Барууны хориг арга хэмжээнд өртсөн Оросын банкны саятан дайныг шүүмжилж, Путинд хандан үгээр дайрчээ. Энэ нь Оросын санхүүгийн салбарын хүрээлэлд ховорхон тохиолдол болов.
Өдгөө 52 настай Олег Тинков нь "Тинкофф" банкны эзэн бөгөөд дэлхийн анхны, хувийн, мөс хагалагч супер дарвуулт завийг эзэмшдэг. Мөн 50 сая фунт стерлингийн үнэтэй “Dassault 8x” тийрэлтэт онгоцтой. Тэрбээр өчигдөр /2022.04.19/ инстаграмдаа дайныг шүүмжилжээ.
“Оросын армийн генералууд өглөөд шартаж сэрж байна. Тэд ийм хөгийн армитай. Бүх зүйл нь хөгийн, төрийн албыг төрлийн алба болгосон улсад яаж сайн арми байх вэ дээ. Мэдээж “Z” хөдөлгөөн өрнүүлж буй мулгуучууд байна. Гэхдээ аль ч улсад мулгуучууд нь 10 хувийг л эзэлдэг. Оросуудын 90 хувь нь дайныг эсэргүүцэж байна. Путинд аллагыг зогсоож, нэр нүүртэйгээ үлдэх гарц гаргаж өгөхийг барууныханд уриалж байна” гэсэн утгатай зүйлсийг бичсэн байна.
Сибирийн нүүрс олборлогчийн хүү Тинков нь "Тинкофф" банкийг нээхээсээ өмнө шар айраг, банш зардаг байсан. Гэвч 2006 оноос хойш 14 жил ажилласны эцэст цусны цочмог хорт хавдар туссан гэдгээ зарлаж, ТУЗ-ийн даргын суудлаа өгчээ. Дайн эхэлснээс хойш "Тинкофф" банкны хувьцаа 90 гаруй хувиар буурч, Тинков ч тэрбумтан сэтрээсээ салсан байна.
Алдарт "Форбес" сэтгүүл түүнийг ойролцоогоор 800 сая ам.долларын хөрөнгөтэй гэж тооцоолжээ.
Тэрбээр АНУ-ын иргэншилтэй байсан бөгөөд 2013 оны аравдугаар сард үүнээсээ татгалзсан гэх мэдээлэл байна. АНУ-ын Хууль зүйн яам түүнийг 300 мянган ам.долларын хөрөнгөтэй гэж баримт бичиг бүрдүүлсэн гэв. Холбооны эрх баригчид Тинковыг АНУ-ын татвараас зайлсхийхийн тулд Их Британийн Виржиний арлуудаар дамжуулан нэг тэрбум гаруй ам.доллар дамжуулсан гэжээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ