Биеийн тамирын хичээлийн цаг бага, заалны хүрэлцээ муу байна

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

Биеийн тамирын хичээлийн цаг бага, заалны хүрэлцээ муу байна

Биеийн тамирын хичээлийн цаг бага, заалны хүрэлцээ муу байна

Дунд сургуульд биеийн тамирын хичээлийн цаг хангалттай бий юу. Ер нь хэр чухал хичээл вэ. Техник, технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед эцэг, эхчүүд хүүхдээ инженер, эмч, хуульч, эдийн засагч болоход бэлтгэж, анхаардаг болж. Гэхдээ нөгөө талдаа эцэг эх нь ч, төр засаг нь ч биеийн тамир, эрүүл мэндийн боловсролыг нь орхигдуулсан мэт.

"World Obesity Federation" буюу Дэлхийн таргалалтын холбоо 2017 онд Монгол Улсад судалгаа хийжээ. Энэхүү судалгаанд нийт 5882 сурагч хамрагдсанаас ахлах ангийн сурагчдын 3.4 хувь таргалалттай, 10 хувь илүүдэл жинтэй гэж гарчээ.

Харин дунд ангийнхны 2.4 хувь нь таргалалттай, 10.7 хувь нь илүүдэл жинтэй, бага ангийнхны гурван хувь нь таргалалттай, 11.7 хувь нь илүүдэл жинтэй гэж тус тус тодорхойлсон байна. Гэхдээ энэ бол цар тахлаас өмнөх тоо баримт гэдгийг санах хэрэгтэй.

Сургууль хүүхдийн тархийг хөгжүүлэхээс гадна бие бялдрыг нь чийрэгжүүлж, ядаж л амьсгалын дасгал хэрхэн зөв хийх талаарх мэдлэгийг олгох ёстой газар. Ердийн ерөнхий боловсролын сургуульд долоо хоногт 40 минутаар хоёр цаг биеийн тамирын хичээл ордог.  Сургалтын цөм хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу энэ хоёр цагийн хугацаанд сурагчид хөдөлгөөнийг танин мэдэх, бие бялдрын хөгжил, чийрэгжилтээ харуулах, хөдөлгөөний техникийг гүйцэтгэх, хөдөлгөөнөөр дамжуулан харилцах зэрэг чадваруудыг эзэмшсэн байх ёстой аж.

Өөрөөр хэлбэл, нийтийн гэж болохуйц спортын төрлүүдийн үндсэн суурь техникүүдтэй танилцаж, хөдөлгөөний эвсэлтэй болох зорилготой. Тэгвэл энэ хөтөлбөр амьдрал дээр хэрэгжиж байна уу. Энэ талаар тодруулахаар спортын дунд сургуулийн сургалтын менежер, цөм хөтөлбөр боловсруулсан ажлын хэсгийн гишүүн н.Гэрэлт-Одтой уулзлаа. Сургалтын цөм хөтөлбөр нь 2014 онд анх батлагдаж, 2019 онд шинэчилсэн, сайжруулсан хувилбар нь гарчээ.

"БАЙР ТАЛБАЙГАА ТОМСГОЖ, ХҮҮХДИЙН ТООГОО БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ"

Тэрбээр “Анх суралцахуйн зорилтуудын бүгдийг нь бус чухлыг нь авч хэрэгжүүлнэ гэсэн зарчимтай байсан. Харин одоо бүх суралцахуйн зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой гээд заачихсан. Бүлэг тус бүр дээр 3-4 зорилт бий. Аливаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэгдүгээрт, багшийн ур чадвар, хоёрдугаарт хичээлийн хэрэглэгдэхүүн, зай талбай чухал байдаг. Өөр, өөр түвшний чадвартай, бие махбодьтой хүүхдүүд нэг цагт хамтдаа хичээлд ордог учир тэдний онцлогт тааруулан дасгал хөдөлгөөн хийлгэх хэрэгтэй. Бүгдэд нэг дасгал өгвөл явуургүй, үр дүн муутай. Нэг хэсэг нь хэдийнэ бөмбөг залж байхад нэг хэсэг нь анх удаагаа бөмбөгтэй танилцаж байх жишээтэй” гэв.

Түүний хэлснээр биеийн тамирын хичээлийн хугацааг долоо хоногт гурван цаг болговол үр дүнтэй аж.

Энэ талаараа тэрбээр тайлбарлахдаа “Биеийн тамирын хичээлийг долоон хоногт гурван цагаар хичээллүүлвэл бидний хөтөлбөрийн үр дүн илүү гарна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд боломжгүй зүйл биш. Гэхдээ заал томтой, сайтай, хүүхэд цөөн газар л хэрэгжих боломжтой. Тэрнээс биш Улаанбаатар, аймгийн төвүүдийн сургуулиудын 40-50 хүүхэдтэй, зааландаа 2-3 анги хамт ордог ийм нөхцөлд бүрэн хэрэгжих учир дутагдалтай. Захын нэг сургууль руу ороход л нэг жижиг зааланд хоёр ангийн 60-70 хүүхэд хамт хичээллэж байгаа. Багш хүүхдүүдээ зогсоож байгаад гимнастик, дасгал хийгээд л тараахаас өөр аргагүй. Тэнд хөтөлбөр хэрэгжих боломж үгүй. Тиймээс байр талбайгаа томсгож, хүүхдийн тоогоо багасгах хэрэгтэй” гэлээ.

"ИЛҮҮ ЦАГ НЭМСЭН НЬ ЗҮГЭЭР"

Ажлын хэсгийн гишүүний үг бодит байдал дээр ямар байгааг сурвалжлахаар Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг зорилоо. Үд хэвийх үеэр очсон тул дунд ангийнхны хичээл хэдийнэ эхэлжээ. Жижиг гэж хэлж болохуйц модон шар шалтай заалны нэг талд сургуулийн сагсны багийн охид, нөгөө талд нь нэг ангийн хичээл орж байв.

Тус сургуулийн биеийн тамирын багш н.Бямбадорж "Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас сурагчид гэртээ “хоригдож”, хөдөлгөөний дутагдал, утасны хамааралтай болсон мөн сахилга бат муудсан" талаар хэлэв.

Тэрбээр “Хоёр жил гэртээ байсан хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орсноос гадна хүмүүжил нь суларсан байна. Энэ жилийн зургаан настнууд хоёр жил цэцэрлэгт яваагүй гэртээ байсан учир хөдөлгөөний дутагдалтай, нялх байна. Наснаасаа балчир сэтгэхүйтэй, хөдөлгөөнтэй байна” гэв.

Харин түүнээс заал, танхимын хүртээмжийн талаар асуухад “Манай сургуулийн хүүхдийн тоо их, анги танхимын хүртээмж тааруу. Нэг ангид л гэхэд 50-аас дээш хүүхэд байна. Заалны хүртээмж бол байхгүй. Нэг анги долоо хоногт хоёр цаг хичээллэх нь боломжийн. Гэхдээ хангалттай биш. Заал хүртээмжтэй байвал нэг анги, нэг том зааланд хичээллэвэл болно. Хэрэв ийм байвал илүү цаг нэмсэн нь зүгээр” гэж хариулав.

“ХӨЛ ХОРИОНД ОРСОН ХҮҮХДҮҮД БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛД ОРОЛЦОХ ИДЭВХИ НЬ СУЛАРСАН”

Сурагчид хичээлээс гадуур спортын секц, дугуйланд явж, бие бялдараа чийрэгжүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бий. Гадуур үйл ажиллагаа явуулдаг дугуйлангийн төлбөр харилцан адилгүй байдаг учир сургуулиудын биеийн тамирын багш нар ч сурагчдадаа зориулан өөр өөрсдийн мэргэшсэн спортын төрлүүдээрээ дугуйлан хичээллүүлдэг аж.

Хоёрдугаар сургуулийн тухайд сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг зэрэг спортын дугуйлантай. Ингэхдээ сурагчдаасаа төлбөр мөнгө авдаггүй гэнэ.

Багш н.Бямбадорж “Заал хүртээмжгүй учир секц дугуйлан хичээллүүлэх цаг нь хомс байдаг. Тамирын багш нар амралтын өдрүүдээр секц хичээллүүллээ гээд нэмэгдэл цалин, урамшуулал зэргийг авдаггүй. Энэ дээр гомдолтой л байдаг” гэлээ.

Ерөнхийдөө зааланд байх хүүхдүүдийн хандлага хоёр туйл руу тэмүүлнэ. Нэг хэсэг нь доороо ч хамаагүй гүйж, харайж байхад өөр нэг хэсэг нь заалны булан тохойд утастайгаа нөхөрлөжээ. Тэднээс яагаад хичээлдээ оролцохгүй байгааг нь асуухад нэг охин нь “Хувцсаа гэртээ орхичихсон байна” гэхэд найз нь “Хийх юм олдоггүй юм аа. Тэгээд ч гар өвчтэй байгаа” гэв.

"ХҮҮХЭД БҮР БИЕИЙН ТАМИРТ ДУРТАЙ БИШ"

Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийнхан биеийн тамирын хичээлдээ хэр идэвхитэй хамрагддаг талаар нь асуулаа.

Нийслэлийн 31 дүгээр сургуулийн төгсөх ангийн сурагч Э.Ариунзаяа “Энэ жил төгсөх анги учир ерөнхийдөө ЭЕШ өгөх хичээлүүд дээрээ л бүтэн анхаарч байна. Дунд ангидаа бол идэвхитэй оролцдог байсан. Өөрөө ч сагсан бөмбөгт дуртай учир ангийнхаа охидуудтай хамт тоглодог байсан” гэсэн бол Ирээдүй цогцолбор сургуулийн дунд ангийн сурагч Б.Хангай "Бүгд хичээлдээ идэвхитэй хамрагдаж чаддагүй ээ. Хүүхэд бүр биеийн тамирт дуртай биш ш дээ. Хааяадаа сунгалтын дасгал хийхээр ядаргаатай санагддаг юм" гэв.

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж