МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч, ардчилсан хувьсгалын анхдагч С.Зоригийн мэндэлсэн өдөр өнөөдөр /2022.04.20/ тохиож буй. Түүний хөшөөнд МоАХ-ны гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
С.Зориг 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болж мэндэлжээ. Тэрбээр 1980 онд “Орос” гэх тодотголтой нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгсч, 1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн философийн ангийг дүүргэсэн байна.
1985-1990 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимийн багш, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд зааварлагчаар ажиллаж байв. 1989 он – Нийгмийг ардчилахын төлөөх залуучуудын хөдөлгөөн үүсч, түүний идэвхитэй гишүүдийн нэг нь тухайн үед дөнгөж 27 настай байсан С.Зориг байжээ.
Тэрээр 1989-1990 онд Монголын Ардчилсан Холбооны ерөнхий зохицуулагчаар ажиллаж байв. 1990 оны гуравдугаар сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны долдугаар сард болсон анхны олон намын тогтолцоотой чөлөөт ардчилсан сонгуулиар С.Зориг Ардын Их Хурлын депутатаар, улмаар Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар сонгогдсон юм. Гэвч 1990 оноос ардчилсан үйл явцад алдаа гарч байгааг тэрбээр ажиглаж, 1991 онд МоАХ-ны удирдлагаас сайн дураараа огцорч, Бүгд Найрамдах Нам байгуулав. Тус намаас 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдов. 1996-1998 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байв.
1998 оны аравдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарч, Монголын ард түмнийг цочроосон юм.
Гэрэл зургийг Н.МӨНХЖИН
Холбоотой мэдээ