Орос улс Украинд довтлоод 50 гаруй хоног өнгөрч байна. Дэлхийн гуравдугаар дайныг үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс НАТО болон АНУ хөндлөнгөөс оролцохыг яарахгүй байна. Түүнчлэн дэлхий нийт цөмийн дайн эхлэх вий гэсэн айдастай байгааг “India TV” онцоллоо.
Учир нь Украины ерөнхийлөгч Владимир Зеленский цөмийн дайны тухай байнга анхааруулж буй. Тэрбээр сүүлийн үеийн мэдэгдэлдээ, таагүй нөхцөл байдалд урьдчилан бэлдэж, цацрагийн өвчнийг намдаах эм авах, нөөц бүрдүүлэхийг уриалжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Уильям Бернс мөн сэрэмжлүүлэг хүргэв. Уг сэрэмжлүүлэгт, “Путин Украинд цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй тул бид хайхрамжгүй хандаж болохгүй. АНУ дэлхийн гуравдугаар дайн болон цөмийн мөргөлдөөн гарч болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийхийг хичээж байна” гэв. Уильям Бернс өмнө нь ОХУ дахь АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “CNN”-д ярилцлага өгөхдөө мөн цөмийн зэвсгийн талаар дурдсан. “Нөхцөл байдал хүндэрвэл Орос улс цөмийн саатуулах арга хэрэглэнэ. Дайнд давуу эрх олж авахын тулд жижиг цөмийн зэвсгийг хөөргөж магадгүй” гэжээ. Уг ярилцлага нь Украины зургаан ч сувгаар цацагдсан байна.
Их Британийн мэдээллийн сувгаар мөн энэ талаар цацагдсан. Уг мэдээнд Оросын цөмийн бөмбөгдөгч онгоцнууд Украины хилийн ойролцоо олдлоо гэжээ. Оросын дөрвөн "Ту-95" онгоц Украины ойролцоо нисч байгааг бичлэгээр харуулсан байна. Украины арми Оросын хамгийн том хөлөг онгоц Москваг устгасны дараа уг мэдээлэл цацагджээ.
Эх сурвалж: INDIA TV NEWS
Холбоотой мэдээ