"Улсын нэгдсэн төсвөөр тойргийн төсөв л баталж байна"

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

"Улсын нэгдсэн төсвөөр тойргийн төсөв л баталж байна"

"Улсын нэгдсэн төсвөөр тойргийн төсөв л баталж байна"

УИХ-ын гишүүд болон зарим намын төлөөллүүд өнөөдөр /2022.04.20/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.


"АВЛИГАЖСАН ТӨРӨӨ АВЧ ҮЛДЭХ САНАЛ ОРЖ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУД ЗАЛУУСТАЙГАА ХАМТАРНА"

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас төсвийн тодотгол оруулж ирж байна. Ердөө 10 хүрэхгүй хоногийн өмнө маш олон залуус Төв талбай дээр гарч жагссан. Маш олон санал улс төрийн намуудад хүргүүлсэн. Бид энэ асуудлыг боломж болгож харах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, 30 жилийнхээ алдаа, оноо дээр дүгнэлт хийх цаг болжээ. Үүсээд буй асуудлыг маш хялбараар шийдэх биш, углуургаар нь, үндсээр нь шийдэх шаардлагатай болжээ гэдэг дээр улс төрийн намууд ойлголцоод, УИХ-д суудалтай МАН, АН, Хөдөлмөрийн үндэсний нам болон УИХ-аас гадуур байгаа намууд зөвшилцөөд, тодорхой саналууд дэвшүүлж байна.

Өөрөөр хэлбэл, тогтолцооны өөрчлөлт хийе гэж байгаа юм. Өнөөдөр Үндсэн хуулийн тогтолцоонд ямар өөрчлөлт хийх шаардлага байна вэ, яагаад өнөөдөр юм бэ, яагаад бид цаг алдаж болохгүй юм бэ, яагаад хамтдаа одоо өөрчлөлт хийх хэрэгтэй вэ гэдэг  агуулгаар бид нэгдэж байна.

Ардчилсан намыг төлөөлж УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Иргэний зориг, ногоон намыг төлөөлж намын дарга Ц.Ганхуяг, Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, Монголын уламжлалын нэгдсэн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өнөрбаяр тэргүүтэй улс төрийн хүчний төлөөллүүд бусад улс төрийн хүчнээ төлөөлөөд, хэвлэлийн бга хурал хийж байна. Үндсэн хуулинд ямар зүйл, заалт оруулах ёстой бэ гэдгийг товчхон мэдээллүүд ээлжлээд өгнө.

-Залуучууд улс орноосоо дүрвэж байна. Амьдрах арга алга. Хэмнэх юм бол өөрсдөө хэмнэ. Монголдоо хүн шиг сайхан амьдаръя гэсэн маш энгийн шаардлага тавьсан. Талбай дээр ирж чадаагүй залуучуудыг сонсъё гээд “Залуучуудаа сонсъё, өөрсдөө хэмнэ” гэсэн арга хэмжээг ХҮН-аас хийсэн.

Залуучууд маш энгийн, тодорхой зүйл хүссэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Засгийн газраас УИХ-д өгөх төсвийн тодотгол орж ирж байна. Төсвийн тодотголоор тавь 10 хувийн хэмнэлт гаргасан байдлаар оруулж ирж болохгүй. Тэгвэл залуучууд дахин гарч ирнэ шүү. Одоо үүн дээр дүгнэлт хийгээд, улс төрийн намууд тойрч сууж байгаад тогтолцоогоо өөрчилье.

Маш энгийнээр, тойрогтоо дээвэр засдаг, хаалга шийддэг улс төрчидтэй байх юм уу, эсвэл 3.4 сая иргэнээ яаж ажлын байраар хангах вэ, яаж дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэнийг ирээдүйн 30 жил бүтээх вэ гэдгийг ярьдаг УИХ-тай байх юм уу. Өнөөдөр үүнийг ярья гэж байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж байна.

Нэгдүгээр сарын 13-ны өдөр улс төрийн намууд санал нэгдээд, Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж шийдсэн. Үүнийг өнөөдөр шийдэхгүй бол маргааш гэж байхгүй юм байна. Улсын төсвийн тодотголоор үр дүнтэй хэмнэлт хийж чадахгүй, өөрсдийнхөө авлигажсан том төрийг авч үлдэх санал орж ирвэл улс төрийн намууд ирэх долоо хоногоос залуучуудтайгаа хамт талбайг дүүргэнэ шүү.

Улс төрийн намуудын хувьд өнөөдөр маш чухал өдөр. Сонгуулийн тогтолцоо, Үндэсний аюулгүй байдал, хэмнэлтийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Өнөөдөр төр хамгийн их татвар төлдөг, төр хамгийн их ажлын байр бий болгодог, төр хамгийн их авилга авдаг болчихлоо. Ийм улсад хэн ч амьдрах боломжгүй. Тиймээс энэ асуудлаа шийдье” гэв.

"СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГОО ӨӨРЧИЛЬЕ, ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЪЯ"

УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА:

-Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн, улс төрийн хямрал болж байна. Болж, бүтэж байгаа зүйл тун ховор байна гэж иргэд хүртэл жагсаж байна. Улстөрчид бид хүмүүс шүүмжлэхээр, эсвэл жагсахаар гал унтраах төдийд хандаж туйлын болохгүй юм. Бид маш холын стратеги, төлөвлөгөөтэй, хөгжлийн бодлогоо дагаж ажиллах ёстой юм. Энэ бүгдийн суурь шалтгаан нь сонгуулийн тогтолцоо болоод байна. Сонгуулийн мажоритар тогтолцоо энэ олон хямралыг авчрах үүд хаалгыг нээж өгч байна.

Зөвхөн 2020 оны сонгуулиар санал өгөх сонгогчдын 42 хувь нь МАН-д санал өгсөн байхад өнөөдөр УИХ дээр 83 хувь, Засгийн газарт 100 хувь. Хэт нэг намын давамгайлал улс орны хөгжлийн гацааг гаргаж чадахгүй юм гэдгийг харуулж байна.

Би 2012-2016 онд холимог тогтолцоогоор сонгогдсон парламентад ажиллаж байсан. Үнэхээр гишүүн болгон завгүй ажилладаг, гишүүн болгоны үгийг сонсдог, улс төрийн намууд хоорондоо зөвшилцдөг, мэтгэлцдэг, нэгнийхээ шүүмжийг хүлээж авдаг ийм сонгодог парламент байсан юм. Өнөөдөр намын даалгавраар асуудлуудыг шийдэж байна. Тийм учраас бид энэ байдлыг өөрчлөхгүйгээр улс төрийн хямралаас гарахгүй. Ардчилсан нам УИХ-д маш цөөхөн суудалтай байна. Сөрөг хүчнээ сонсдоггүй үед яадаг вэ гэхээр ард түмэн сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж гудамжинд гарч жагсч байна. Бид парламент дотроо асуудлыг ярьдаг, шийддэг байх ёстой. Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засаг туйлын хүнд байдалд байна.

Монгол Улсын нэгдсэн төсөв баталж байгаа боловч дандаа тойргийн төсөв батлаад байна. Яагаад гэвэл сонгуулийн тогтолцоо нь тийм. Үүнээс салж байж Монгол Улсын хөгжил ямар байх вэ гэдгийг шийднэ. Бид сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, байшингийнхаа суурийг засч байж дараа дараагийн хуулиудаа өөрчлөхгүй бол ямар ч шаардлага хангахгүй байна. Улс төрийн намын тухай хуулийг одоо хэлэлцээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Улс төрийн нам хөгжлийг түүчээлэгч биш гацаагч болж байна. Тиймээс улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн намууд институцээр хөгжиж, үзэл баримтлалтай байхын тулд яах аргагүй сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна.

"ХҮМҮҮНЛЭГ, ИРГЭНИЙ, АРДЧИЛСАН НИЙГЭМ БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЗОРИЛГООСОО ХАЛЬСАН"

Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.ЦОГТГЭРЭЛ:

-2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Миний бие энэ өөрчлөлтийн хуулийн төсөл боловсруулах ажлын дэд хэсэгт ажиллаж байсан. Үндсэн хууль зөвхөн тусгаар тогтнолын баримт бичиг бус, хөгжил дэвшлийн баримт бичиг байх ёстой. Тийм учраас Үндсэн хуулийн эдийн засаг гэсэн бүлэг оруулах ёстой гэсэн санаачлага гаргаж байсан. Харамсалтай нь энэ талаар ерөөсөө ороогүй, бүрэн орхигдсон. Тийм учраас эдийн засгийн томоохон асуудлууд ялангуяа үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш, инфляци зэрэгтэй холбоотой зохицуулалтуудыг Үндсэн хуулиндаа бэхжүүлж өгч байж улс орноо хөгжүүлэх суурийг бий болгох юм.

2019 онд Үндсэн хуульд орсон нэг том өөрчлөлт бол 70 гаруй мянган иргэд сонгогчдоос гаргасан хөдөө орон нутагт, анхан шатанд намчирхдаг талцдаг байдлыг саармагжуулахад чиглэсэн орон нутагт намчирхлыг сааруулах гэсэн бүхэл бүтэн бүлэг байсан. Харамсалтай нь, тухайн үед эрх барьж байсан МАН-ынхан бүлгийн хурал дээрээ яриад, өөрчлөөд, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх нь гэсэн сэдэвтэй болгоод, үндсэн намчирхлын асуудлыг бүрмөсөн орхисон байгаа юм.

Намчирхал хэрээс хэтэрч, айл өрх, албан байгууллага, бүх шатанд нэвтрсэнээс болоод бүх амьдрал нь сонгуульд чиглэсэн, сонгуулийн эдийн засагтай орон болоод байна. Бидний байнга ярьдаг жижиг, дунд үйлдвэрээс эхлээд салбар бүрийн хөгжил, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг энэ бүгд намчирхлын сөргөлдөөн, сонгууль сонгуулиар гарч ирж бие биенээ нухчин дардаг өрсөлдөөн, хийрхсэн намчирхлын золиос болоод өнөөдөр ямар ч бизнес анхан шатнаасаа соёолж ургаж чадахгүй байна. Яг л байшин барилга барьж байгаа юм шиг, нэг нь гурван давхар байшин бариад, дараагийн жил нь дараагийн улс төрийн хүчин гарч ирээд нураагаад,  хажууд нь цоо шинээр суурь тавьдаг шиг. Ийм байгаа учраас Монголын хүнс, хөдөө аж ахуй, бүх салбар хөгжихгүй байна. Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах үндсэн зорилгоосоо хальсан, намын улс төрийн нөлөөлөлтэй улс орон болж байна.

Улс төрийн 10 гаруй нам нэгдээд, Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хуулиа нэг мөр шийдье гэдэг саналаа УИХ-ын Тамгын газарт хүргүүлж байна.

"УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 200 ХҮРТЭЛ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ"

Үнэн ба зөв намын дарга А.ОТГОНБААТАР: 

-30 жил явсан энэ улс төрийн тогтолцоо өнөөдөр нурж унаж байгаа юм. 30 жил явсан энэ тогтолцоондоо манай ах нар хулгайгаа хаана нууж, хаашаа гуйвуулах вэ гэдэг аргаа мэргэн сурчихаж. Энийг манай залуучууд харсан учраас жагсч байна. Тогтолцооны алдааг засахын тулд улс даяараа нэг тойрог буюу пропорционал тойрогтой болох хэрэгтэй. Ингэснээр хамгийн чадвартай аавын хүү сонгогдож, Төрийн ордонд өөрчлөлтийн салхи сэвэлзэнэ. Тогтолцоог өөрчлөхгүй бол бид үхлийн тойргоос гарахгүй. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, тэдний халдашгүй эрхийг цуцлах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн тоог 200 хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж