Нэг үеэ бодвол дэлгүүрийн лангуун дээр өндөг, торт, сүү, хүнсний нарийн ногоо зэрэг бараа, бүтээгдэхүүн элбэг болжээ. Цар тахлын “буян”-аар монголчууд зарим үндэсний "брэнд" болсон бүтээгдэхүүнүүд Хятадаас нийлүүлэгддэгийг мэдэж авсан. Баглаа, сав бодлоо ч дотооддоо үйлдвэрлэж чаддаггүйг олж мэдсэн. Өрөвдөлтэй шүү, дэлхийг байлдан дагуулж явсан Чингисийн үр удам урд хөршөөсөө эдийн засаг, идэх хоол хүнсний хувьд ч бүрэн хамааралтай байгаа нь.
Монголын эдийн засаг цар тахлаас хойш Хятадын нэг боомт дээр түгжигдсэн. Өнөөдөр Тяньжин боомтод асар олон ачаа бараа саатсан хэвээр байгаа ажээ.
“Монголын эдийн засгийн форум 2022” дээр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Тус боомтод 6000 гаруй чингэлэг гацсан хэвээр байна” гэж мэдээлснийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар батлав. Тэрбээр олон нийтийн сүлжээгээр Тяньжин боомтод 10 мянган машин, чингэлэг саатсан гэсэн мэдээлэл цацагдсаныг үгүйсгээд, “Бодит байдал дээр 600 гаруй чингэлэг гацсан байгаа юм билээ. Сүүлийн үед ахицтай, дөрөвдүгээр cap гараад наашаа явж буй галт тэрэгний тоо хоногт 2.5 болж нэмэгдсэн мэдээ авсан. Цаашид галт тэрэгний тоог нэмэгдүүлнэ гэж Хятадын тал амлалт өгсөн. Цаанаасаа чингэлгийн урсгал тасрахгүй ирж байгаа шүү дээ” гэсэн юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятадын Гадаад харилцааны сайдтай утсаар ярьж, дайны улмаас Европт нөхцөл байдал хүнд болсны улмаас ачаа бараа ачсан чингэлгүүд тойрч, Хятадын боомтоор ирж байгаа тохиолдлын талаар санал бодлоо солилцжээ. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яам тэргүүтэй манай улсын бусад холбогдох албаныхан хүсэлт гаргасан байна. Тодруулбал, ганц Тяньжин боомт гэлгүй Монгол Улсад Жинжоу, Инкоу, Чинхуандоу, Цаофендоу, Хуагнхоу боомтуудыг ашиглахад дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлт аж. Өөрөөр хэлбэл, Тяньжин дээр ирж буй ачаануудын урсгалыг эдгээр боомт руу задлаж өгөөч гэсэн санал тавьсан аж.
Хятадын талаас эдгээр боомтуудын асуудалд анхаарал хандуулж, төмөр замынхаа захиалгад оруулах шийдвэр гаргах тухайгаа мэдэгдсэн байна. Тиймээс энэ талаар манай холбогдох албаныхан тээвэр логистикийн үйлчилгээ хийдэг компаниудад зарлах аж.
Тяньжинд өнөөдөр чингэлгүүд аалзны тор шиг шигүү, зорчигч тээврийн урсгал өндөр, ачаа тээврийн маш хатуу график мөрдөгдөж буй юм байна.
Тус боомтод буй чингэлэг заавал Бээжингийн их төмөр замыг дайрдаг бол дээрх боомтуудаас ачаа бараагаа татвал Бээжингийн урдуур юм уу, хойгуур нь тойрч ирэх бололцоотой аж.
Манай тал ирэх тавдугаар сарын дунд үеэс Монгол руу ирэх галт тэрэгний тоонд нэлээд ахиц гарна гэсэн хүлээлттэй буй юм байна. Гол хүндрэл нь цаанаасаа ачаа бараа задгайгаар Эрээн дээр ирээд, дахин чингэлэг тээврийн систем рүү орж буйд байгаа аж.
Орос, Украины дайнтай холбоотойгоор Европоос ирэх бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хүндрэл учирч эхэлсэн. Манай улс Европтой төмөр зам, авто болон агаарын гэсэн гурван чиглэлийн тээврээр холбоотой байдаг. Төмөр замын тээврийн хувьд саадгүй явж байгаа бол авто тээвэрт хүндрэл үүсч эхэлжээ. Энэ нь ОХУ болон Беларусийн харъяалалтай жолооч нарыг Европын холбооны орнууд руу оруулахгүй гэсэн хориг гарсантай холбоотой аж.
Монгол руу тээвэр хийдэг Орос, Беларусийн жолооч нар цөөнгүй байдаг бөгөөд тэд хоригт орсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хувьд тэднийг “орлох” 400-500 жолооч тээвэрт явахад бэлэн байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, ачаа хүлээн авагч нар ийм газруудаас таталт хийнэ гэсэн хүсэлтээ өгвөл зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүдийг Европын орнууд руу явуулах боломжтой юм байна.
Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээлснээр, импортын ачаа бараануудаа татах бэлтгэл ажил хангагджээ.
Манай улс өнөөдөр Орос, Украины нөхцөл байдлаас үүдэн Туркийн Истанбул, Германы Франкфурт гэсэн хоёр гол чиглэлээр нислэг үйлдэж буй юм.
Салбарын сайд хэлэхдээ, дайнаас өмнө ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр шууд нисээд хүрдэг байсан. Өдгөө Хятадын Өрөмч, Казахстаны баруун урд хэсэг, дундад Азийн орнуудаар дайраад Туркийнхээ баруун урдаас Истанбулд очиж, энэ маршрутаараа цааш Германы Франкфурт руу нисч буйг онцлов.
Нэг талын нислэгийн хугацаа 2.5-3 цагаар уртасч, тэр хэрээр зардал нэмэгджээ. Нөхцөл байдал хүнд байгаа ч МИАТ тарифаа нэмээгүй, харин суудал дүүргэлт багасвал тарифаа өөрчлөх бололтой.
Холбоотой мэдээ