Тэр бол амлагч. “Шударга тав”-ын нэг. “Шударга тав” гэж гоё пиардаж чадсан нь түүнд чухал болохоос шударга байж чадсан эсэх нь падлийгүй байсныг бид харсан. Тэр 2018 онд “Албан тушаалд очихгүй” гэж амласан. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга. Бид бас л харж байна. Түүнд юу амлах, амлалтдаа хүрэх эсэх нь огт сонин биш, харин амлалтынхаа ачаар тэр юунд хүрсэн нь чухал бололтой.
АМАРГҮЙ АМЛАЛТУУД АР АРААСАА…
М.Энхболдыг унагаж, их тэмцлээ эхлүүлсэн тэрбээр “Амаргүй ч энэ тэмцэл үргэлжилсээр, бас алхам алхмаар урагшилсаар байгаа!” гэж 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр бичиж байв.
“Хэдий нөхцөл байдал амаргүй ч бид эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэл зүйд автан ухарч болохгүй ээ, харин цар тахлын хүндрэлийг сөрж, дасан зохицож, нэгдэн нийлж, хамтын хүчин зүтгэлээр хүнд цаг үеийг даван туулах ёстой” гэж 2021 оны аравдугаар сарын 14-нд чуулганы танхимд үг хэлэхдээ ишилж байв.
МАН-ын 30 дахь их хуралд “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт илтгэлээ тавихдаа ч тэр амаргүй гэх үгийг арвантаа иш татсан. Захаас нь сийрүүлбэл “Өнөөдрийн манай намын түүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн их хурал ч Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй цар тахлын амаргүй цаг үед зохион байгуулж байна”, “Их хурлын эрхэм төлөөлөгчид өө, МАН хоёр зууны түүхэн солбицолд та бид цар тахлын амаргүй сорилттой нүүр туллаа”, “Амаргүй цаг бүрд ачааны хүндийг Ардын намд үүрүүлж, итгэж дэмжсээр ирсэн Ард түмэндээ гүн талархал илэрхийлье”, “Цар тахалтай тэмцэх амаргүй ажилд өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан цагаан нөмрөгт баатрууддаа цагдаа онцгой байдал зэрэг төрийн тусгай албан хаагчдадаа, олон хүний амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалах вакцинжуулалтын ажлыг зохион байгуулсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэж байв.
“Засгийн газрын ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцээр нэн амаргүй нөхцөлд үргэлжиллээ” хэмээн "Оюутолгой"-н гүний уурхайн нээлтэд 2022 оны нэгдүгээр сарын 25-нд оролцохдоо онцолж байв.
Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаараа 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлахдаа тэрбээр сэтгүүлчдийн асуултад “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулахтай холбоотойгоор сумын Иргэдийн хурлын дарга БНХАУ-ын ЭСЯ-руу бичиг өгснөөр энэ асуудал амаргүй нөхцөл байдал руу орсон. Сумын Иргэдийн хурлын дарга шууд гадаад харилцаа хийх албан тушаалтан биш. Манайд ийм замбараагүй байдал нэлээд хавтгайрсан. Ерөнхий сайдын хувиар асуудалд арга хэмжээ авна” гэж байлаа.
Энэ мэтээр түүний “амаргүй” үргэлжилсээр…
Хийх хүнд арга олдоно, хийхгүй хүнд шалтаг олддог гэгчээр “амаргүй”-г ар араас нь “урсгасаар” л явна. Цар тахал амаргүй гэж цавчаа хийсээр хэдэн тэрбумаар нь салхинд хийсгэснийг, авлига авсан нь намын ах нар, журмын нөхөд нь байхад авлигатай тэмцэх амаргүйг, арван их наяд гаргаад, мөнгө хэвлээд ч мөддөө эдийн засаг сэхэхгүйг, ам гарах амар ч амлалтаа биелүүлэх амаргүйг тэр биеэрээ туулж яваа.
Нэг бүдэрвэл долоо дордоно гэгчээр саяхны жагсаал ч бас нэрмээс болж, мань хүн амаргүйгээ дахин амлаад авна лээ.
Жагсагчдын өмнөх түүний ээлжит амлалт. Амлалтдаа хүрэх эсэх нь бас л сонин биш. Юутай ч тухайн үедээ амлалтынхаа хүчинд гал намжааж чадсан. Харин тэр гоё сайхан амлалтууд нь салхинд хийсч, Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэр бүсээ чангалаад байсан хувийн хэвшил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн сүүлчийн амьсгалыг тасалж, амыг барих нь. Харин шатахуун импортлогчид тэргүүтэй улстөрчдийн бүлэглэлүүдийн томоохон бизнесүүд амлалтынх нь шар тосыг амандаа хүлхэх нь.
Холбоотой мэдээ