэн. Нэн ялангуяа урд хөрш үүд, хаалгаа нээхгүй байгаагаас болж бараа таваарын хомсдол нүүрлэж, үнэ өсч, эдийн засагч хямарч байна. Тэгэхээр нээхээр төлөвлөж, ярилцаж байгаа дараагийн боомт аль вэ?

-БНХАУ-ын тал Бургастайн боомтыг ирэх тавдугаар сард багтаан нээх саналыг ирүүлсэн. Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-д суугаа  Элчин сайд Т.Бадрал, Хятадын Гадаад харилцааны яамны Хил, далайн боомтын асуудал эрхэлсэн газрын дарга Хунтай Бээжинд уулзсан. Уг уулзалтаар Шивээхүрэний боомтыг нээсний дараа Бургастай, Бичигт, Хавиргын боомтуудыг шат дараатай нээхээр тохирсон. Гол нь Монголын талаас халдвар хамгааллын дэглэмээ сайтар хангаж өгөхийг Хятад улсын зүгээс шаардаж байгаа.

-Таныг нисдэг тэрэгтэй томилолтод явсан гэх шүүмжлэл гараад байна. Эдийн засгийн хямралын үед төр хэмнэлтийн горимыг өөрөөсөө эхлүүлэхээр болсон. Гэтэл та эсрэгээр нь нисдэг тэрэг унаж “тансаглах” нь зөв үү?

-Улаанбаатараас Шивээхүрэн-Цагаандэл боомт хүртэл автомашинаар явсан. Харин Жанжин баг дээр орой уулзалттай байсан учир цагтаа амжихын тулд 500-600 км шороон замыг жижиг нисдэг тэргээр туулсан нь үнэн. Цагаандэл боомтоос Хүрмэн сумын Жанжин баг хүртэл нисдэг тэргээр зорчсон. Тухай.н нисдэг тэрэг нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн аваар ослын үед дууддаг, гэрээт онгоц юм.

Ер нь цаашид хөдөө орон нутаг руу явах холын томилолтод Засгийн газар шатахуун бага зарцуулдаг жижиг оврын нисдэг тэрэг эсвэл онгоцны аль нэгийг ашиглах нь зүйтэй.  Энэ нь хугацаа хэмнэхээс гадна мөнгө бага зарцуулна. Мөн Хэмнэлтийн тухай хуульд энэ талаар тусгаж өгч байгаа. Яагаад гэвэл томилолтод маш олон машины цуваа явах нь зардал ихтэй, хугацаа алддаг. Ний нуулгүй хэлэхэд олон машин цуваа үүсгээд явдгийн надаар хэлүүлэх юун. Тэрийг би буруу гэж боддог.

-Монгол Улсад мөрийтэй тоглоом тоглох нь өөрөө гэмт хэрэгт тооцогддог.Гэтэл Казино байгуулах тухай хуулийн төслийг УИХд өргөн барина гэлээ. Энэ нь ямар учиртай вэ?

-2018 оноос хойш энэ хууль дээр гишүүн байхаасаа ажиллаж байгаа. Монгол Улсад байгуулах казино нь хамгийн их татвар төлдөг, бодит орлогыг бий болгодог, либеральчилсан байх юм. Тэнд монгол иргэд оруулахгүй талаар хуулийн төсөлд суулгаж өгсөн. Казиног дагасан том бүтээн байгуулалт хийнэ.

Хоёрдугаарт, Морин бооцоот уралдааны тухай хуулийг боловсруулж байна. Байгаль орчны яамны ажлын хэсэгтэй хамтарч судалгаа хийсэн. Гадаадын 5-6 орноор очиж уулзаж танилцаж, тухайн чиглэлийн хуулиудыг судлаж үзсэн. Монголд хамгийн ойрхон нь Хонконг загвар юм билээ. Тэр нь ашгийн төлөө бус, нийтийн эрх зүйн субьект гэх утгаар нь хэрэгжүүлж ирсэн.

Манай яамны зүгээс  Захиргааны ерөнхий хууль болон бусад хуультай нийцүүлэх зэрэг ажлуудаа хийгээд дуусч байна. УИХ өргөн барих гэж байгаа хуулийн төслийн гол зорилго нь дэлхийн нийтийн сонгодог морин уралдааны загварыг бий болгох. Учир нь Монгол Улсын иргэд урин дулааны цагт долоо хоногт гурван удаа морин тойруулгын газарт бооцоот уралдаанд оролцож, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж яагаад болохгүй гэж. Үүнийг мөрийтэй тоглоом гэхээсээ өв соёл талаас нь харах нь зөв. Үүнээс гадна улсын баяр наадамд өндрөөрөө хасагдсан морьдыг энэ бооцоот морин тойруулгын уралдаанд оролцуулах талаас нь бүх боломж нөхцлийг хангаж  өгөхийг зорьсон. Хонконг улсад нийт бооцооны орлогын бараг 70 хувийг улсын төсөвт татан төвлөрүүлдэг юм байна. Мэдээж  Хонконг, Монгол хоёрын зах зээл харилцан адилгүй. Гэхдээ нийтийн эрх зүйн субьектийг бий болгоно.

Нөгөөтэйгүүр төлбөр таавар тоглоомын хуулийг залуучууд BET тавих гэж яриад байгаа. Сүүлийн үед ОХУ-д үйл ажиллагаагаа явуулдаг, манайд хориглосон сайтуудад нэвтэрч орох үзэгдэл нэмэгдэж байна. Үүгээрээ их хэмжээний валют гадагшилж байгаа. Тиймээс үүнийг таслан зогсоохын тулд спортын хороод тэмцээн уралдааныхаа хонжворыг BET байдлаар тавиулдаг эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ингэснээр гадагшаа урсах төгрөг, дотооддоо үлдэнэ ээ гэж ойлгож болно. Ийм учраас уг гурван хуулийн төсөл дээр ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж