ОХУ дефолт болоход ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

ОХУ дефолт болоход ойрхон байна

ОХУ дефолт болоход ойрхон байна

Большевикууд Оросын эзэн хаан II Николай гэр бүлийг хэрцгийгээр хөнөөж, засгийн эрхэнд гарсны дараа 1918 онд дефолт болж байв. Тэгвэл үүнээс хойш  зууны дараа Орос улс гадаад өрнөөсөө болж дахин дефолт болоход ойрхон байгааг шинжээчид мэдэгдэж байна.

“Moody’s” агентлагаас дөрөвдүгээр сарын 14-нд хийсэн мэдэгдэлдээ, ОХУ нь доллараар авсан зээлийг рублиэр төлөх шийдвэр гаргасан нь гэрээний заалтыг зөрчиж байгааг анхааруулсан. Улмаар дефолтоос сэргийлэхийн тулд тавдугаар сарын 4-нөөс өмнө төлбөрөө ам.доллараар төлж эхлэхийг санал болгожээ.

АНУ болон барууны орнуудаас Москвагийн эсрэг тавьсан хориг арга хэмжээ Оросын эдийн засагт нөлөөлж буйн илрэл нь дефолт юм. Гэхдээ энэ нь ОХУ-аас Украинд хийж буй дайнд нөлөөлөх болов уу? Улс төрийн эдийн засаг, зөрчлийн чиглэлээр мэргэжсэн шинжээч Майкл Аллен, Мэтью Дигиусеппе нарын тайлбарласнаар дефолт нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дайн эхлүүлсний үр дагавар болох гэнэ.

ОХУ ЯАГААД ӨРИЙН ДЕФОЛТОД ОРОВ?

ОХУ-ын засгийн газар нийтдээ 40 тэрбум ам.долларын өртөг бүхий ам.доллар, еврогийн зээлтэй бөгөөд үүний тал хувийг гадаадын хөрөнгө оруулагчдаас татжээ. Москва нь ам.доллараар авсан хоёр бондын хүү болон бусад төлбөрт дөрөвдүгээр сарын 4-нд 650 сая ам.долларыг төдөх ёстой байв. Орос улс нь хангалттай хэмжээний валютын нөөцтэй. Тухайлбал, зөвхөн байгалийн хий, нефтийн нийлүүлэлтээс өдөрт  нэг тэрбум гаруй ам.доллартай тэнцэх валютын цуглуулдаг аж. Гэвч АНУ-ын тавьсан хоригоос шалтгаалан ОХУ-д орж ирэх ам.долларын хэмжээ хязгаарлагдаж эхэлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены захиргаанаас өмнө нь ОХУ-ыг гадаад өрөө төлөхөд нь зориулан царцаасан валютын нөөцөөс нь тодорхой хэмжээг зарцуулахыг зөвшөөрч байсан. Харин дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн АНУ нь тус улсын банкууд дахь ОХУ-ын валютын нөөцөөс ам.доллар авахыг бүрэн хориглосон юм.

Ингэснээр ОХУ нь рублиэр зээлийн төлбөрөө хийхээс өөр сонголтгүй болжээ. Гэвч ОХУ-аас “цэргийн тусгай ажиллагаа” нэрийн дор Украинд дайн эхлүүлснээс хойш рублийн ханш ихээр унасан. Энэ нөхцөлд ОХУ нь тавдугаар сарын 4-нөөс өмнө зээлийн төлбөрөө ам.доллараар хийхгүй бол 1918 оноос хойш анх удаа гадаад өрөөсөө болж дефолт зарлахад хүрээд байна.

Большевикууд хувьсгал хийж, засгийн эрхийг авсныхаа дараа олон улсын зээлдэгч нарт өрөө төлөхөөс татгалзсанаар дефоль болж байв. Үүнээс хойш 1998 онд ОХУ дефолт зарласан ба энэ нь дотоод өрөөс болсон байв.

ДЕФОЛТ ЗАРЛАВАЛ ЮУ БОЛДОГ ВЭ?

Аливаа улс гадаад өрөндөө дефолт зарлавал олон улсын хөрөнгө оруулагчид тус улсад мөнгө зээлэх хүсэлгүй эсвэл бүр боломжгүй болдог. Зээл олгосон ч тэд илүү өндөр хүү шаарддаг. Илүү өндөр хүүтэй зээлийг авахаас татгалзах эсвэл зээл авах боломжгүй болсноор тухайн улс зардлаа танахаас өөр аргагүй болно. Засгийн газрын зардлыг танаснаар эдийн засгийн үйл ажиллагаа нь буурч, ажилгүйдэл нэмэгдэж, өсөлт удааширна. Үүний үр дүнд болсон эдийн засгийн таагүй үр дагавар нь олон жилийн турш тухайн улсад үргэлжилдэг байна. Тухайлбал, дефолт зарласан орны олон улстай хийх худалдаа эрс багасч, буцаж сэргэхэд 15 жил, санхүүгийн зах зээлд буцаж ирэхэд найман жилийг зарцуулагддаг байна.

Аргентин улс 2001 онд дефолт зарлахад мөнгөн тэмдэг песогийн ханш огцом унаж, эдийн засаг нь агшин, инфляци хөөрөгдсөн. Хүнсний үнийн өсөлт, хомсдолоос болж орон даяар бослого тэмцэл өрнөж, эцэст нь ерөнхийлөгч нь огцорчээ.

Аргентины эдийн засаг 2007 онд эргэн сэргэсэн боловч хөрөнгө оруулагчдаас мөнгө зээлэх боломжгүй хэвээр байснаас болж 2014 онд дахин дефолт болсон байна.

ОХУ-Д ДЕФОЛТ ЯАЖ НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Барууны хориг арга хэмжээнээс болж ОХУ нь аль хэдийнэ олон улсын зээлдэгчдээс мөнгө татах боломжгүй болсон. Оросын засгийн газрын албаны хүн хэлэхдээ, Москва нь дотооддоос зээл авахгүй байхыг хичээж байгаа аж. Учир нь дефолт зарласнаар зээлийн хүү нь “тэнгэрт гарна” гэж үзжээ. Гэхдээ ОХУ нь газрын тос, нефтиэ хөнгөлөлттэй үнээр ч болов борлуулж, орлого олсоор байгаа учир богино хугацаандаа зээл авах шаардлагагүй байгаа аж. Ялангуяа, Энэтхэг, Хятад зэрэг орнууд Оросоос байгалийн хий, нефть авсаар байвал Москва тэссээр байх боломжтой. Путин дөрөвдүгээр сарын 14-нд мэдэгдэхдээ, хоригоос үүдэн экспортод саад тулгарч, үнэ өсч байгааг хэлсэн байна.

Оросын эрх баригчид дефолтоос зайлсхийхийг маш их хичээж буй. ОХУ нь дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл бондын төлбөртөө өмнө нь хурааж, хуримтлуулсан валютын нөөцөөсөө төлж байсан. Ингэснээр дахин ам.доллар, еврогоор зээл авах боломжтой байжээ. Түүнчлэн ОХУ нь хоригоос болж дефолт болвол хуулийн арга хэмжээ авахаа мэдэгдэж байв. Хачин санагдаж болох ч ОХУ нь бондын хөрөнгө оруулагчдад нэр хүндээ алдахаас болгоомжилж байгаа аж. Аргентины жишээнээс харвал засгийн газрын бондын төлбөрөө төлж чадахгүй дефолт болвол гадаадын хөрөнгө оруулагчдад нэр хүндээ алдаж, буцаж сэргэхэд хүнд гэдэг нь ойлгомжтой байна.

Урт хугацаандаа дефолтын нөлөө нь ОХУ-д бүр ч муу. ОХУ-ын хувьд Украин руу дайрах сонголт хийснээр энэ нөхцөл байдалд орсон. Олон улсын зүгээс Украин руу дайрснаас үүдэн эдийн засаг, санхүүгийн хүнд хоригт орно гэдгийг зөндөө сануулсан. Тиймээс хөрөнгө оруулагчдын хувьд ОХУ нь гадаад бодлогын ашиг сонирхлоо зээлдэгчдээс дээгүүр тавьдаг гэх ойлголтыг өгч, зээлийг хүүг үргэлж өндөр байх нөхцөлд хүргэнэ.

Дефолтын өөр нэг том эрсдэл нь зээлдэгчид өрийн төлбөртөө ОХУ-ын гадаад дахь хөрөнгийг хураан авах боломжтой. Олон улсын хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын гадаад дахь хөрөнгийг бүрэн царцаасан. Сүүлд явуулсан судалгаагаар зээлдэгчдийн 50 хувь нь өрийн төлбөрт ОХУ-ын гадаад дахь хөрөнгийг авах хүсэлт гаргасан байна.

ОХУ, УКРАИНЫ ДАЙНД ДЕФОЛТ ЯАЖ НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Засгийн газрууд зээл авч, бусдын мөнгөөр дайн хийдэг гэсэн үг. Үнэндээ зээл нь улс орнуудын хүчний тулааны гол эх үүсвэр нь байсаар иржээ. Тухайлбал, дэлхий дахинд 1823 оноос 2003 оны хооронд болсон дайны 88 хувь нь ямар нэгэн хэмжээгээр гадаадын банк, хөрөнгө оруулагчдаас авсан зээлээр санхүүжжээ. Энэ нь “Game of Thrones,” кино бодит байдал дээр болдог гэсэн үг. Судалгаагаар өрийн дефолт болсон эсвэл зээлжих зэрэглэл муу орнууд цэргийн хүчин чадал сул байдаг нь ажиглагджээ. Улмаар зээлийн зардал багатай орнууд дайнд ялах магадлал өндөр.

Тиймээс дефолт нь урт хугацаандаа ОХУ-ын өдүүлсэн дайнд нөлөөлнө. ОХУ нь Киев рүү дайрахдаа хэдхэн хоногийн дотор бууж өгөх буюу эзлэн авахаар төлөвлөсөн ч украинчуудын эсэргүүцэл төсөөлснөөс хүчтэй байна. Өдгөө дайн 56 дахь өдрөө үргэлжилж байна. Эхэн үеийн тооцоогоор ОХУ нь дайнд өдөрт 20 тэрбум ам.долларыг шууд болон шууд бусаар /эдийн засгийн алдагдал/ зарцуулж байна.

Хэрэв Украин илүү удаан тэсч, Европын холбоо Оросын газрын тосны импортыг бүрэн хориглож, нефтийн үнэ унавал Москвагийн зээл авах боломж улам буурах гэнэ. Эцэстээ ОХУ-ын дайн хийх чадамжид нөлөөлнө.

ЭХ СУРВАЛЖ: THE CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж