НЭМЭЛТ:
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаагаар баривчлах шийдвэрийг шүүх гаргажээ.
Тодруулбал, Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Авлигатай тэмцэх газраас /АТГ/ энэ сарын 19-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан байцаалт мэдүүлэг авсан талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, АТГ-ын мөрдөгчид Д.Эрдэнэбилэгийн Хан-Уул дүүрэгт байрлах гэрт болон Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтууд хураан авсан.
Тэгвэл өчигдөр /2022.04.20/ Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналаа прокуророос шүүхэд хүргүүлжээ. Улмаар түүнийг цагдан хорих эсэхийг өнөөдөр 09:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд шийдэх тов гарчээ.
Шүүхээс гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
Холбоотой мэдээ