Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Сүндий, Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцсэн байна.
Шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүхийн магадлалын Д.Сүндий, Г.Даваажав нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.
Харин давж заалдах шатны шүүхээс Т.Батсайханд холбогдох нотлох баримтыг устгасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нийтийн албанд томилогдох эрхийг найман жилийн хугацаагаар хасч, гурван жил хорих ял болгон өөрчилж шийдвэрлэсэн байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцжээ. Шүүхээс Д.Баттөгсөд прокуророос Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Сүндий, Д.Баттөгс нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Сүндийд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жил хорих, Д.Баттөгсөд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 14 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байна.
Г.Даваажавыг нотлох баримтыг устгасан, хахууль авсан, хахууль өгөхийг шаардсан, Т.Батсайханыг нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон, хахууль авсан, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Даваажав, Т.Батсайхан нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил хорих ял оногдуулжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Т.Батсайханд холбогдох нотлох баримтыг устгасан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүний биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, нийт гурван жил хорих ялаар тогтоосон байна.
Д.Сүндийд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, зургаан сар хорих, Г.Даваажавт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, хоёр жил хорих болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ