Буух эзэнгүй 762 тэрбумыг хэн төлөх вэ?!

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

Буух эзэнгүй 762 тэрбумыг хэн төлөх вэ?!

Буух эзэнгүй 762 тэрбумыг хэн төлөх вэ?!

Улсын “эзэн” Д.Эрдэнэбилэг “Улаанбал” нэвтрүүлэгт орсон нь олныг хоёр талцуулахад хүргэв. Олонх нь /ойр дотныхноос нь бусад нь/ түүнийг сахалтай, мафийн толгойлогч /“Загалмайлсан эцэг” киноны Майкл Корлеоне/ шиг дүрх төрхтэйгөөр төсөөлж явтал огт өөр сахалгүй, байдаг л нэг эр байхын чинээ төсөөлөөгүй биз. Тэр тусмаа Монголын толгой баян, төрийн нэгдүгээр дайсан хүн гэхэд. Түүнийг баривчлах, цагдан хорих тухай “бор шувуу”-г аль уржигдраас нисгээд эхэлснээс харвал бүх зүйл сценарийн дагуу явж байна. Монголын улс төрд сценаригүй үзэгдэл нэг ч байхаа больсон. Гээд зураг, зодоон хоёрыг холоос хар гэдэг.

Өмчөө төрд хураалгуулж буй тэрбээр “Улсын өмч бол улстөрчдийн өмч юм” гэсэн нь худлаа ч үг биш л дээ. Угаасаа төрийн өмч ялсан намын дарга нарын “саалийн үнээ”, шахаа, шантаажны газар болдог бичигдээгүй хуультай улс.

Ойрмогхоноос Л.Оюун-Эрдэнэ төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах тухай ярих болсон байна лээ. Түүний хэлснээр “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, "Мэдээлэл, технологийн үндэсний парк", “Үндэсний давхар даатгал” болон авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах юм даг уу даа. Ингэснээр төрийн өмчит компаниудын засаглал сайжирна, мэдээлэлд ойрхон нөхдүүд  авлига авч, тонож, луйвардах нь багасна гэж тооцож байгаа бололтой.  Ажил хэрэг болгож чадвал том реформ болно. Авчиг үе, үеийн Засгийн газар болгон ингэж л мөрөөддөг юм. Өнөөг хүртэл “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г олон улсын хөрөнгийн зах дээр гаргаж чадаагүй байна гэхээр.

Төрийн өмч даргын өмч болдгийн бэлээхэн жишээ нь, Хөгжлийн банкнаас төрийн өмчит компаниудын авсан 762 тэрбумын  өр. Сохор зоос эргэн төлөөгүй атал зарцуулсан, шийдвэр гаргасан удирдлагууд нь шоронд суух нь бүү хэл УИХ-аас зохион байгуулсан нийтийн сонсголд хүртэл  ирэхгүй байгаа биз дээ.

Хөгжлийн банкны  нийт актив 3.2 их наяд төгрөг. Үүний 55.4 хувь нь буюу 1.6 их наяд нь найдваргүй зээл болж, зарим нэг нь өмч, хөрөнгөө хураалгуулж, зарим нь хууль шүүхийн хаалга татсан. Хувийн хэвшлийнхнийг бол хууль, шүүхийнхэнтэй нийлээд айлгаж, дээрэлхэж чадаж байна. Гэтэл Хөгжлийн банкнаас гаргасан найдваргүй зээлийн 762 тэрбум нь төрийн өмчит компаниудынх.  Тэгэхээр тэдгээр төрийн өмчит компаниудын зээлийн зарцуулалтыг АТГ адилхан шалгаж мөрдөх ёстой юм биш үү.  

Хөгжлийн банкнаас төрийн өмчит 12 компани зээл авсан байдаг.  Хөгжлийн банкнаас гаргасан чанаргүй зээлийн бараг тал хувь нь гэсэн үг.

Зээлдэгчийн нэрНийт үлдэгдэл (төгрөгөөр )
1ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ118 543 557 769
2ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦ96 651 553 645
3ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦ74 887 806 099
4ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ43 339 302 130
5ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ25 649 932 438
6МИАТ20 363 903 952
7ДЦС-4 ТӨХК239 835 822 323
8ЭРДЭНЭС МОНГОЛ152 907 281 479
9ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ, ТТЦС45 867910816
10ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ ОНӨААТҮГ16 938 626 049
11МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР 206 006 468 287
12ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ81 211 921 628

Зүй нь  авсан зээлээ төрийн өмчит компаниуд зориулалтын дагуу зарцуулсан байна уу, аль эсвэл хэн нэгэн даргын халаасанд орчихсон уу гэдгийг хууль, хяналтынхан шалгах ёстой. Учир нь явж, явж тэдний тавьсан өрийг бид төлж магадгүй байгаа.   Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Төрийн өмчит компаниудын өрийг Засгийн газарт шилжүүлнэ” гэснээс харвал. Засгийн газрын мөнгө гэж байх биш бидний татварын мөнгөөр тэр өрийг төлж таарах биз. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Төрийн өмчит компаниудын найман зээл чанаргүй болсон. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон, төрийн албан хаагчдын цалинг Хөгжлийн банкнаас санхүүжүүлжээ. Энэ нь төсвийн чанартай зардал тул улсын төсөвт шилжүүлэх санал гаргасан. "Эрдэнэс Монгол" компани зээл авч, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд авто зам тавьсан. Тус компани зээлээ эргэн төлөх боломжгүй гэдэг. ТОСК-ийн зээл их ярвигтай” гэснээс харвал төрийн компаниудын авсан 762 тэрбум төгрөг салхинд хийссэнтэй ялгаагүй болж. Д.Эрдэнэбилэгийн хэлээд байгаа улсын өмч бол улстөрчдийн өмч гэдэг л энэ.

Тэр тусмаа төрийн өмчийг хариуцдаг  бодлого зохицуулалтын дарга Б.Цэнгэл хувийн өмч дээрэмдэж явахаар өөрийнхөө хариуцсан ажлаа сайн хий  л дээ. Муу сайн ч гэсэн хувийн компаниудын авсан зээл ядаж буух эзэнтэй, буцах хаягтай. Өр төлбөрөө өгөхгүй байгаа нэгний өмч хөрөнгийг нь дээрэмдээд ч болтугай Хөгжлийн банк хохирлоо барагдуулчих байх. 

Тэгвэл төрийн өмчит компаниудын авсан зээл ёстой  “чононд хонио хадгалуулав” гэгч болчихсон бололтой. Атал уг зээлийг хэн хэрхэн зарцуулсныг яагаад хэн ч шалгахгүй байгаа юм бэ. Тэр тусмаа төрийн өмчит компаниудын авсан зээлийг  татвар төлөгчдөөр төлүүлнэ  гэвэл жинхэнэ “май” шүү. Өр төлбөртэй төрийн өмчит компаниудаа зарж үрдэгсэн үү, захирлуудыг нь шоронд хийдэгсэн үү, яадаг ч байсан тэр мөнгийг татвар төлөгчид төлөх ёсгүй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж