Г.Батцэнгэлийн том амлалт ба 2 тамга эвлэв

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

Г.Батцэнгэлийн том амлалт ба 2 тамга эвлэв

Г.Батцэнгэлийн том амлалт ба 2 тамга эвлэв

Монголын сагсан бөмбөгчид, хөгжөөн дэмжигчид, зүтгэлтнүүдийн удаан хүсэн хүлээсэн үйл явдал өчигдөр/2022.04.20/ тохиолоо. FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын удирддаг холбоо ээлжит бус хурлыг зарлаж, талцсан, хуваагдсан холбоодын төлөөлөл, тамирчид, албаныхан нэгэн дээвэр дор цуглав. Энэ удаагийн хурлыг “өндөрлөг” хурал гэж тодотгосон бөгөөд Монголын олонх өндөр хүмүүс энд цугласан утгаар ингэж нэрийдсэн аж.

Найман жилийн дараа болж буй “өндөрлөг” хурлыг гавьяат тамирчин, Монголын сагсан бөмбөгийн домог Т.Түвшинбаяр удирдан явуулсан. Хурлын эхэнд холбооны дүрмийг хэлэлцэж, шинэчлэн баталсан юм. Үндэсний бөхийн Их эе хурал, олимпийн хорооны бүх гишүүдийн хуралтай харьцуулахад сагсны хурал дэндүү нам гүн, бие биеэ сонссон, хүн бүр л эв нэгдэл, эвлэрлийг хүссэн нь илт байв.

Дүрмээ баталсны дараа ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэн. Энэхүү сонгуульд “Энержи Ресурс” ХК-ийн гүйцэтгэх захирал ганцаараа Г.Батцэнгэл ганцаараа өрсөлдсөн юм. Тэрбээр хийх ажлуудаа, зорилгоо танилцуулсан. Түүний хувьд өсвөр үе, оюутан залуучууд, мэргэжлийн, олон улсын гэсэн дөрвөн түвшинд сагсан бөмбөгийг хөгжүүлж, цахим шилжилт, хараат бус байдалд анхаарлаа хандуулна гэв. Харин их л том зүйлд зорьж байгаа аж. Тэрбээр ярихдаа “Хэрэв би сонгогдвол зорилго маань тодорхой байх ёстой. Зургаан жилийн дараа “Г.Батцэнгэлээ, чи Монголын сагсан бөмбөгт яг юу хийсэн юм бэ” гэхэд харуулах зүйлтэй, хийсэн ажилтай байх хэрэгтэй” гэв.

FIBA-ийн чансаанд Монголын баг эрэмбэлэгддэггүй. Учир нь сүүлийн найман жилийн хугацаанд олон улсын тэмцээн уралдаанд оролцоогүй учир чансааны оноо цуглуулаагүй. Тэгвэл Г.Батцэнгэл эрэгтэй сагсан бөмбөгийг дэлхийн чансаанд 164 орноос 75 дугаарт, эмэгтэй сагсан бөмбөгийг 122 орноос 100 дугаарт багтаана гэж амлаж, зорилго тавив.

Ингээд санал хураалт эхэлж, 89 хувийн ирцтэй хурлын 100 хувийн саналаар Г.Батцэнгэл сонгогдож, ирэх зургаан жилийн хугацаанд сагсан бөмбөгийн холбоог удирдахаар болсон юм. Энэ өдрийн хамгийн гол үйл явдал нь Ц.Цэвэрбал болон Б.Тамир нар өөр өөрсдийн холбооны тамга, гэрчилгээгээ Г.Батцэнгэлд хүлээлгэн өгч, бүхэл бүтэн найман жил хоёр хуваагдсан холбоод нэгдэв. Хуралд оролцож байсан хүн бүр л бие биедээ баяр хүргэж, гар барьж, тэврэлдэж байсан нь тэд энэ мөчийг ямар их хүлээснийг илтгэнэ.

Ерөнхийлөгч сонгогдсоны дараа энэ удаагийн хурлын ажлын хэсгийн гишүүн, сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Г.Баттөрийн сэтгэгдлийг сонсов. Тэрбээр “Сэтгэгдэл өндөр байна. Найман жилийн өмнөх хуралд миний бие оролцож чадаагүй. Анх удаагаа оролцож байна. Монголын сагсан бөмбөг сүүлийн арван жил хүнд байдалд байлаа. Олон тамирчин, дасгалжуулагч, баг, клубын эрх ашиг хөндөгдсөн төвөгтэй байдалтай байлаа. Харин өнөөдөр үүнд цэг тавьсан хурлыг зохион байгууллаа. Сая ерөнхийлөгчөө сонголоо. Сэтгэл өндөр байна. Тамирчдын төлөөлөл ч их оролцлоо. Өөрөө ч ажлын хэсэгт орж, хариуцлагатай ажиллахыг хичээж байна” гэлээ.

Харин түүнээс шинээр сонгогдсон ерөнхийлөгчөөсөө юу хүсэх вэ гэхэд “Тамирчдын “Ирээдүй” холбоо сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлд албан ёсоор орох хүсэлтээ өгчихсөн байгаа. Бид олон зүйлийг шаардана. Тамирчдын эрх ашгийг хамгаалах, тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах, сагсан бөмбөгийн төв ордон байгуулах зэрэг хүсэлтүүдийг ерөнхийлөгчид тавина” гэж хариулав.

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг ирэх тавдугаар сарын сүүлээр Азийн аваргын эрхийн төлөө Шри Ланк улсыг зорино. Шигшээ баг саяхан бэлтгэлдээ гарсан бөгөөд нийт 20 тамирчин дуудагдаад байна. Үүнээс 12-15 тамирчин үндсэн багт багтаж, эх орноо төлөөлөх юм.

Дашрамд дурдахад, Г.Баттөрийн Этүгэн Ирвэсүүд багтай байгуулсан хараахан дуусаагүй байгаа аж. Гэхдээ баг нь ирэх улирал лигт тоглохгүй байх магадлалтай гэнэ.

Мөн өдгөө лигт идэвхитэй тоглож буй ахмад тамирчдын төлөөлөл Ц.Мэргэнтэй ярилцав. Түүний хувьд нөхдийн хамт тамирчдын холбоог санаачлан байгуулж, хоёр холбооны хагарлыг эсэргүүцэн, нэг улирал өөрсдийн лигээ зохион байгуулж байв. Ц.Мэргэн “Сагсан бөмбөгчин хүний хувьд өнөөдөр сайхан үйл явдал тохиолоо. Олон жил талцал хуваагдал явсаар өдийг хүрсэн. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөл, дүрэм, бүтцээ өнөөдөр хэлэлцэж байна. Тал бүрийн оролцоо, эрх ашгийг хангасан эрх тэгш хурал болж байгаад баяртай. Сагсан бөмбөгчдийн баяр болж байна” гэв.

Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа дэд ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэн. Энэ удаагийн сонгуульд нийт арван нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд тэднээс зургаа нь сонгогдох учиртай байв. Нэр дэвшигчид өөрсдийн танилцуулгыг хийсний дараа санал хураалт эхэлсэн.

Санал хураалт эхлээд эхний 100 хүний саналыг тоолсны дараа ерөнхийдөө таван нэр дэвшигч бусдаасаа ялгарч эхэлсэн. Тодруулбал, “Энержи Ресурс” ХК-ийн дэд ерөнхийлөгч, гавьяат тамирчин Т.Түвшинбаяр, "Юнител" компанийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, “MCS Кока-Кола” компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав, “MCS Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан нар сонгогдох нь ойлгомжтой болов. Харин үлдсэн нэг суудлын төлөөх өрсөлдөөн ойрхон өрнөсөн. Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар , “Оюуны Ундраа” группын гүйцэтгэх захирал О.Тэнүүн, “Шарын гол ХК”-ийн ерөнхий захирал Б.Батбаатар нарын саналын тоо ойрхон байснаас Э.Анар энэ удаад ялалт байгуулсан. Ингээд сагсан бөмбөгийн зургаан дэд ерөнхийлөгч тодорсон. Тэд үүрэг, чиглэлийн хувьд тус тусынхаа ажлыг хийнэ.

Дэд ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны генсек, гавьяат дасгалжуулагч С.Тулгатай ярилцав. Тэрбээр “Хүн ер нь хэлсэн ярьснаа биелүүлэх хэрэгтэй. Оны өмнөхөн нэгдсэн дээд лигээ хийнэ гэж байгаад л хийсэн. Хүн бүр харсан. Дараа нь холбоог нэгтгэнэ гэсэн. Өнөөдөр нэгдэж байна. Тэртээ 2004 онд МУИС-ийн эдийн засгийн оюутан байхаасаа л сайн муугаараа дуудуулж 18 жил зүтгэсээр өдийг хүрлээ. Ийм хөгжил ирлээ. 3х3 сагсан бөмбөг маань олимпод орлоо, дэлхийн чансааг тэргүүлж байна. Удахгүй 5х5 сагсан бөмбөг маань ч үсрэнгүй амжилт үзүүлнэ. Одоо бид хойно болж өнгөрсөн бүхнийг мартаад урагшаа харж, хов жив, хэрүүл уруулгүй ирээдүйгээ хараад зүтгэвэл энэ спорт Монголын үндэсний спорт болох боломжтой гэж 2005 онд “Таван цагираг” сонинд өгсөн ярилцлага байна лээ. News.mn ч тухайн үед биднийг дэмжээд сонирхогчдын лигийг явуулж байлаа. Бид ирээдүйгээ харах хэрэгтэй” гэв.

Харин шинэ ерөнхийлөгчийн талаар ярихдаа “Г.Батцэнгэл захирал ММС Энержи багийг үүсгэн байгуулсан хүн. Дэлхийн стандарт нийцсэн Азийн номер нэг клубтэй. Өөрөө багийн спортыг дээд зэргээр мэднэ. Мөнгөтэй, том компанийг авч явдаг хүн Монголын сагсан бөмбөгийг авч явна гэдэг үнэлж баршгүй хөрөнгө оруулалт. Тархины бяр, ажил хийх ур чадвар гээд бүхий л шинжийг агуулсан хүн сагсан бөмбөгт орж ирж байна” гэлээ.

3х3 сагсан бөмбөгийн багийн тухайд тавдугаар сараас эхлэн шинэ улирал нь эхэлж байгаа аж.

Ийнхүү хоёр тийшээ хараад суучихсан Монголын сагсан бөмбөгийн холбоодын асуудал нэг талдаа гарч, нэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж