Ц.Даваажав: Үхрийн үүлдрээ сайжруулж, сүүний гарцаа нэмэгдүүлж чадсан

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

Ц.Даваажав: Үхрийн үүлдрээ сайжруулж, сүүний гарцаа нэмэгдүүлж чадсан

Манайх Увсаас Улаанбаатар хот руу 2013 онд нүүж ирэхдээ 10 айлын газар авч, мод тарьж эхэлж байлаа. Анх модоо услах гэж хол худгаас 10 тонн ус зөөдөг байж байгаад хашаандаа гүний худаг гаргаж усалгаагаа хийдэг болсон. Ногоо, мод  тарьж, борлуулдаг байсан ч байнгын орлого болж чадахгүй л байcан. Тэгээд жилийн дөрвөн улиралд орлоготой байхын тулд үхрийн фермтэй болсон доо.

Үхрийн нүд, чацаргана, шар хуйс, хайлаас, улаалзгана, интоор, тэхийн шээг, цагаан бургас, гацуур тарьдаг. Жилд 2,000 орчим мод гаргадаг. Бойжуулсан модны зарим нь борлохгүй бол тарьдаг хүмүүст зүгээр өгчихдөг. Гурван нас хүрсэн модны үндэс томорчихдог болохоор дахин тарьж болдоггүй.  Тийм болохоор бойжуулаад л худалдаалдаг.

Манайх хүлэмждээ өргөст хэмх тариалдаг. Хоёр хүлэмжээсээ жилдээ нийт  5 тонн өргөст хэмх хураадаг. Энэ жилээс сонгино тарьж үзэх гээд үрсэлгээгээ суулгачихсан. Өргөст хэмхээ бөөний үнээр нийлүүлдэг. Наадмын өмнө гарсан өргөст хэмх л үнэтэй зарагддаг /4000 төг/. Үнэ нь аажимдаа унаад, наймдугаар сар гэхэд 1000 төгрөгийн үнэтэй болдог.

Би 41 үхэртэй өдөрт 80-100 литр сүү авдаг. Сүүгээ Сүү болон АПУ компани,  хувийн дэлгүүрүүдэд нийлүүлдэг. Өвөл манай үхрийн сүүний гарц эрс мууддаг, гарцыг нь өдөрт 60-70 литрээс буулгахгүйн тулд сүүний үүлдрийн үхэр авах хэрэгтэй болсон. Гэтэл надад эргэлтийн хөрөнгө байгаагүй. Зээл судалж байгаад “Рио Тинто” групп “Инвескор” санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа бизнес эрхлэгчдийг дэмжих жилийн 4.8 хувийн хүүтэй зээлийг мэдэж авсан. Зээлээрээ сүүний үүлдрийн гурван үхэр авч, гарцыг нь нэмэгдүүлж чадсан. Үүлдэр нь ч сайжирсан. Миний зээл долоо хоногийн дотор л гарсан.

Би өглөө 04:00 цаг гэж босоод 08:00 цаг гэхэд үнээгээ саагаад дуусчихдаг. Сүүний компаниуд эрт ирж сүүгээ авна. Тэгээд л ногоо, модоо арчилна даа. Ер нь үхэртээ тэжээл өгөх, услах, хариулах, ногоо, модоо арчилсаар нэг мэдэхэд л өдөр өнгөрчихсөн байдаг. Миний хувьд хөдөлмөр хүнийг бүтээдэг гэж хэлэх дуртай. Аав, ээж маань зүгээр суудаггүй хүмүүс. Тэднээсээ үлгэр дуурайл авч, өнөөдрийн би бүтсэн байх. Хэдэн үхрийнхээ буянд орлоготой сайхан л амьдарч  байна. Гол нь л хөдөлмөрлөх.

Ногоогоо хураагаад шуудайлаад тал газар ярайлгаад тавихад хонь бэлчиж байгаа юм шиг л харагддаг. Хар газраас энэ олон шуудай ногоог тарьж гаргалаа даа гэж бодохоор өөрийн эрхгүй бахдалтай санагддаг. Ер нь аливаа ажилд сэтгэлээсээ л хандах хэрэгтэй. Малыг ч сэтгэлээсээ хариулахад өсөөд, үржээд л байдаг. Ногоог ч мөн сэтгэлээсээ тарихад ургаад л байдаг. Цаашдаа үхрүүдээ илүү тохилог байранд байлгаж, туслах малчинтай болох бодол бий. Тэгчихвэл ногоо тариалахдаа илүү их цаг гаргаж, өөр олон төрлийн ногоо, мод ургуулж чадна. Ер нь ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж