Монголын циркчдийн хоёрдугаар чуулган энэ сарын 22-нд болно. Энэ талаар өнөөдөр /2022.04.20/ Монголын мэргэжлийн циркчдийн холбооноос мэдээлэв. Тэдний төлөөлөл уг чуулганаар Монголын үндэсний циркийн статусыг дахин сэргээнэ гэдгийг тодотгов. Мөн тэд циркийн нэгдсэн холбоотой болж удирдлагаа сонгохоор төлөвлөжээ.
Монголын мэргэжлийн циркчдийн холбоонын тэргүүн Т.БУД:
-Бид циркийн урлагийг хөгжүүлэхийн тулд хамтран үйл ажиллагаа явуулна. Үүнийг ч циркийн урлагийнхан дэмжиж байгаа. Монголын циркчдийн хоёрдугаар чуулган бол эрх ашгийн төлөө биш юм. Нийт циркчдийн болон нийт ард түмний эрх ашгийг хамааруулах холбоо болох зорилготой. Чуулга уулзалтыг Монголын мэргэжлийн циркчдийн холбоо, Монголын циркчдийн холбоо, Монгол Улсын консерватурийн бүжиг циркийн мэргэжлийн сургууль, Монголын ахмад зүтгэлтнүүдийн хороо, Монгол циркийн хөгжлийн төв, Шинэ цирк төв зэрэг 30 гаруй байгууллага хамтран зохион байгуулна. Мөн “Аса” цирк чуулганд оролцож циркийн асуудлаар өөрсдийн тайланг тавина. Бидний ерөнхий байр суурь бол эв нэгдэл юм. Чуулганы үр дүн ач холбогдол төр, ард түмэнд дуу хоолой болох болов уу.
"ЦИРКИЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД БИД НЭГЭН ДЭЭВЭР ДОР НЭГДЭНЭ"
Монгол Улсын консерватурийн Циркийн тэнхимийн эрхлэгч Ю.ГЭРЭЛБААТАР:
-Бид дэлхийн 150 гаруй улсад 5000 гаруй циркт тоглолтоор явдаг боловч ард түмэндээ сайхан тоглолтуудыг байнга хүргэж чадахгүй, олон талын хүндрэлтэй асуудал байгаа. Цирк бол асар өндөр урлаг. Ямарваа тоглолт хийхэд бид орон зайнаас авхуулаад бэлтгэл сургуулилалт хийхэд зайлшгүй шаардлагатай байдаг. Бид тухайн орон зайнд дасах, аюулгүй байдлаа хангах, техникийн шаардлага хангадаггүй. Бидэнд тулгамдаж буй гол асуудал нь төрд хандаж, бидний эрх ашгийг хамгаалах асуудлыг хүргэж ирсэн. Төрөөс циркийн салбарынхан нэгдэж, нэг бодлоготой болбол дэмжинэ гэдгийг хэлсэн. Миний хувьд циркийн салбараа хариуцдаг. Манай салбарт тулгамддаг асуудал нь байр юм. Үүнийг шийдэхэд нэг удирдлагатай болохгүй бол цаашид хөгжихгүй нь гэсэн дүгнэлтэд хүрч, эв нэгдэлтэйгээр нэгэн дээвэр дор оръё гэсэн санаагаар чуулганыг зохион байгуулахаар болж байна. Чуулганаар бид нэгдсэн удирдлага, ТУЗ-ийн гишүүдээ сонгоно.