"Монгол хүнийг судалдаг дагнасан хүрээлэн институт алга"

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

"Монгол хүнийг судалдаг дагнасан хүрээлэн институт алга"

"Монгол хүнийг судалдаг дагнасан хүрээлэн институт алга"

Сэтгэлзүйч Г.Маралгуатай ярилцлаа.


-Өнөөгийн нийгмийн сэтгэлзүйн төлөв байдал ямархуу байна вэ?

Нийгмийн сэтгэлзүйн байдал хүний зан байдал, амьдралын хэвшил, үзэлд маш том нөлөөлөл үзүүлж байдаг. Мөн нийгмийн сэтгэлзүй эрүүл, таатай эерэг байхад хүн бүрийн оролцоо чухал төдийгүй үүнд улс төр, нийгэм, эдийн засгийн байдал ч хамаатай. Түүнчлэн хүн амд хийгдэж буй судалгаа тоо баримтууд дээр үндэслэхэд ч нийгмийн сэтгэл зүй, хүмүүсийн амьдралын чанар, аз жаргал буурсан нь анзаарагдах болсон. Энэ нь нийгэмд ажилгүйдэл, архидалт, амиа хорлолт, гэр бүл салалт зэрэг өссөнтэй холбоотой. Ер нь ганцхан Монголд гэлтгүй дэлхийн бусад улс оронд ч гэсэн хүмүүс сэтгэл гутрал, төрөл бүрийн сэтгэцийн эмгэгт өртөх нь ихэсч байна.

Товчхондоо иргэдийн амьдралын хэв маяг, чанарын ялгарал ихсэх тусам нийгэмд уур бухимдал стресс нэмэгддэг. Тухайн бухимдал нь нийгмийн нэгж хэсэг, бүлгүүдээр дамжиж нийгэмдээ тархан, хариу үйлдлүүд нь бүгд сөрөг байдаг.

Тиймдээ ч Монголын нийгмийн сэтгэлзүй маш эмзэг байна. Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд нийгэмшил гацаанд орсон. Хүн бол  нийгмийн амьтан. Тиймдээ  ч хөл хорионы улмаас нийгмээс тусгаарлагдсаны дараа рецитив үйлдэл гаргах нь ихэссэн. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн суурь сэтгэцийн эмгэгүүд нь цар тахлын дараа илүү сэдэрсэн. Энэ нь хүн бүрт харилцан адилгүй илэрнэ.

-Монгол хүний авир араншин хэчнээн эвдэрч  шунахай сэтгэл, цэвдэг араншинтай болж байгааг сүүлийн үед гарч буй гэмт хэргүүдээс харж болохоор байна. Үүнээс харахад Монгол Улс хүнийхээ хөгжлийг орхигдуулсныхаа горыг өнөөдөр амсч байх шиг ээ.

-Тийм ээ. Тантай санал нэг байна. Академик буюу дипломын боловсролоос илүүтэй хүн байх буюу хэн нэгнийг байгаагаар нь хүлээж авч хайрлах, ойлгох  нь хамгийн чухал боловсрол. Хүмүүс амьдралын талаарх боловсрол философийг эцэг эхээсээ болон нийгэм хамт олноос макро, микро түвшинд олж авдаг. Гэвч энэ түвшний хүмүүсийн мэдлэг тааруу учраас тухайн хүн өсч дэвшиж чаддаггүй. Хүн анхан шатны хэрэгцээгээ хангаж чадахгүй тохиолдолд өөрийнхөө боловсролд хөрөнгө оруулалт хийхгүй шүү дээ. Өнөөдөр, маргаашийн идэх хоол нь байхгүй байхад  өөрийгөө хөгжүүлэх талаар яаж бодох юм бэ. Тиймээс боловсролын хүртээмж маш чухал. Гадны ерөнхий боловсролын сургуулиудад /ЕБС/ сэтгэлзүйн боловсрол олгох систем бүрэлдэн тогтсон. Үерхэл, нөхөрлөлөөс эхлээд өөрийнхөө хобби, мөрөөдлийг олоход нь боловсролын систем нь тусалдаг. Энэ аргачлалыг Монголд нэвтрүүлэхэд маш их цаг хугацаа шаардагдана. Хамгийн гол нь Монгол хүмүүсийнхээ онцлогыг судлах хэрэгтэй. Монголын ЕБС-иуд сурагчдад амьдралын утга учрыг тайлбарладаг ч зөв хүн байхын тулд эрсдэлтэй хүчин зүйлүүдээс өөрийгөө хэрхэн авч гарах хамгаалалтыг зааж өгдөггүй. Тиймдээ ч хүүхдүүд сайн, муу бүх зүйлийг шууд хүлээж авдаг. Сайныг нь ойлгуулахын тулд мууг хүлээж авахгүй байх хамгаалалтыг нь суулгах ёстой.

-Ингэхэд Монгол хүний онцлогыг судалдаг байгууллага бий юу?

-Монгол хүнээ судалдаг дэлхийн жишигтэй лаборатори алга, монгол хүнээ судалдаг дагнасан хүрээлэн институт байхгүй. Харин сэтгэл судлалын төвүүд өөрсдийнхөө хэмжээнд судалгаанууд хийдэг. Тэгэхээр хүндээ боловсрол олгодог байгууллагууд тэр дотор иргэдэд зөвлөгөө өгдөг сэтгэлзүйчид нь байвч араас нь чиглүүлэх зүйл  нь хоцроод байдаг талтай.

Хүмүүс нэгнээ даган дууриах үндсэн дээр аливаад хандах тал бий. Гэвч сүүлийн үед хэн нэгний “цүнх” барьж дулдуйдаж амьдрах хэвшил бий болжээ. Залуусыг ажилгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй гэж ярьдаг төрийн өндөрлөгүүд өөрсдөө залуусаар цүнхээ бариулдаг. Энэ нь нийгмийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Буруутгах бас аргагүй л дээ. Хүн өөрийн дотор орших ухамсарлагдаагүй олон  мэдээллүүдийн тусламжтай өөрийн мэдэлгүй үйлдэл хийдэг. Бидний амьдралын томоохон сонголтуудын нэг  болох мэргэжил, хань ижлээ сонгох зэрэг нь зарим хүмүүст ухамсаргүйн түвшинд явагддаг. Нэг л мэдэхэд эхнэр, нөхөртэйгээ суусан гээд хүмүүс ярьдаг даа. Эдгээр нь ухамсаргүйн түвшний мэдээллүүд гэсэн үг. Ийм сонголт хийдэг хүмүүс өөртөө юуг дутуу гэж мэдэрнэ. Түүнийгээ  дүүргэх гэсэн хүсэл нь хэтрэхээр нийгмээс гажуудсан зан төлөв болдог. Бүхий л салбарт гажуудал байдаг. Хүн өөртөө эрх мэдлийг дутуу гэж мэдэрсэн,  эсхүл өнгөрсөн хугацаанд  өөрийгөө хэн ч биш гэдгийг  асар их мэдэрсэн учраас хэн нэгэн байхыг хэтэрхий их хүсээд байдаг талтай. Хүн эхээс төрөхдөө элдэв ааш тээж төрдөггүй. Үүнд гэр бүл, нийгмийн орчин хамгийн ихээр нөлөөлдөг.

Хүүхэд наснаас нь эхлээд Би амьдралынхаа  утга учрыг өөрөө бүрдүүлнэ. Миний аз жаргал надаас хамаарна” гэх бодлоор хүмүүжүүлж чадвал өөрийн бурууг хэн нэгэн хүн, төр засгаас хайж шалтаглах  нь багасдаг.

Амьдралын утга учир, аз жаргал нь материаллаг зүйлсээр хэмжигдэхгүй. Ганцхан өөрийнхөө төлөө амьдрахын нэр биш. Гэтэл монголчуудын хувьд хувиа бодсон би гэсэн үзэлтэй болчихсон. Бүгд л дотроо нууцхан дарга болох сонирхолтой. Энэ төрлийн бусдаас онцгойрох хүсэлтэй хүмүүс нийгмийн нэг хэсэг байх сонирхолгүй учраас заавал илүү байхыг хүсдэг. Үүнийг угсаатны сэтгэлзүйгээр байгалийн эрс тэс уур амьсгалтай холбож тайлбарладаг л даа. Гэхдээ хүн амин хувийнхаа аз жаргалын төлөө үйлдэл хийгээд эхлэхээр бусдад өгөхөө больж эхэлнэ. Энэ үед өөрөө дотроо улам хоосордог. Туйлын аз жаргал буюу бусдад болоод өөртөө ач тустай сэтгэлзүй болоод бие махбодийнхоо хувьд үргэлж хөгжихийг тэмүүлдэг хүн түр зуурын таашаал, амьдралаа бусниулах үйлдлийг  хэзээ ч хийхгүй.

-Өнөөдөр бидэнд талхны мөнгөнөөс илүүтэй сэтгэлзүйн хэрэгцээ дутагдаж байгаа юм шиг санагддаг. Хэн нэгний халуун дулаан үгс, урмаар цангадаг ч гэх юм уу. Энэ талаарх таны бодол?

Сэтгэлзүйн хувьд ойр дотно чанартай харилцаа үүсгэхгүй байхаар хүнд хайр дутагддаг. Гэр бүлийнхэнтэйгээ чатны таван үг ярих  нь сэтгэл зүрхэнд хүрэхгүй. Чанартай харилцааг үүсгэдэг байх юм бол тухайн хүнд уурлах шалтгаан багасч эхэлнэ.  Намайг хайрладаг, итгэж ойлгодог хүн байгаа. Бусдаас хайр хүртэж байгаа болохоор буцаагаад хайр түгээнэ шүү гэх байдлаар аливаа асуудалд ханддаг.

Зөвхөн ингэх тэгэх ёстой гэдэг үүргийн зарчмаар л амьдраад байвал  жижиг зүйлд ч бухимдаж эхэлнэ. Ерөнхийдөө Монголын нийгэмд хайр дутагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж