Төрийн хяналт шалгалтыг зогсоох тухай хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

Төрийн хяналт шалгалтыг зогсоох тухай хуулийг хэлэлцэнэ

Төрийн хяналт шалгалтыг зогсоох тухай хуулийг хэлэлцэнэ

Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард төрийн хяналт шалгалтыг гурван жилээр зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх талаар мэдэгдсэн. Уг хуулийн төслийг гуравдугаар сарын 24-нд УИХ-ын чуулганаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2022.04.20/ Төрийн байгуулалтын байнгын хороо 11:00 цагт төрийн хяналт шалгалтыг зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 

Тодруулбал, хуулийн үйлчлэл гурван жилийн хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжинэ. Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаа, тэдгээрээс гарсан дүгнэлтэд дурдагдсан байдаг. Тухайлбал, 2020 оны байдлаар бизнесийн салбарын ажилтнуудын тоо 50 хувь буурсан бөгөөд бусад хүчин зүйлс нөхцөл байдлыг улам дордуулсныг дараах байдлаар хариулжээ. Авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал бизнест хамгийн их тээг болж байгааг мөн санал нэгтэй хэлж, эдийн засаг, засаглал, хууль эрх зүйн орчин хамгийн муу үнэлэгджээ.

Төрийн байгууллагын авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдал анхаарал татахуйц байгаа юм. Учир нь бизнес эрхлэхэд эдгээр зүйлс хамгийн их саад болдгийг бизнес эрхлэгчдийн дийлэнх тодорхойлсон байгаа юм. 

ДЭЭРХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заажээ.

Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлнэ. Түүнчлэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй.

Энэ хуулийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоох, үйл ажиллагааг шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэх тухай зохицуулалт нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй.

Хяналт шалгалтын үр дүнд торгууль ногдуулах бус, эхлээд зөвлөн туслах шинжтэй албан шаардлага хүргүүлэх нь хяналт шалгалтын байгууллага иргэдэд илүү ойр байж, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, туслах, дэмжих чиг үүргийг хэрэгжүүлдэг болоход ач холбогдолтой гэж үзжээ.

ЧУУЛГАНААР ГИШҮҮД ЮУГ ОНЦЛОВ

Бизнес эрхлэгч нарт татвар, нийгмийн даатгалын дарамт, шахалт "тушаа" болж байгааг хэлсээр ирсэн. Угтаа эдгээр хяналт, шалгалтыг гурван жилээр хойшлуулсан бол бодит дэмжлэг болох байлаа гэдгийг шүүмлжлэх хүн ч олон байна. Тэгвэл татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын хяналт, шалгалтыг зогсоовол улсын төсөв бүрдэхгүй учраас шууд орлого олдог салбаруудын хяналт шалгалтыг зогсоохгүй гэж шийджээ. 

“Хяналт, шалгалтыг зогсоовол уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчин сүйднэ. Стандартын шаардлага хангахгүй барилга, хоол үйлдвэрлэл хяналтаас гарна. Эрсдэл маш их гарна” гэдгийг ч гишүүд онцолсон удаатай.

Тиймээс  байгууллагуудтай хариуцлагын гэрээ байгуулж, хор, хохирол учирсан тохиолдолд  хуулийн хариуцлага хүлээх аж. Харин иргэдийн  гомдол  мэдээллээр төрийн хяналт, шалгалт явуулах эрх зүйн орчин нээлттэй хэвээр. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Хяналт, шалгалт гэдэг бол ард түмнээ эрсдэлээс хамгаалж байгаа үйлдэл. Ард түмнээ эрсдэлээс хамгаалаад, хяналт, шалгалтыг зөв хийж байгаа бол буруу зүйл байхгүй. Хууль зүйн сайд ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг хамаг гол ажлыг нуруун дээрээ үүрээд, асуудал шийдэх гээд явж байгаад би хувьдаа талархаж байна. Төлөвлөгөөт шалгалт нэрийдлээр төрийн байгууллагууд хяналт, шалгалт гэдэг үгийн утгыг алдагдуулсан. Үүнээс болоод ард түмэн хяналт, шалгалт гэхээр айдаг болсон.МХЕГ бол дампуу байгууллага. Тэнд байгаа боловсролын таван байцаагч диплом шалгахаас өөр зүйл мэдэхгүй. Ийм хүмүүс зөвлөн, тусалж чадахгүй. Тийм оюуны чадавх байхгүй. Хүнд өгөгдөл байхгүй болохоор хүн хүсээд ч чаддаггүй юм. МХЕГ-ын эмийн лаборатори дээр малын эмч зогсчхоод хүн уудаг эмийг шалгаад дүгнэнэ гэж байхгүй

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-Миний хувьд богино хэмжээний хууль гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь ирэх тавдугаар сард Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар төлөвлөж байна. Тиймээс богино хугацааны хууль дахин батлах шаардлагагүй. Харин байцаагч нарын ёс зүйтэй холбоотой асуудал дээр онцгой анхаармаар байна. Торгох шийтгэлийг нь болиод, сануулдаг хэлбэр рүү оруулахын тулд заавал хууль баталж хэрэгжүүлэх хэрэггүй.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Уг хуулийн төсөлд би шүүмжлэлтэй хандаж байна. Хяналтын байгууллага бол эрсдэлд суурилж хяналтаа тавьдаг. Татвар, гаалийн байгууллага ийм зарчмаар явдаг. Эрсдэлтэй байгууллагад хийх хяналт шалгалтын давтамж өндөр байх жишээний. Эрсдэлтэй байгууллагуудын хяналт, шалгалтыг зогсоох байтугай байнга шалгалт хийхээс өөр аргагүй. Хүнс, эмийн бүтээгдэхүүн гэх мэт хүний ахуй амьдралтай холбоотой хяналт шалгалтуудыг гурван жил зогсоовол юу болох вэ. Иргэдээ эрсдэлээс хамгаалахын тулд л хяналтын байгууллагууд байдаг. Гурван жилийн дараа нөхөж хяналт, шалгалт хийхгүй гэхээр түүний улмаас иргэд, улс оронд хохирвол хэн хариуцах юм бэ. Буруутай этгээдэд хяналт, шалгалт хийх үндсэн чиг үүрэгтэй байгууллагууд нь хариуцлага хүлээхгүй үлдэх нь ээ. Ийм зүйл байж таарахгүй.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Энэ хуулийн төслийг дэмжихгүй. Хяналт, шалгалтыг зогсоовол уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчин сүйднэ. Стандартын шаардлага хангахгүй барилга, хоол үйлдвэрлэл хяналтаас гарна. Эрсдэл маш их гарна. Мэдсэн ч мэдээгүй юм шиг явах ёстой юм уу. Хууль гаргаж ингэж хавтгайруулж байхаар жилийнхээ төлөвлөгөөнд өөрчлөлт оруулаад, батлуулаад явбал яадаг юм бэ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж