АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш, Барак Обама нарын бие хамгаалагчаар ажиллаж байсан тусгай албаны ажилтныг Их Британийн ханхүү Харри хөлсөлжээ. Ханхүү Харри, эхнэр Меган Марклын хамтаар Их Британид айлчлахдаа тус улсын засгийн газраас бие хамгаалагч гаргаж өгөхгүй байгаад "гомдоллосон" удаатай. Тухайлбал, тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Их Британийн засгийн газраас бие хамгаалагч гаргаж өгөхийг шаардаж байв.
Тэгвэл тэд Нидерланд улсад энэ долоо хоногт "Invictus Games" спортын арга хэмжээнд оролцож яваа. Тэдний бие хамгаалагчаар Кристофер Санчез дагаж яваа нь папараццийн дуранд өртжээ.
Кристофер Санчез нь 2013 онд АНУ-ын тусгай албанаас халагдаж, "TorchStone Global" гэх хувийн аюулгүй байдлыг хамгаалах фирмийг үүсгэн байгуулж, дэд захирлаар нь ажиллах болжээ. Тэрбээр хоёр ерөнхийлөгчийн бие хамгаалагчаар таван жил ажилласан туршлагаа нээлттэй хуваалцдаг. Кристофер хэлэхдээ, "АНУ-ын тусгай алба бол дэлхий дээрх хамгийн шилдэг бие хамгаалагчид" гэж ярьсан байна.
Харин Харригийн зүгээс түүгээр хамгаалуулж байгаа нь аюулгүй, тайван байдлыг мэдрүүлж байна гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: PAGE SIX
Холбоотой мэдээ