Казахстан нүүрстөрөгчийн хийг саармагжуулж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

Казахстан нүүрстөрөгчийн хийг саармагжуулж чадах уу?

Казахстан нүүрстөрөгчийн хийг саармагжуулж чадах уу?

Казахстан дахь АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Жуди Куо “The Astana times” сонинд өгсөн ярилцлагадаа нүүрстөрөгчийн хийг саармагжуулах төлөвлөгөөнийхөө талаар ярьжээ. Тодруулбал, Казахстан улс 2060 он гэхэд нүүрстөрөгчийн хийн ялгарлаа саармагжуулахаар төлөвлөж буй аж.

Тус улс нь нүүрстөрөгчгүйжүүлэх стратегитэй зэрэгцээд шинэ технологи хөгжүүлэх чиглэлээр Төв Азидаа тэргүүлэх байр суурийг эзлэхийг зорьж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Казахстан “Ногоон гүүр” түншлэлийн хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэ нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцид оролцогч талуудын 26 дугаар чуулганы хүрээнд зохион байгуулсан хөтөлбөр. Түншлэлийн хөтөлбөр нь бүс нутгийн цаг уурын сорилтыг шийдвэрлэх хамтын платформ юм.

Казахстан улс 2010 онд бүс нутгийн байгаль орчныг хамгаалах “Ногоон гүүр” түншлэлийн хөтөлбөрийг Төв Азийн орнуудын дунд санаачилжээ. “Уг төлөвлөгөөг хөрш орнуудтай хамтран ажиллахгүйгээр, олон улсын байгууллагуудын дэмжлэггүйгээр хэрэгжүүлэх боломжгүй. Үүнтэй холбогдуулан 2021-2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулсан” гэж Байгаль орчны байгууллагуудын холбооны тэргүүн Алия Назарбаева нээлтийн үеэр хэлж байв.

Түүнчлэн, Казахстаны эрх баригчид бүс нутагтаа ногоон технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд Төв Азийн тогтвортой хөгжлийг хангах харилцан ашигтай зорилтуудыг тусгасан хөтөлбөр боловсруулахыг зорьж байна. Уг хөтөлбөрийг хэзээ албан ёсоор нэвтрүүлэх талаар Нур-Султанаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн том зорилгодоо хүрэхийн тулд Казахстан улс өнгөрсөн онд байгаль орчны дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Шинэ дүрмийн гол агуулга нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон дасан зохицох гэсэн үндсэн хоёр чиглэлтэй. Энэ хүрээнд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 46 хувийг хангадаг үндэсний системээ Европын загварт ойртуулан ажиллахаар зорьж байна. Түүнчлэн анхны ногоон бондоо гаргажээ.

Евразийн хөгжлийн банк 2021 оны есдүгээр сард Казахстаны хөрөнгийн бирж дээр гурван жилийн хугацаатай, нийт 20 тэрбум тенгегийн ногоон бондыг амжилттай байршуулсан.

ЗОРИЛГОДОО ХҮРЭХЭД ТУСЛАХ ТҮНШ

Хэрвээ казахстанчууд тавьсан зорилгодоо хүрч чадвал 2050 он гэхэд нүүрсний хэрэглээг бүрмөсөн халж, нийт эрчим хүчний 83 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлнэ гэсэн үг юм. Зорилгоо биелүүлэхэд багагүй саад бий. Үүнд хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа урт, ногоон технологийн санхүүжилтийн хомсдол зэрэг орно.

Орос, Украины дайнаас үүдэлтэйгээр бүс нутагт геополитикийн нөхцөл байдал хурцдаад буй. Энэ цаг үед Казахстан, АНУ хоёр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь Москвад сэжиг төрүүлнэ гэж “The diplomat” хуудас онцолжээ. Гэсэн хэдий ч нүүрстөрөгчийг саармагжуулах нь зөвхөн Казахстаны бус нийт хүн төрөлхтөний амин чухал зорилт тул түншүүдийн хамтын ажиллагаанд нээлттэй хандах нь нэн чухал юм.

Казахстан дахь АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Жуди Куогийн онцлон тэмдэглэснээр, энэ их үйлсэд АНУ-ын тусламж шаардлагатай юм байна. Хоёр улсын засгийн газар нүүрстөрөгчийн хийг саармагжуулах, ногоон технологийг нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах нь Казахстаны олон талт гадаад бодлогыг шинэ түвшинд гаргах юм.

Казахстанд сүүлийн жилүүдэд эрчим хүчний хомсдол эмзэг сэдэв болоод буй. Тиймээс нэн даруй эрчим хүчний шинэ эх үүсгүүр бий болгох шаардлагатай. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Дорнын эдийн засгийн форум-21”-ийн үеэр Казахстанд атомын цахилгаан станц хэрэгтэй байгааг зарласан.

Атомын цахилгаан станцыг барихад ямар технологи ашиглах нь хараахан тодорхой болоогүй байгаа ч одоогоор гадаадын хэд хэдэн компани Казахстанд туслахаар санал хүргүүлжээ.

Үүнд, АНУ-д төвтэй “NuScale” болон АНУ-Японы хамтарсан “GE-Hitachi Nuclear Energy” компаниуд багтаж байна. Ямартай ч шинэ атомын цахилгаан станцыг 2035 он гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

Тус улсын ерөнхийлөгч Токаев 2020 оны арванхоёрдугаар сард болсон НҮБ-ын Уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр Казахстан 2060 он гэхэд нүүрстөрөгчийн хийг саармагжуулна гэж амласан. Хэдийгээр тухайн үеэс хойш цар тахал, дайн гээд томоохон өөрчлөлт дэлхий дахинд бий болсон ч тэдний амлалт өөрчлөгдөхгүй бололтой.

Казахстаны Экологи, геологи, байгалийн нөөцийн сайд Сериккалий Брекешев хэлэхдээ, “Байгаль орчны асуудал нь хил дамнасан шинж чанартай байдаг тул цаг уурын өөрчлөлт болон байгаль орчны эрсдэлийг бууруулах нь бүх улс орны хамтын үүрэг” гэжээ.

НҮҮРСТӨРӨГЧИЙН ХИЙН ЯЛГАРАЛТЫГ БУУРУУЛАХ АРГУУД

Казахстаны ерөнхий сайд Аскар Мамин Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр нүүрстөрөгчийн хийг саармагжуулах стратегиэ танилцуулсан. Энэ хүрээнд гурван үндсэн стратегийг танилцуулжээ.
Нэгдүгээрт, эрчим хүчийг төрөлжүүлэх ажлыг ус, салхи, нар, био зэрэг эрчим хүчний өөр эх үүсвэртэй хослуулж, ухаалаг сүлжээний технологи, эрчим хүч хадгалах системийг хөгжүүлнэ. Хоёрдугаарт, аливаа үйл ажиллагаанд зарцуулах нүүрстөрөгчийн хүчийг бууруулна. Гуравдугаарт, бодит ажлаас илүү иргэдийн ногоон сэтгэлгээ, ухамсар хамгийн чухал гэжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Казахстан улс зорилгодоо хүрэхийн тулд 2030 он гэхэд дотоод эрчим хүчний хэрэглээгээ 38.9 хувиар бууруулах ёстой юм байна. Мөн энэ хүрээнд 650 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэдгийг Экологи, геологи, байгалийн нөөцийн сайд Сериккалий Брекешев хэлжээ.

Тус улсын хувьд ирэх 40 жилд хамгийн их хөрөнгө оруулалт шаардлагатай салбар нь цахилгаан дулаан, тээвэр, уул уурхай, аж үйлдвэр, орон сууц, нийтийн аж ахуй, хөдөө аж ахуй юм.

Харин нүүрс, газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалт урт хугацаанд эдгээр нөөцийн эрэлт багассантай холбоотойгоор буурах төлөвтэй байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT, ASTANA TIMES, PRIME MINISTER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж