Чуулган: Дэд сайд нар их ажил үүрдэг учраас үлдэж байгаа нь үнэн

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Дэд сайд нар их ажил үүрдэг учраас үлдэж байгаа нь үнэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ.  Чуулганы эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.


20 : 44
2022-4-20

Төсвийн хуулийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Төрийн аудитын газрын дарга Д.Занданбат Төсөвт тодотгол хийх, түүнийг дагалдах хуулийн тухай  дүгнэлтээ танилцуулав. Тэрбээр,

-УИХ-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүдээ, Монгол Улсын Засгийн газраас УИХ-д 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавьж төрийн аудитын газраас дараах дүгнэлтийг гаргаж байна.

НЭГ: Монгол Улсын Их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасан төсвийн төсөл нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.7-д заасны дагуу улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх талаар хянахад Засгийн газрын өрийн үлдэгдэл ДНБ-д эзлэх харьцаа 2022 онд 60.7 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-т заасан төсөв санхүүгийн аюулгүй байдлын холбогдох зохицуулалтад нийцэж байна.

ХОЁР: Мөн хуулийн 22.1.2-т заасан Төсвийн тухай болон төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх талаар хянахад Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.3 хувь, нийт зарлагын хэмжээнд 17.9 их наяд төгрөг буюу 38.4 хувь, Төсвийн алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төлөвлөжээ. 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн орлого тэнцвэржүүлсэн журмаар тооцсон байна. Тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 387.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 5.1 хувьтай, нийт зарлагын өсөлт 13.7 хувь байгаа нь сүүлийн 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дундаж 17.8 хувиас бага байна. Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь нь 60.7 хувь байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангасан байна.

ГУРАВ: Мөн хуулийн 22.1.3-т заасан улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн эсэх талаар хяналт тавихад Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг 6 бүлэгт 23 зорилгын хүрээнд 300 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 11 их 195.9 тэрбум төгрөгийн улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгийн үүсвэр бүрдүүлэхээр баталсан. Төсвийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1,  9.1.2, 27.1.8 дахь заалтын дагуу Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулан шинэчлэн батлах шаардлагатай байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн төсөл Монгол Улсын Их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар  22.2.1 дүгээр зүйлийн шаардлага хангасан эсэх талаар санал хураалт явуулахад 66.1 хувийн саналаар санал дэмжигдэв. Монгол Улсын Төсвийн төслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын дэд хороонд шилжүүлэв.

20 : 10
2022-4-20

"Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад шилжүүлнэ"

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Төсвийн тодотгол хийхийг дэмжиж байна. Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх, үнийг тогтворжуулахад мөнгөний бодлогоор хэрэгжүүлэх боломжгүй. Төсөвт тодотгол хийж валютын гадагшлах урсгалыг багасгана. Татварт өөрчлөлт оруулж үнийг барих арга хэмжээ авах хэрэгтэй байх. Хуулиар албан тушаалын цалингийн доод хэмжээг тогтоосон юм байхгүй. Засгийн газрын сайд нарын ярьж байгаа нэг зүйлийг ойлгохгүй байна. Төрийн албан хаагчид нэг ижил цалинтай байх юм шиг яригдаад байх юм. Хүн бүр ижил цалинтай байх юм яригдахгүй. Харин нэг хуулиар зохицуулж болохгүй. Хэмнэлтийн тухай хуульд, төсвийн байгууллагын албан хаагч хууль тогтоосноос бусад заалтаар цалин хөлс олгохыг хориглоно. Энд цалингаас гадуур цалин олгосон юм байхгүй.

УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч дуусч,  гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.САРАНЧИМЭГ:  

-2022 оны улсын төсөвт тодотгол хийхийг дэмжиж байна. 2022 оны Төсвийн тухай төслийн хуулийг дагаж, Төрийн хэмнэлтийн тухай хууль байна. Энэ хуульд тодруулах хэдэн зүйл байна. Төрийн хэмнэлтийн тухай хамрах хүрээ бол төрийн, улс төрийн, төрийн захиргааны болон тусгай, үйлчилгээний албан хаагчийг хамрах хууль байна. Энэ хуулийн төсөлд төрийн, улс төрийн гэдэгт манай төрийн гурван өндөрлөг орохоор 15.1.6-д ямар ч бэлэг дурсгал өгөх боломжгүй болсон байна. Үүнийг батлахдаа эргэж хараасай гэж хүсч байна. Нөгөөтэйгүүр, санхүүжилт эх үүсвэртэй холбоотой харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулна гэж тусгасан байх юм. Энэ нь Үндсэн хууль зөрчөөгүй юу. Хуулийн 6.2-т аймаг төлөөлөгчдийн Засаг дарга, сум дүүрэг, Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын жижиг автомашин ашиглахыг хориглоно гэж байна.

Үүнд том машин ашиглаж болно гэсэн үг үү. Хуулийн 9.1-т заасан этгээд Үндэсний агаарын тээвэрлэгчийг сонгоно гэж байна. Нөгөөтэйгүүр 15.1.8-д үндсэн чиг үүрэгт хамаарахаас гадна сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив өгөх боломжгүй болж байна. Тэгэхээр УИХ-ын гишүүд өөрсдөө дэмжлэг өгөх үү. Хуулийн үйлчлэх хугацааг заахгүй юм уу. Мөнхийн үйлчлэх юм уу. Мөн 200 тэрбум төгрөгөөр 21 мянган хүүхдийг цэцэрлэгээр хангах шийдвэр гаргаж байгаад талархаж байна. Хамгийн гол нь Боловсролын сайд хөрсөн дээрээ буулгасан ажил болгоорой. Мөн электрон тамхийг онцгой татварт тусгаж өгөөч гэсэн саналтай байна.

УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Бид өмнө нь төрийн үйлчилгээний албан хаагчдыг хувийн хэвшлээр гэрээгээр хийлгэх асуудал яригдаж тэнд ажиллаж байгаа хүмүүс нэлээн эсэргүүцэлтэй тулж зогсч байсан. Төрийн үйлчилгээг хувийн хэвшлүүдээр хийлгэнэ гэдэг бол төрийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа олон хүний эрх ашгийг хохирооно. Тэд үйлчилгээний албан хаагч гэж байгаа болохоос биш өндөр цалинтай, компанийн дэд захирал эсвэл агентлагийн дэд дарга хийж яваа биш. Тийм учраас хасч огтхон ч болохгүй.

Хоёрдугаарт, орлого талдаа нэмэх, ялангуяа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний татан авалтад онцгой анхаарах шаардлага хэрэгцээ байна. Тяньжинаас нааш ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг татан авахад БНХАУ-ын гаальд асуудал үүсч хүндрэлтэй байгаа бол өөр зам гарцыг хайх ёстой. 300-400 жолооч бэлдсэн, ОХУ-ын нутгаар гаргаж Европоос татна гэдэг худлаа. Яагаад гэвэл ОХУ, Беларус улсад хориг тавилаа. ОХУ эргүүлэн хориг тавилаа. Ийм нөхцөлд үүгээр дамжин бараа бүтээгдэхүүн авна гэдэг худлаа.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Энэ удаагийн төсвийн тодотголд чухал асуудал орж ирж байгаа юм. Энэ нь бид олон жил ярьсан ч нэг л хөдлөхгүй байсан төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад шилжүүлэхэд эхний алхам хийх юм. Үүнийг дэмжиж байгаа. Олон нийтийн хяналтад оруулснаар хувьчлах асуудал биш. Нэгэнт олон нийтийн хяналтад гаргах гэж байгаа тохиолдолд үнэлгээ хийнэ. Хараат бус хөндлөнгийн үнэлгээнүүд хийгдэж олон нийтийн хяналтад гарах ажлууд хийнэ. Дор хаяж зургаан сар бэлтгэл ажил хангаж байж тухайн компанийн засаглалыг сайжруулах боломжийг олгодог.

Төрийн өмчийн компаниудын асуудлыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан эргэлтэд оруулах асуудал шаардлагатай байгаа. Иймээс хууль эрхзүйн орчноо батлах боломжтой хугацаа байгаа юм. Засгийн газар дөрөв, тавдугаар сард багтаан УИХ-д өргөн барьвал 2023 оны төсөв хэлэлцэх үед цаг хугацааны хувьд давхцаж байна.

УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:

-Төсөвт тодотгол хийж байгааг дэмжиж байгаа юм. Гарцаагүй л ийм нөхцөлд байна. Татвартай холбоотой санал хэлэхэд, тоног төхөөрөмж оруулахад гаальд хөнгөлөлт үзүүлбэл хэрэгтэй. Цаашид том компаниудын хувьцааг ард түмэнд нээлттэй, хөрөнгийн зах зээлд гаргах бэлтгэл ажил хийж байгааг сайшааж дэмжиж байгаа юм. Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль гарч байна. Энэ сайн хууль болох байх. Данхар төрийг үр дүнтэй өндөр бүтээмжтэй болох чиглэлд ач холбогдолтой болох болов уу.

19 : 29
2022-4-20

"Дэд сайд нар их ажил үүрдэг учраас үлдэж байгаа нь үнэн"

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-УИХ-ын гишүүд дэмжиж хууль батлагдвал дэмжиж эхэлсэн өдрөөс амьдралд мэдрэгдэж эхэлнэ. Ойрын хугацааны төсвүүдэд илүү хөгжлийн төслүүд бодож гаргахад хуулийн төсөлд УИХ-ын гишүүд дэмжих байх гэж бодож байна. Хуулийн үр шимээ бид харна. Ирэх оны төсвүүд хөгжлийн төсвүүд болно. Өнөөдрийн хэмнэж байгаа тоонуудаас илүү дунд, урт хугацаанд төсвийн бүтцийг эрүүл болгохын төлөө суурь реформ эхлүүлж байгаагаар онцлог. Энэ жилийн төсвийг бидэнд тооцоолоогүй хүндрэл гараагүй бол манай ДНБ, эдийн засгийн өсөлт төсөөлж байсан хэмжээнд хүрч, эдийн засгийн сайн үр дагаварууд гарах байсан.

Учирч болзошгүй төсвийн орлогын эрсдэл, төлбөрийн тэнцлийн эрсдлийг тооцож төсвийн хэмнэлт хийхээс аргагүй болж байна. Энэ жил санхүүжих хөрөнгө оруулалтаас 50 хувийг танаж байна. Ойрын хугацаанд тулгамдаж байгаа цэцэрлэг, нийгмийн даатгалын шимтгэлийг эргүүлэн олгох, хүнсний ногооны хомсдлыг урьдчилан тооцоолж байна. Бид шийдэж чадахгүй олон зүйл байна. Хойд хөршийн асуудал гарсан ч шатахуун тасраагүй ч төлдөг хэмжээ нь нэмэгдэж байна. Урд хөрш хилээ нээхгүй байна. Өнөөдөр тулсан асуудлаас хохирол багатай гарахын тулд төсөвт тодотгол хийж байгаа юм.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Дагалдах хуулиуд чинь төсвийн тодотголын дүрэм үү. Цаашид дунд болон урт хугацаандаа бид дүрмээ дагана гэж ойлгож болох уу. Тодорхой төрлийн зардлыг төсөвт тусгахгүй. Хоёрдугаарт, улсын төсөв сүүлийн 32 жил тэлсэн. Түүхэндээ нэг ч удаагийн тодотголоор агшиж байгаагүй. Бодит агшилт хаана байна. Төсвийг алдагдалгүй төлөвлөж болоогүй юу. Төсөв эдийн засгийн 40 хувь, олон улсын төсөв 10-15 хувь байна. Монгол Улсын хувьд зардал өндөр байна. Илүү яагаад хэмнэхгүй байна вэ. УИХ-ын харьяа байгууллагуудын орон тооны хэмнэлт хаана байна. Тухайлбал, Монголбанкинд гурван Ерөнхийлөгч байх шаардлага байна уу. Хоёрдугаарт, яамдын жижиг сайд нарын хэрэг байна уу. Хуулийн байгууллагуудын цалин хөлс дунджаас маш өндөр. Энэ хэмнэлт яагаад хийхгүй байна вэ. Засгийн газар нь хотын төвөөсөө гаръя. Хотын төвийн том талбайнуудаа зарахгүй юм уу.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Энэ дүрэм биш хууль. Хуулийг тогтоох дээд байгууллага нь УИХ батална. Үүнийг бүх нийтээрээ дагана. Дүрэм бол өөр. Тиймээс Төсвийн хуультай хамт дагаж мөрдөх хатуу чанга хууль болно. Төсвийн шинэчлэлийн хүрээнд ялангуяа хэмнэлтийн чиглэлийн заалтуудыг олон жил ярьсан. Ийм зүйлүүдийг дүрмээр бус хуулиар зохицуулдаг болъё гэж байгаа юм. Хөрөнгө оруулалт ч мөн адил. Нэг удаа нэг амьсгаагаар тогтолцооны өөрчлөлт хийнэ гэж юу байх вэ. Татвар нэг талаараа төсвийн орлогыг бүрдүүлэгч боловч нөгөөтэйгүүр маш том төсвийн бодлогын зохицуулагч байх ёстой.

Цалингийн системийн тухайд санал нийлж байна. Сүүлийн 10 гаруй жил төрийн байгууллагуудын цалингийн нэгдсэн бодлогыг алдсан. Цаашид даамжирвал олон жил алдах эрсдэлтэй. Иймд цалингийн системийг засна. 2023 оны төсвийн тодотголоор цалингийн систем яригдана. Мөн орхигдсон зарим ТӨҮГ-ын 43 мянган ажилтны цалин сүүлийн гурван жил нэмэгдээгүй үлдсэн. Нэг шатлалд оруулж гүйцэтгэлд оруулж цалингийн систем рүү оруулна. Дэд дарга нарын хувьд Засгийн газрын түвшинд өөрсдийн шийдэж чадах асуудлыг бүгдийг нь шийднэ. Дэд сайд үлдэж байгаа нь үнэн. Яаманд сайдыг орлодог тул маш чухал алба. Маш их ажил үүрдэг.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Дахиад асууя. Төсвийн хэмнэлт яаж болов. Үзүүлэлт хэр сайжрах юм. Зарлага талдаа хэр болов. 18 их наяд төгрөг хэдээр буув. Орлого талдаа сайжирсан үзүүлэлт байна уу. Төсвийн алдагдал буурсан уу. Тэг болох боломж байсан уу. Төсвийн алдагдал гэдэг нь өр. Үүнийг ирээдүйгээсээ зээлээд байна. Энийг залуус эсэргүүцээд байгаа шүү дээ.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

Төсвийн зардал талдаа хөрөнгө оруулалт, урсгал зардал нийлээд 620 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Уг нь хэмнээд балансаа сайжруулах боломжтой ч тулгамдсан нийгмийн шинжтэй асуудлууд байна. Ялангуяа, цэцэрлэгийн асуудлууд, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлууд байна.

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Хэмнэж цалингаа нэмж болно, үр ашигтай хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болно. Төрийн бүтээмж үр ашиг төвлөрлийг сааруулах бодлогоо хуульд тусгах хэрэгтэй. Үр ашигтай зардал байж болно. Хэт туйлширах нь сөрөг үр дагавартай.

18 : 29
2022-4-20

"НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино"

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-НӨАТ-ын тогтолцоог аль болох хөндмөөргүй байна. Сүүлийн 32 жилийн хугацаан дахь хамгийн зөв татварын тогтолцооны нэг систем юм. Энэ бол дэлхийн 162 улсад байдаг сонгодог тогтолцоо. НӨАТ-ын 10 хувь өндөр дүнд орохгүй. 

НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино. Сугалаа тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь дээр ойрын жилүүдэд барина гэсэн бодлоготой байна.

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:

-Сайд нараа бид намын мөрийн хөтөлбөрт маш их зүйл амласан. Энэ нь 2020 онд бидэнд ялалт байгуулахад маш их нөлөөлсөн. Зарим нь төсөв санхүү нэг их шаардахгүйгээр хийх ажил маш их байна. Энэ ажлуудаа бид хийхгүй бол 2024 он хаяанд ирлээ. Бид иргэдэд гар утсан дээр нь эрүүл мэндийнхээ үзлэгт хамрагдаарай гэсэн мессеж ирнэ гэж ярьсан шүү дээ. Одоо хүртэл энэ нь хэрэгжихгүй байна. Энэ бүгдийг хэрэгжүүлэхэд ажил хэрэгч хандъя.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Сүүлийн 32 жилийн хугацаанд энэ дөрвөн жил 2020-2024 онд Засгийн газрын зээлийн өрийн төлбөрийн зохицуулалт хийх хамгийн өндөр ачаалалтай жил. Засгийн газрын зээлийг ам.доллараар нь харвал 8.5 тэрбум ам.доллар. Үүнээс 4.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт энэ дөрвөн жилийн хугацаанд байгаа юм. Хамгийн ачаалалтай дөрвөн жил нь гэсэн үг. Гэсэн ч манай Засгийн газар энэ зохицуулалтыг маш амжилттай хийж байна. Энэ жил 1.1 тэрбум 138 сая төгрөгийн өр зээл төлөгдөх ёстой байсан. Үүний нэг тэрбум ам.долларыг өнгөрсөн жил урьдчилж төлсөн учраас Чингис бондоос үлдсэн 138 сая төгрөгийг төсвөөс хийж энэ жилийн өр тэглэнэ.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:

-Төсвийн тодотголыг дэмжинэ. Төрийн хэмнэлтийн тухай хууль зайлшгүй орж ирэх ёстой байсан. Хөрсөн дээр амьдрал үнэхээр хүнд байна шүү. Төрийн хэмнэлт нэр дор оруулж ирсэн 2022 орны төсвийг дагасан үйлчилгээний ажилтнуудыг гэрээт болгох маш аймшгийн хүн бодоогүй, сайхан нэртэй асуудал шийдэгдсэн. Улсын хэмжээнд маш олон үйлчилгээний ажилтан стресст орсон. Олон жил ажилласны нэмэгдлээ авах, гэрээт болж халагдах асуудал яригдсан. Үүнийг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар оруулж, улсын төсвөөр оруулах юм шиг байна. Тэгэхээр нэмэгдэл 45 хувиар ордог байсныг 20 болгосон. Зөрүүг нь нэмж өгөх үү. Үнэ тэнгэрт хадсан байна. Иргэдээс 100 мянган төгрөгт авах зүйлгүй боллоо гэж байна.

Үдийн хоолонд хүүхдүүд цадахаа болилоо. Мөнгөнд чинь ирдэг бараа байхгүй боллоо. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах нь зөв. Орон нутагт ажиллаж буй залуус ямар ч нэмэгдэлгүй. Ийм газарт ажиллах хүн байхгүй, олдох ч үгүй байна. Зарим сум нэг ч хүнгүй, зарим суманд ганц хүн ажиллаж байна. Орон нутагт ажиллах хүнээ нэмээч. Төсвийн тодотголд эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, хөдөө аж ахуйн салбар, Засгийн газраас оруулж ирсэн нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг хасч байна. Үүнийг хасмааргүй байна. Эрүүл мэндийн сайдаас гүйцэтгэлийн санхүүжилт чинь орон нутагт хэрэгжихгүй байна. Үүнийг асууя.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Х.Булгантуяа гишүүнээ зөвхөн ажилтанд нэг сая хүртэл төгрөгийн цалинд нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгоно. Зарим төрийн албан хаагчийг нэмээрэй гэж байна. Нэммээргүй байна. 260 мянган төсвөөс цалин авдаг хүмүүс байна. Нэг төрийн албан хаагч 14 иргэнд үйлчилж байна. Нэг төрийн албан хаагч 50 хүнд үйлчилж чаддаг бүтээмжтэй байх ёстой. Баялаг бүтээгчидтэй уралдаж ажлын байраар хангагч байж болохгүй. Төсвийн бүтцийг эрүүл болгох зарчим эндээс эхэлнэ шүү. Хэмнэлтийн хуулиар бид хөлнөөсөө бус толгойноосоо эхэлнэ. 270 гаруй төрийн өмчийн байгууллага, агентлагийн дарга нарын орлогыг хэмнэнэ. Ийм томоохон бодлогын тогтолцооны процесс эхэлж байгаа шүү. Энэ удаагийн төсвийн тодотголыг бүтцийн хувьд томоохон суурь тавьж байна гэж хараарай.

УИХ-ын гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Төсвийн тодотголд байгаа суурь зарчимд бүгдэд нь ажлын хэсэг байгуулж, 2023 оны төсөв дээр том реформ зоригтой хийнэ гэж ярьсан. Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах тухай ярьж байна. 2023 оны төсвийн хэлэлцүүлгийг эхлүүлэх ёстой юм билээ. Хувийн хэвшлийнхэн Улаанбаатар хотоос өндөр мэргэжлийн 1000 инженер авч орон нутаг руу шилжвэл төр дэмжээрэй гэсэн саналыг хэлсэн. Одоо энэ нь тодотголд орж ирж байна. Улаанбаатар хотоос нүүж байгаа ажлын байр бүрийн ард байгаа ипотекийн зээлийн 50 хувийг төр хариуцна. Орон нутаг руу явах бүрт дэмжлэг байх, бизнесийнхэнд ашигтай байх давуу талтай зүйлийг хийвэл орон нутаг руу шилжилт нэмэгдэнэ.

Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулъя гэвэл хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих хэрэгтэй. Улаанбаатарт хөрөнгө оруулалт хийх тусам хотод төвлөрөөд л байна. Бид хүнийхээ урсгалыг гүйцэхгүй. Дээр нь том төслүүдтэй холбоотой асуудалд бид гэрээ хийхдээ ажлын байрыг нэмэгдүүлж Улаанбаатар хотоос шилжилж буй залуусыг дэмжье. Төвлөрлийг сааруулахад нэг их наяд төгрөгийн Засгийн газрын бондыг босгож болно. Үүнийг цогцоор авч үзье. Энд ажлын хэсэг байгуулъя. Жишээ нь, Сэлэнгэ аймагт газрыг нь өгч зээл олгоё. Хүчээр бодлого тулгах биш эдийн засгийн хөшүүргээр дэмжлэг хийж болно. Цаашид Ерөнхий сайдын хувьд ийм зарчим баримтална гэж бодож байгаа. Хэрэв орон нутаг орлогоо бүрдүүлбэл цалингаа өөрөө нэмэгдүүлэх боломж бүрдэх байх.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:

-Ажлын хэсэгт ажиллая. Сайд нараас асууя. Эрүүл мэндийн сайдаас асуухад, гүйцэтгэлийн санхүүжилт орон нутагт ирж байна уу.  Хөдөө аж ахуйн сайдаас асууя. Сүүний фермерүүд өндөр зээлд яваад байна. Үүнийг гурванхувийн хүүтэй зээлд оруулж болох уу. Мөн хөдөө орон нутагт малын эрүүл мэндтэй холбоотой асуудал маш хүндэрсэн.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Сумын эрүүл мэндийн төвүүд гүйцэтгэлийн санхүүжилт буюу нэг иргэний тарифаар санхүүжиж байгаа. 2022 оны төсвөөр нэг иргэний тарифыг хоёр дахин нэмсэн. Энэ нь одоог хүртэл олгогдоогүй байгаа нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд журмаа өгч, өнгөрсөн Пүрэв гаригт батлагдсан. Ирэх Даваа гаригт гүйцэтгэл олгоно.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН:

Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор Засгийн газар 380 тэрбум төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэй гаргасан. Өнгөрсөн долоо хоногт нэмж, 600 тэрбум төгрөгийг хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор гаргаж байгаа. Энд фермерүүд хамрагдах боломжтой байх. Гэхдээ хүүг гурван хувьтай гаргахгүй. Монголбанкны бодлогын хүү нэмэгдсэнтэй холбоотой хүү нь нэмэгдэх тооцоолол гарч байгаа.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-УИХ-ын гишүүн Ц.Туваан та тэтгэвэр нэмэхийг дэмжээд байсан. Урсгал зардлыг танахад мал эмнэлгийн урсгал зардал танагдсан. Энэ удаа урсгал зардалд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зорилт тасалдахад хүрнэ. Урсгал зардалд судалж маш бага хувиар танагдсан. Энэ жил 18 хувь танагдаж байна.

17 : 26
2022-4-20

"Орлогоо дагаад яам байгуулахаа боль"

УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР:

-Бид орлого нэмэгдэхээр элдэв агентлаг, төрийн өмчит байгууллага нэмж байгуулмааргүй байна. Орлогоо дагаад яам байгуулдагаа л болих хэрэгтэй. Өнөөдрийн урсгал зардлыг нэмэхгүй л бол орлого нэмэгдэх боломжтой. Түүнээс биш өнөөдрийн нөхцөл байдлыг өөрчилж, олон газрыг танах шаардлагагүй болов уу.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Энэ жил томоохон төслүүдээс хоёр төсөлд баталгаа гаргах шаардлага үүсч байна. Том төслүүд үргэлжилнэ. Мөн эхлэх томоохон санхүүжилтүүдээс дурдвал,

  • Чойбалсан дулааны цахилгааны станц
  • Дарханы зам
  • Тавантолгой дулааны цахилгаан станцын төсөл энэ жилээс эх үүсвэрийг Засгийн газраас гаргана
  • Газрын тос боловсруулах үйлдвэр
  • Агаарын боомтуудыг 4с ангилал болгох
  • Эрдэнэс Тавантолгой ХК-ны ус хангамжийн систем, нүүрс баяжуулах үйлдвэр

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:

-Төсвийн тодотголыг дэмжиж байна. Хөрөнгө оруулалт төлбөрийн тэнцэлд дарамт үзүүлж байна. Төсвийн тодотгол хийж хөрөнгө оруулалтын хэмжээг 500 гаруй тэрбум төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр төлбөрийн тэнцэл хэрхэн сайжрах вэ. Төсвийн тодотгол хийснээр валютын ханшид ирэх дарамт яаж сайжрах вэ гэдгийг Сангийн сайдаас асууя. Энэ онд төрийн байгууллагуудын орон тоог хэр их бууруулах вэ. Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг  тодорхой байгууллагуудад эргүүлэн олгоно гэж байна. Буцаан олголт хувь хүндээ очих юм уу, аж ахуйн нэгжид очих юм уу гэдэг асуудал байна. Ажил олгогчийг дэмжиж байна уу аль эсвэл ажилтнуудын орлогыг дэмжиж байгаа юу. Бид үйлдвэрлэгч болох юмсан гэж хүсдэг ч сургаж дэмждэг газаргүй, хөнгөлөлттэй зээл нь байдаггүй. Үүнийг бодлогоор дэмжиж болоогүй юу. Энэ онд эргэн төлөгдөх зээл хэр их байна. Энэ цаг үед  сургууль, цэцэрлэг нь хүндхэн, бизнес эрхлэгчид нь үүдээ барих дөхсөн байхад сумын төвд хатуу хучилттай замаар холбох хэрэгцээ байна уу?

"Төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй"

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Төсвийн хэмнэлт, энэ жил батлагдсан төсвийн хүрээнд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон талт төсвийн тусламж зээлийн хүрээнд 400 гаруй сая ам.долларын төлбөрийн тэнцэл сайжирна гэж харж байна. Инкубаторын хувьд одоогоор гурван гэрээ хийгээгүй. Зураг төсөлгүй нь ч бий. Аж ахуйн нэгжүүд сонирхоод оролцох сайн төсөл бэлдэх хугацаа байна. Орон нутгийн шинжтэй авто замуудын тухайд санал нийлнэ. Өргөн барьж буй Төрийн хэмнэлтийн хуульд маш тодорхой зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, 2023 оны улсын төсвөөс эхлэн орон нутгийн төсөвт тусгах ёстой чиг үүргийг нэгжийн хуульд маш тодорхой заасан. Төсвийн хуульд тодорхой заасан. 2023 оны бэлтгэл ажлуудыг хангаж тав, зургадугаар сараас дуусах шатанд орно. Энэ үед Хэмнэлтийн хуулийн хүрээнд энэ зарчмыг сайн баримтална байх.

Хэрэв энэ жил экспорт амжилттай болж төсвийн хөрөнгө оруулалтууд амжилттай хийсэн бол эдийн засаг нэлээд сэргэх байлаа. Харамсалтай нь бидний тооцсноор болсонгүй. Тиймээс бид төлбөрийн тэнцлээ сайжруулахын тулд төсвийн тодотгол хийхээс өөр гарцгүй болж байна. Төсвийн орлого нэмэгдэж тэлэгдэх бүрт халамж, цалин руу бус мөчлөг сөрсөн бодлого чанд барих ёстой байгаа юм. Үүнийг төсвийн шинэчлэлийн хүрээнд хийхийг хичээж байгаа. Төсвийн шинэчлэлийн бодлогын залгамж чанарыг барьж чадвал төсвийн чанар сайжирна. Төсвийн бүтэц данхар болох бус нэг төгрөг бүр ДНБ үйлдвэрлэдэг. Урт хугацаандаа 2050 оны бодлогод нэг төгрөгийн төсөв 10 төгрөгийн ДНБ үйлдвэрлэдэг бүтээлч хөгжлийн бүтэц рүү чиглэнэ.

               "Улсын төсвийг 76 гэсэн жижиг мажоритар тойрог л хүндрүүлсэн"

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Бид агуулга талаас нь харахыг илүүд үзэж байгаа юм. Агуулгаас нь харвал жижиг 76 гэсэн жижиг мажоритар тойрог төсвийг хүндрүүлсэн гол шалтгааныг нуугаад хэрэггүй байх. Сумын зам яагаад тавигддаг вэ гэхээр суманд сонгогддог учраас, сонгогч шаарддаг учраас орж ирдэг. Өнгөрсөн хугацаанд төсвөө яаж 76-д тэгштгэн хуваах вэ гэдэг л уралдаан болсон. Ерөөсөө нууц биш. Бид эрэмбэлж чадаагүй. Орон нутгийн шинж чанартай хог ачих машин, байшингийн дулаалгыг улсын төсвөөс шийддэг болсон. Үүнийг Хэмнэлтийн хуулиар цэгцлэх юм. Цаашид бид тойрог бүсчлэгдэхээс эхлээд агуулга тал руугаа л явах хэрэгтэй. Тиймээс бид камерын өмнө хэчнээн сайхан зүйл ярьсан ч 2023 оны төсөвт эргээд л асуудал болно. Иймд агуулга тал руу УИХ-ын гишүүдээ хамтдаа шилжье. Үүнийг оруулж ирэхдээ би нэлээн зориг гаргасан. Энд таалагдахгүй маш олон зүйл бий.

Их эсэргүүцэлтэй тулгарах зүйлс орж ирж байгаа. Ялангуяа хуулийг заалт бүрээр нь кноптож эхэлбэл нэлээн их хэмжээний "өвдөлт" өгнө. Маш их хэмжээний эсэргүүцэлтэй тулна. Данхайсан 270 гаруй албан тушаалтныг цомхотгоно. Тэд бүгд л нөлөөтэй хүмүүс байгаа. Ингэж л бид суурь реформ хийнэ. Тэрнээс биш аргацаагаад байвал төр улам томорно. Жилээс жилд төсөв хэлэлцэх бүрт нэг нэг агентлаг байгуулах, УИХ-ын ажлын хэсэгт нэг бүтэц томилж, түүнд нь өөрийнхөө хүнийг томилох уралдаан үргэлжилсээр л байх болно. Одооноос шинэ 30 жил эхэлж байна.

Үндсэн хууль батлагдаад 30 жилийн хугацаа өнгөрлөө. Бид хэлбэр ярих бус агуулга ярих цаг болсон. Үүнийг нийгэм ч сануулж байна. Тогтолцооноос авхуулж шинээр харъя. Вакум орчноос гаръя. Илүү том зургаар харъя. Өнөөдөр бид Улаанбаатар хотын цэцэрлэгт 200 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Бид Улаанбаатар руу орон нутгаас нүүн шилжиж байгаа том хөдөлгөөнд реформ хийх хэрэгтэй. Тиймээс бид хөөгөөд гүйцэхгүй. Орон нутаг руу хандсан томхон суурь реформ хийх талаар ажиллая. Тогтолцоо болон агуулгын хэлбэрийг өөрчилье. Мэдээж "Эрдэнэт", "Эрдэнэс-Тавантолгой", "МИАТ" зэрэг томхон компаниудыг ярих цаг нь биш гэж бодож байна. Олон нийтийн хяналт сайжирч сүүлийн 30 жил шиг хулгай луйвар явахгүй байх гэдэгт нийгмийн баталгаа бүрдвэл юуг ч нийтийн хувьцаа руу гаргаж болно. Харамсалтай нь өнгөрсөн түүх маань ийм байсангүй. Үүнээс болж олон нийтийн итгэл алдарсан. Тиймээс ил тод болгох тухай ярих ёстой.

16 : 40
2022-4-20

"1300 орчим төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ"

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Бонд болон том төсөлтэй холбоотой асуудал төсвийн тодотголд тусгаж байгааг та бүхэн ажиглаж байгаа байх. Нэгдүгээрт, Төрийн хэмнэлтийн тухай хууль. Нийгэм харж байгаа, төр их томорсон байна. Үндсэндээ ажиллах хүчний дийлэнх нь төрд ажиллаж байна. Үүнээс татгалзаач гэдгийг нийгэм хувийн хэвшлээс хүсч байна. Бид өмнө нь журмаар зохицуулдаг байсан, УИХ, Засгийн газар, хууль хүчний байгууллага тус тусдаа байсныг л хуульчилж байгаа юм. Энэ бол нэлээн том хэмжээний хууль. Иймд Төрийн хэмнэлтийн тухай хуульд УИХ-ын гишүүд та бүхэн улс орны нийгэмд сүүлийн 30 жил байнга тавигдаж ирсэн шаардлагад том хариулт гэж бодож дэмжихийг хүсье. Энэ мэдээж хатуу. Хуулийг уншвал маш нарийвчилсан зохицуулалтууд бий. Төрд машиныг нэгдсэн байдлаар реформ хийнэ. Бид старт-ап-ын залуустай хамтарч ажиллана. Нэг үгээр хэлбэл, "UB Cab" компанийн залуустай хамтарна. Төр заавал машинтай бус захиалах систем рүү орно. Хуулийн гадуур төрийн өмчит байгууллагууд салан задгай ханддаг байсан асуудлууд цэгцэрнэ. Орлоготой холбоотой асуудалд улсын хэмжээнд байнга яригддаг байсан 20 төсөл шийдлээ олж байгаа. Гашуунсухайтын төмөр зам энэ оны долдугаар сард дуусна.

Хил холболтын цэгээ тохирсон. Ойрын 1.5 жилийн дотор хоёр цариг холбогдох терминалын ажил дуусна. Бүх шийдэл нь гарсан. Ханги-Мандалын төмөр зам арваннэгдүгээр сард холбогдоно. Шивээхүрэн боомт өнөөдөр нээгдэж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц шийдлээ олж хавраас ажил эхэлнэ. Оюутолгой ордын гүний уурхайд байнгын хяналт тавьж хөрөнгө оруулалттай холбоотой валютын урсгалыг татах тал дээр анхаарч байгаа. Гацсан байсан Багануурын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн. Амгалан цахилгаан дулааны станцын ажил энэ хавраас эхэлнэ. Батерейны эх үүсвэрийн асуудал шийдлээ олж байна. “Тавантолгой” цахилгаан станцтай холбоотой Засгийн газрын баталгаа,  LRT төсөлтэй холбоотой Засгийн газрын баталгаа өнөөдөр төсвийн тодотголд орж ирж байна. Иймд валютын урсгалыг наашлуулах томоохон төслүүд явж байгаа. Мэдээж  давхар урхинд орсон юм шиг нөхцөл байдал үүснэ. Хоёр хөрш хямралт нөхцөл байдалд орсон учраас энэ хугацаанд бидний хувьд нэгдэн зөвшилцөж ард нь гарах нь туйлын чухал юм.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Төрийн өмчит компаниудаас татвар авч болно. Гэхдээ эргээд хөрөнгө оруулалтыг нь сайжруулах, бүтээгдэхүүний үнэ өндөр үед хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зайг нь зайлшгүй орхиж байх нь чухал.

УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР:

-Төсвийн тодотгол хийж байгаа нь урд хөрш цар тахалтай, хойд хөрш зэвсэгт мөргөлдөөнтэй хямрал гарсан тул тодотгол хийж байгаа. Тиймээс биш Засгийн газар муу ажилласандаа төсөвт тодотгол хийж байна гэж харахгүй байна. Тодотголд хэмнэлт дагаж байгаад сайшаалтай байна. Сангийн сайдаас асуухад, төсвийн урсгал зардлыг яаж засах вэ, төр хүчтэй байна гэдэг томрох гэсэн утгатай биш, томрох тусам төр хүчгүй болж байдаг. Төсвийн урсгал зардлаас хэчнээн төгрөг хэмнэж байна, урсгал зардлаас хэчнээн төгрөг хэмнэж байна. Мөн 2022 онд ямар том төсөл явах вэ. Том төслүүдээс үлдэж байгааг нь хэлэхгүй юу. Санал хэлэхэд, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд хувийн компаниуд л шийднэ. Энэ бол уул уурхайн бус салбар шүү. Хувийн компаниуд юу ч чадахгүй байна гэж асуудалд хандаж болохгүй шүү. Ялангуяа барилга, хүнсний салбарт компаниуд амжилттай дотоодод бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа.

                  "Төсвөөс 2.2 их наяд төгрөгийн урсгал зардлыг хэмнэх боломжтой"

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Төсвөө хэмнэж танах тухайд шинжилгээ хийхэд энэ жил 13.6 их наяд төгрөгөөс 2.2 их наяд төгрөг буюу үйл ажиллагаатай холбоотой урсгал зардалд хэмнэлт гаргах боломжтой байгаа юм. Нийт 13.6 их наяд төгрөгөөс 3.3 их наяд төгрөг нь тэтгэвэр тэтгэмжийн төрөөс өгч буй зардал татаас байна. Мөн 3.1 их наяд төгрөг нь төсвийн байгууллагын албан хаагчдын цалин. Хоёр их наяд төгрөг нь халамж болон хүүхдийн мөнгө. Цаана нь хэмнэж болох 2.2 наяд төгрөг.

Бид 103 тэрбум төгрөгөөр урсгал зардлаа танаж болж байна. Өмнө нь нэгдүгээр сард тэтгэврийг суулгахдаа 247 тэрбум төгрөгийн урсгал зардлаас таналт хийсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас 518 тэрбум төгрөг. Нийт 620 тэрбум төгрөгийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлаас хасч, тэнцлийг орлого буурах эрсдэлтэй уялдуулан сайжруулах төсвийн тодотголыг оруулж ирж байгаа юм. 2022 оны төсөвт тусгагдаагүй. Бусад боломжит эх үүсвэр буюу гадаадын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх томоохон төслүүд хэрэгжинэ. Энэ нь Ханги-Мандал боомтын концессын төслөөр хэрэгжиж эхэлнэ. Төсвийн хөрөнгө оруулалтаар гэвэл дээр дурдсан 91 төсөл арга хэмжээнээс бусад 1300 орчим төсөл, арга хэмжээ энэ жилийн санхүүжих дүнгээр хэрэгжинэ. Бусад нь төсвийн хэмнэлтэд багтаж санхүүжих дүн 80 хувиар багасч байна гэсэн үг.

15 : 27
2022-4-20

"91 төслийг зогсоож, 518 тэрбум төгрөг хэмнэнэ"

Төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ш.АДЪШАА:

-Төсвийн тодотголыг Засгийн газраас улсын эдийн засагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-д өргөн барьж байгаа юм байна. Сангийн яамны байр суурь, УИХ-д өргөн барьсан танилцуулгаас харахад залуусын шаардлагад үндэслэн олон асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газрын саналтай санал нэгдэж байна. Ялангуяа төрийн өмчит  компаниудын засаглалын асуудал, төсвийн тодотголын үед баримтлах зарчмын асуудлууд нь ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах талаар дэмжиж ажиллана. Монголын төмөр замын асуудлыг хариуцсан төрийн өмчит компани, олны анхаарал татсан төрийн өмчит компаниудын талаар оруулж ирээгүй байна. Төсвийн тодотголоор тодорхой зарчим баримтлан төсвийн тодотгол хийснийг Сангийн яам удаа дараалан мэдэгдэж байгаа. Гэхдээ конторын барилга, театр, музейн барилгалд төсвийн тодотголд үндсээр нь авч үзнэ гэдэг хоосон шинж чанартай зүйл болов уу гэж үзэж байна. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад байдаг улсын бүртгэлийн конторын барилгуудыг яагаад цомхотгохгүй байна вэ. Үүнд тайлбар авъя. Жагсаал чинь ил болно. Энэ талаар Сангийн сайдаас тодруулъя.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Энэ жил бид нэгдүгээр сард тэтгэвэр нэмэхтэй холбогдуулан улсын төсөвт нэг удаа тодотголд хийхдээ 630 тэрбум төгрөгийн зохицуулалт хийсэн. Үүний 340 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хэмнэлт хийж байсан. Ингэхдээ нийт балансад өөрчлөлт ороогүй. Энэ удаа 518 тэрбум төгрөг, нийт 860 тэрбум төгрөгийг энэ жилийн санхүүжих дүнгээс энэ жилээс хасагдаж байгаа юм. Энэ удаа хасагдаж буй баримталсан зарчмыг танилцуулъя. Энэ жил хэрэгжиж буй төслүүдээс нэгийг ч санхүүжих дүнгээс хасаагүй. Аль болгох дуусгах зарчим баримталж байгаа. Одоогоор гэрээ нь хийгээгүй, тендер зарласан ч оролцогч оролцоогүй 91 төслийн арга хэмжээнүүдийг бүрэн зогсоосон. Нийт 106 тэрбум төгрөгийнх. Бусад төсөл гэрээ нь хийж амжаагүй, хийх гэж байгаа төслүүдийг хасаагүй ч санхүүжих дүнг 80 хувиар бууруулсан. Таны асууснаар 91 төсөл арга хэмжээ дотор,

  • Төрийн байгууллагын тоног төхөөрөмж 18 төсөл
  • Төрийн байгууллагын их засвар 12
  • Үүрэн холбоо 6
  • Орон нутгийн тохижилт 4
  • Соёлын байгууламж 3
  • Нийтийн эзэмшлийн 3
  • Гүүрэн гарц 2
  • Айргийн өргөө 1
  • Спорт заал 2 зэрэг багтаж байгаа.

Энэ жил эхлэх ёстой байсан 518 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хэмнэлтийг төсвийн тодотголоор оруулж байна.

УИХ-ын гишүүн Ш.АДЪШАА:

-Төрийн байгууллагын контор, нутгийн удирдлагын орднуудыг цомхотгох нь худлаа сайд аа. Яагаад асууж байна гэхээр, Ховд аймгийн Булган сумын төвд баригдсан бизнес инкубаторын төв төсвийн барилгыг хассан. Энэ нь тендер нь зарлагдаж, дөрөвдүгээр сарын 15-нд мэдэгдлээ авсан. Гэвч танай Сангийн яамны н.Чимэдцэрэн дарга хүлээж аваагүй. Ямар учиртай юм бэ. Өнөөдөр төрийн байгууллагуудын контор, театр, музейг цомхотгоно гэж байгаа ч ажлын байрыг бий болгох, жижиг дунд бизнесийн төслийг ямар учраас хасч байгаа вэ?

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Гэрээ хийгээгүй тохиолдолд шүү. Таны хэлсэн зүйл бол агуулгаар нь хасагдсан төсөл арга хэмжээ.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Барааны үнэ өссөн, валютын ханш чангарч байгаа нь эдийн засагт тодорхой хэмжээгээр хүндрэл гарч байна. Төсвийг хэмнэж тодотгол оруулж байгааг дэмжиж байна. Өнгөрсөн 2021 онд улсын төсөв хэлэлцэх үед төсвийн Зарлагын дэд хорооны даргын хувиар нийт 290 төсөл арга хэмжээг царцааж, 875 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн саналыг оруулж ирсэн. Сүүлдээ олон нийтийн анхааралд хүргэхийн тулд зургаан минутын илтгэлийг индрээс цээжээр хэлээд ч анхаараагүй. Өнөөдөр та бүхэн үнэнд гүйцэгдэж төсвийн тодотголыг оруулж ирж байна. Тэгэхээр нийт 420 төсөл хөтөлбөрийг зогсоох буюу хойшлуулж байгаа нь миний тавьж байсан шаардлагаас давсан байна.

Дээр нь 570 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэдэгт нэлээн дөхүүлжээ. Тиймээс улстөржихгүй хамтдаа урагшаа харж явъя. Хэмнэж болох ч орлогоо нэмэгдүүлэх тал дээр Сангийн яам, Засгийн газар санаачлагатай ажиллах ёстой. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өссөн үед хилийн гацааг арилгахад анхаарвал валютын орлого бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ Оюутолгой ордын татварын орлогыг урьдчилж нэг тэрбум ам.доллараар авах хэлэлцээр хий. Мөн "Эрдэнэт" үйлдвэрийн зэсийн баяжмалыг урьдчилан борлуулж, урьдчилсан борлуулалтын орлогоос ойрын үед оруулж ир. Тэгэхээр ойрын хугацаанд 1.5 тэрбум ам.долларын орлого оруулбал ханш унахаас сэргийлнэ.

Үүнийг Засгийн газар зайлшгүй хийх ёстой гэж үзэж байна. Дээр нь Засгийн газрын бондыг яаралтай гарга. Улс төрийн шалтгаанаар Засгийн газрын бондыг ардчилсан орнууд авах нөхцөл байдал ойрын үед харагдаж байна. Бага хүүтэй бонд босгох боломж байна. Үүнийг нь би дэмжиж болно.

        Энэ жил 500 сая долларын орлого төвлөрүүлэх хүлээлттэй байна

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: 

-Орлого нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Санаснаар болж өгөхгүй байна. Бид хүчин чадлаа харах ёстой. Экспорт 20-30 хувьтай л байна. Үлдсэн жилийн хагаст нөхөх талаар ажиллана. Төв банкны валютын нөөцөд үүсч байгаа төлбөрийн тэнцлийн богино хугацааны шокоос үүсч буй алдагдлыг нөхөх хэдхэн боломж байна. Олборлосон алт байвал төв банкинд яаралтай тушаах хэрэгтэй байна. Таны хэлсэн зээл тусламж, урьдчилгаа зэргийг бүх боломжоор татах хэрэгтэй байна. Тоо хэлэхэд эрт байгаа ч нааштай байна. Бидний ярьж байгаа зүйлийг та давхардууллаа. Оюутолгой ордоос бид олборлож буй баяжмалаас нь алт салгаж, төв банкинд тушаалгах тал дээр Монголын түвшинд ойлголцсон. Харин гадаад талаас зөвшөөрөл нь ирвэл ойрын хугацаанд амжилттай болно. Энэ жил 280 сая ам.долларын алт баяжмалаас нь гарч байгаа юм байна. Үүнийг төв банкинд төвлөрүүлэх нь нааштай болох болов уу гэсэн хүлээлттэй байна. "Эрдэнэт", “Эрдэнэс Тавантолгой” орд зэргээс экспортын урьдчилгаа авах ажлууд яригдаж байгаа нь амжилттай болж байна.

Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанид Чалкогоос 129 сая ам.доллар орж ирсэн. "Эрдэнэт" үйлдвэрээс энэ долоо хоногт 130 сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байна. Би ирэх долоо хоногт олон улсын валютын сантай уулзах уулзалтад явна. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны дэмжлэг ирэх жил болж хойшилсныг нааш татах зэрэг төлбөрийн гэрээ хэлэлцээрүүд явж байна. Энэ мэтчилэн ойрын хугацаанд 500 сая ам.долларын орлого төвлөрүүлэх хүлээлт бий.

14 : 02
2022-4-20

"Төсвөөс хөшөө, дурсгал барихыг хориглоно"

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын нэгдсэн чуулган эхэлснийг мэдэгдэж хэлэлцэх асуудлыг танилцуулав. Үүнд,

  • Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг

Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийн өмнө  танилцуулгыг хэлэв. 

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 

-Хөрш орнуудад эрчимжиж буй цар тахлын нөлөө болон хөрш орнуудын зэвсэгт мөргөлдөөнөөс үүссэн хямралт байдлаас өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай баталж өгсөн УИХ-д талархал илэрхийлье. Хэрэв энэ зохицуулалт хийгээгүй байсан бол АИ-92 автобензин 800-1000 төгрөгөөр нэмэгдэх байсан. Нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын төсвийн тодотголыг дагалдах хуулиудын хамт өргөн барьж байна. Энэ удаагийн төсвийн тодотгол дөрвөн онцлогтой. Төсөв дагалдуулж Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг өргөн барьж байна. Хуулийг УИХ-д өргөн барьж байна. Хуулиар дараах асуудлыг зохицуулна.

  • Хуульд тусгайлан заагаагүй бол УИХ, Засгийн газрын харьяа агентлаг болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга орлогч даргатай байхыг хориглоно
  • Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, дүүрэг, аймаг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч, дэд даргатай байхыг хориглоно.
  • Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэхийг хориглоно. Орон нутагт албан томилолтоос бусад төрийн албан хаагчид төрийн зардлаар автомашин унахыг хориглоно.
  • Хөшөө дурсгал үрэлгэн төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно
  • Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагын менежментийг сайжруулах зорилгоор 9800 автомашиныг 60 хувиар бууруулж цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл болно.
  • Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж орон тоо нэмэхийг хориглоно. Үндсэн цалингийн урамшуулал, нэмэгдэл хөлс олговор олгохыг хориглоно
  • Төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, гар утасны зардал, бэлэг солилцох, зочин төлөөлөгч хүлээн авах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг спортын арга хэмжээ санхүүжүүлэх, сургалтын төлбөр олгох, хандив төсөл санхүүжүүлэх, гадаад томилолтоор бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох болно.
  • Энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга зургаа, наадмын талбай гурав, соёлын төв долоо, спорт заал болон цогцолбор гурав, усан бассейн хоёр, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, айргийн өргөө нэг, орон нутгийн тохижилт зургаа, нийтийн эзэмшлийн зам талбай гурав зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө дурсгал, ухдаг гүйдэг хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай үрэлгэн төслийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно
  • Орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдан авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төрөөс батлан даах санал гаргалаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж