Хамгийн баян сахиусан тэнгэр Жизель Бундхен

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

Хамгийн баян сахиусан тэнгэр Жизель Бундхен

Хамгийн баян сахиусан тэнгэр Жизель Бундхен

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй загвар өмсөгчөөр 2001 оноос хойш нэрлэгдэж буй Жизель Бундхеныг энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа онцолж байна.


ИХРИЙН ӨРӨӨСӨН БОЛЖ МЭНДЭЛСЭН НЬ

“Victoria’s secret”-ийн сахиусан тэнгэр Жизель Бундхен 1980 онд төрсөн. Тэрбээр Бразилийн өмнөд хэсэгт орших Хоризонтина нэртэй жижиг хотод эгч дүү зургаагийн нэг болж мэндэлжээ. Жизелийн аав нь их сургуулийн багш, ээж нь банкны ажилтан байсан. Эцэг эх нь германаар ярьдаг хэдий ч Жизель герман хэлээ огт ашигладаггүй аж. Тэр португал, англи, итали, испани, франц хэлээр ярьдаг.

Сонирхуулж хэлэхэд, Жизель ихэр бөгөөд өөр эсийн ихрийг нь Патрициа гэдэг. Патрициа Бундхен нь Жизелиэс таван минутын дараа төржээ. Патрициа ихрийн өрөөснийхөө нэгэн адил загварын ертөнцөд хөл тавихаар оролдсон ч эцэстээ Жизелийн менежер болсон гэдэг.

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЗАГВАРЫН АГЕНТЛАГИЙН ХАРААНД ӨРТӨВ

Жизель 14 насандаа загварын гараагаа эхлүүлжээ. Түүнийг дэлхийн хамгийн том загварын агентлагуудын нэг болох “Elite model management”-ийн нэгэн загвар өмсөгч анх олж харсан байна. Агентлагт орсноосоо хойш нэг жилийн дараа Жизель “Elite model look” нэртэй оны шилдэг загвар өмсөгчдийн тэмцээнд оролцож, дэд байр эзэлжээ. Дараа нь Нью-Йорк хот руу нүүж мэргэжлийн загвар өмсөгчийн гараагаа эхлүүлсэн. Удалгүй загварын ертөнцийн хамгийн том дөрвөн арга хэмжээний нэг болох Нью-Йоркийн загварын долоо хоногт анхны гараагаа хийжээ.

14 настайдаа загварын ертөнцөд хөл тавьснаасаа гурван жилийн дараа буюу 1997 онд Жизель “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарав. Тэр цагаас хойш Жизель 1200 гаруй сэтгүүлийн нүүрэн дээр гарчээ.

Тухайн жилдээ “Vogue” сэтгүүл болон “VH1” кабелийн телевизээс түүнийг оны шилдэг загвар өмсөгчөөр тодруулжээ. Нэрнийх нь урд байнга хамт дуудагдах насан туршийн цол гэхэд болох “Victoria’s Secret” шоунд 1999 оноос эхлэн загвар өмссөн. Энэ нь түүнийг дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн баян загвар өмсөгч болгожээ.

Тэрбээр 2007 онд энтертайнмент салбарын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад 16-д орж байв. Мөн Форбес сэтгүүлээс эрхлэн гаргадаг хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтыг 2012 онд тэргүүлсэн. 2014 онд мөн Форбесоос түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн 89 дүгээрт нэрлэжээ.

Жизелийг бүх цаг үеийн хамгийн баян “Victoria’s secret”-ийн сахиусан тэнгэр гэж хэдхэн хоногийн өмнө “SCMP” хуудсанд зарласан. Түүний нийт хөрөнгийн хэмжээг 400 сая ам.доллар гэжээ. Харин Жизелийн нөхөр, АНУ-ын хөлбөмбөгчин Том Брэдигийн хөрөнгийн хэмжээ 250 сая ам.доллар аж. Форбес сэтгүүл 2011 онд Бундхен, Брэди нарыг дэлхийн хамгийн өндөр орлоготой хосоор тодруулсан.

Жизель 2000 онд “Victoria’s secret”-д анх орохдоо 25 сая ам.доллараар гэрээлж байв. Гэвч үзэсгэлэнт сахиусан тэнгэр 2006 онд дуурсах нэрийг авчирсан тайзаа орхиж буйгаа зарласан. Энэ тухайгаа өөрийн намтар номдоо Жизель бичсэн байдаг.

“Цаг хугацаа өнгөрөх тусам ганц дотуур хувцаснаас өөр зүйлгүй тайзан дээр алхаж, зургаа даруулах нь надад хэцүү санагдах болсон. Би амар амгаланг мэдрэхээ больсон” гэж тэр бичжээ.

Одоо тэрбээр нөхөр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд нийгэм, байгаль орчны байгууллагуудтай түлхүү хамтарч ажилладаг. Мөн  “Chanel”, “Pantene”, “Carolina Herrera” зэрэг томоохон брэндүүтэй хийсэн олон сая долларын гэрээнээс түүнд мөнгө орж ирсээр байна.

ЖИЗЕЛИЙН ХООЛНЫ ДЭГЛЭМ

Тэрбээр өөрийгөө үргэлж эрүүл мэнддээ анхаардаг эмэгтэй байсангүй гэж намтар номдоо бичсэн байдаг. Карьерынхаа эхний өдрүүдэд Жизель бяслагтай бургер, тамхи, мөстэй кофег их хэмжээгээр хэрэглэдэг байжээ. Түүнчлэн архины хамааралтай байснаа ч нуугаагүй бөгөөд зарим шөнө нэг лонх дарс ганцаараа уучихдаг байснаа бичжээ. Одоо бол түүнийг хамгийн эрүүл амьдралын хэв маягтай загвар өмсөгчдийн нэг гэж хэлэхээр болжээ. Тэрбээр янз бүрийн дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллож, зөв амьдралын дэглэмийг 15 сая гаруй инстаграмын дагагчиддаа байнга хуваалцдаг ажээ. Амьдралын буруу хэвшил түүний гадаад төрхнөөс илүү сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлсөн тул эрүүл хооллолтыг эргэлт буцалтгүй сонгосон байна.

Бундхен, Брэди нар хэн хэн нь ургамлын гаралтай хоолыг сонгосон бөгөөд мах, сүүн бүтээгдэхүүнийг маш хэмжээгээр хэрэглэдэг. Мөн долоо хоногт хоёр өдөр үдийн цай хүртэл мацаг барьдаг гэжээ. Өглөө босоод ихэвчлэн жимс, ногоо, турмерик, цагаан гаа, кокосын сүүтэй шинэхэн шүүс уудаг. Харин өдрийн хоолондоо ногооны салат юм уу ногооны шөл иддэг. Мах, загас хааяахан идэх боловч ихэвчлэн ургамал, ногоогоор хооллодог ажээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн төгс биеийн төлөөлөл болсон Бундхен, Брэди нар хувийн тогоочтой. Хосууд өдөрт юу иддэг талаар хувийн тогооч нь хуваалцсан бөгөөд элсэн чихэр огт хэрэглэдэггүй, нийт хүнснийх нь 80 хувийг ногоо эзэлдэг гэдгийг хэлж байв. Эрүүл хооллолтоос гадна тэрбээр иогоор хичээллэдэг. Тэрбээр инстаграм хуудсандаа нөхөр хүүхдүүдтэйгээ иога хийж байгаа зургаа хүртэл хуваалцаж байжээ.

Эх сурвалж: YOUR TANGO, WIKIPEDIA, BRITANNICA, SCMP, DELISH, MARIE CLAIRE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж