Т.Энэрэл: Би нэг хүний моно жүжигт хүч үзэхийг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

Т.Энэрэл: Би нэг хүний моно жүжигт хүч үзэхийг хүсдэг

Ажлынхаа гарааг орон нутгийн театраас эхэлж, өдгөө 12 дахь жилдээ Төв аймгийн "Монгол туургатан" театраар овоглож буй залуу жүжигчин Т.Энэрэлтэй ярилцлаа. Түүнийг дэлгэцийн дүрээр нь хүмүүс эчнээ таних биз. Тэрбээр үзэгчдийн санал шүүмжлэл өрнүүлж байгаа "Сүрэг" уран сайхны киноны гол дүрд тоглосон билээ. Түүний хувьд өвөөгийнхөө зам мөрийг үргэлжлүүлэхээр жүжигчин мэргэжлийг сонгосон гэдгээ хэлж байв. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Жүжигчдийн хувьд орон нутгийн театрт ажиллах төдийлөн дуртай биш байдаг. Унаган хотын охин яагаад хөдөөг,  “Монгол туургатан” театрыг сонгосон юм бэ. Хотод ажиллах боломж өөрт чинь байсан л байх?

-Би энэ тухайгаа ярих их дуртай. Анх өөрийгөө жүжигчин болж чадна гээд 2006 онд Соёл урлагийн их сургуульд /СУИС/ шалгалт өгсөн чинь хасагдчихсан. Тэр үед “Намайг яагаад хасч байгаа юм бол, намхан нуруутай болохоор хасчихлаа гэж дотроо өөрийгөө ихэд өмөөрч байлаа. Намайг арван жилийн сургуулиа төгсдөг жил 2006 онд Элсэлтийн ерөнхий шалгалтын анхны жил байсан. Тэгсэн тухайн үед СУИС-д тэнцсэн гурван хүүхэд ЭЕШ-аа өгөөгүй байсан учраас тэр орон тоон дээр нэмэлт шалгалт өгч, тэнцсэн юм. Тэгж анх есдүгээр сарын 7-нд Б.Хишигзаяа багштай жүжигчний ангид орсон юм.

Ангийн ихэнх хүүхдүүд Төв аймгийн студийнхэн маань байсан. Их сургуулиа төгсдөг жил “Монгол туургатан” театрын захирал Ч.Ганхуяг надад театртаа ажиллах санал тавьсан юм. Гэрээсээ холдож үзээгүй болохоор аав, ээж болон багшаасаа асууж, зөвшөөрөл авч байлаа.

Ангийн багш маань надад “Барын сүүл болсноос батганы толгой яв” гэж хэлээд орон нутгийн театрт ажиллахыг дэмжсэн. Тэгээд  их сургуулиа төгсөөд зургадугаар сарын 15-нд театртаа жүжигчнээр ажилд орж байлаа. Одоо 12 дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд 2010 оноос хойш театртаа ангийнхантайгаа хамт ажиллаж байна. Найзууд маань намайг зүрх сэтгэлээрээ дэмжиж, тусалдаг. Бид энэ жил 16 жилийн ойгоо тавдугаар сарын 18-нд тэмдэглэнэ. Ер нь энэ бүхнийг хувь тавилан гэж боддог доо.

-Театрын анхны дүрээрээ “Гэгээн муза” наадмын шагнал хүртсэн байх аа?

-Тэгсэн. Миний театрын анхны дүр бол 2010 онд тайзнаа тоглосон “Миний чин зоригт бяцхан найз” хүүхдийн жүжгийн дүр байсан. Би маш их азтай. Их сургууль төгссөн жилдээ “Гэгээн муза” наадмаас “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал авсан.

Жүжигчний анхны гараа маш сайхан эхэлсэн. Шагналаа авсны  маргааш МҮОНРТ-ээс утасдаж “Амьдрал чиний төлөө” олон ангит уран сайхны киноны найруулагч байна. Өөрийг чинь дүрийн сонгон шалгаруулалтад урьж байна” гээд урилга ирүүлж байлаа.

-Гэхдээ их сургуулиа төгсөхөөс өмнө кинонд тоглосон байх аа?

-Гуравдугаар курсийн оюутан байхад Б.Ганхүү багш маань “Охиныхоо дурсгалд зориулж “Амилсан хайр” кино хийх гэж байгаа юм. Чамайг гол дүрдээ сонгон шалгаруулмаар байна” гээд тэр кинонд тоглосон. Тэр киноны найруулагч Д.Цогтбаатар ах маань дараа нь “Хайрын бэлэг” кинонд хамтарч ажиллаж байсан бол одоо театрын маань найруулагчаар ажиллаж буй.

Миний хувьд тайздаа илүү хайртай.

Дэлгэцийн бүтээлд тоглосны дараа “Би өмнө нь ийм байсан юм байна. Тэр хэсэгт ингэж алдсан байна” гэж өөрийгөө дараа  нь хардаг бол театр жүжигчин хүнд илүү их сайхан мэдрэмжийг өгч чаддаг. Жүжгийн турш улаан шугамаа барьж, тухайн дүрдээ орох тэр цаг мөчид л дүрээрээ амьдарна гэдэг маш гайхалтай мэдрэмж. Тоглолт үзэгчдэд таалагдсан бол халуун алга ташилт бэлэглэнэ. Энэ л жүжигчин мэргэжлийн аз жаргал юм шиг санагддаг.

-Театрын уран бүтээлчид нь ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Энэ жилийн “Гэгээн муза” наадмын драмын жүжгийн төрөлд гурван жүжиг нэр дэвшиж буй. Тодруулбал,  “Гэм зэм”, “Анна Кариннина”, “Шар гэгээ”. Ангийнхаа нэр дэвшсэн залуусаараа маш их бахархаж байна. Бид сайн бүтээл хийхээр бэлдэж байна.

Хэдийгээр орон нутгийн театр төсөв мөнгө нь татуу ч бүх уран бүтээлчид нь нэг л мэргэжлээр сургууль төгсч, ажиллаж буй учраас адилхан л өрсөлдөнө дөө.

-Өвөөг нь ард түмэн “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрээр сайн мэднэ. Тиймээс ач охин нь өвөөгийнхөө мэргэжлийг өвлөсөн гэж ойлгож болох уу?

-Би гурван хүүхэдтэй айлын дундах охин. Дээрээ нэг эгчтэй, эрэгтэй дүүтэй. Багадаа зун болохоор лагерт гарч, хотод хичээлдээ явдаг байсан. Манай аав ээж хотын уугуул хүмүүс. Хот лагерь хоёрын дунд л хүүхэд минь нас өнгөрсөн.

Миний аавын аав жүжигчин хүн байсан. Ард түмэн Б.Дашдаваа буюу “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрээр сайн мэдэх биз.

Манай удамд жүжигчин хүн ерөөсөө байгаагүй. Тэгээд намайг 10 жилийн сургуулиа төгсдөг жил аав, ээж маань СУИС-ийн шалгалтад бэлдэх дамжаанд явуулсан юм. Дамжааны багш надад урам өгч, тэндээс л анх жүжигчин болж чадах юм шиг мэдрэмж төрсөн.Тэгээд мундаг жүжигчин болж, ааваараа бахархуулмаар санагдсан.

-“Сүрэг” уран сайхны кинонд тоглох болсон тухайгаа яриач. Анх саналыг хэрхэн хүлээн авсан бэ?

-Анх Black Zebra”  студийн үүсгэн байгуулагч, киноны найруулагч, О.Базаррагчаа надтай уулзахад 24 настай, надаас бага зэрэг залуу Дулам гэдэг бүсгүйн дүр байсан. Тухайн үед зохиолоо уншаад дурласан. Найруулагч төгсгөлийн хэсэгт нүцгэн шахуу хэсэг сцени гарна гэдгийг хэлсэн. Тэгэхэд нь би өөрөөсөө жаахан санаа зовсон. Би чинь хоёр хүүхдийн ээж, гоо сайхан харагдаж чадах эсэхдээ эргэлзсэн. Тэгээд би “Киноны төгсгөлийн хэсэгт зориулагдсан гоё бие хаагүй. Гэхдээ намайг болно гэвэл чадлаараа хичээх болно” гэж хэлсэн.

Тэгсэн киноны уран бүтээлчдээс ярихгүй л байснаа зураг авалтад гарсны дараа намайг дуудсан. Тэгээд намайг хөдөө хүрээд ир гэхээр нь би ачаагаа баглаж очоод, өглөө нь шууд эхний сценидээ орсон.

-Энэ киноны Дуламын дүр намайг шаналгаж, эргэлзэхэд хүргэсэн гэлээ. Тэр дундаа киноны аль сценийг онцлох бол?

-Зураг авалтын багийнхан маань надад байнга санаа тавьж байсан. Баянхонгор аймгийн Цагаан агуйд хамгийн хүнд сценийг авсан. Гэхдээ нэг сценийг дурдмаар байна. Манай дүүд тоглодог Самбай буюу н.Номин-Эрдэнэ гэдэг охин “Эгчээ гэж хэлээд, уйлаад тэвэрдэг” тэр хэсгийн зураг авалт дууссан ч би дүрээсээ гарч чадахгүй, нулимсаа барьж дийлэлгүй уйлаад л байсан. Тэр хүүхдийн дүр миний дүрийг илүү хүчирхэг болгосон. Ямар ч хүнд нөхцөлд ажиллаж байсан ч хүүхэд даарч, ядарч байна гэж хэлж болно шүү дээ. Гэтэл тэр охин маань хэрсүү, гомдоллохгүй байгаа нь надад маш их урам өгсөн. Зарим үед хүүхэдтэй тоглох хэцүү байдаг ч энэ удаа н.Номин-Эрдэнэ дүүгээсээ илүү их урам авсан.

Миний хувьд Дуламын дүрд үнэн тоглохыг л хичээсэн. Өөрийгөө Дулам гэж дүр бүтээсэн гэж хэлж чадахгүй. Яг үнэнг хэлэхэд насандаа л санаа зовж байлаа. Хүүхэд төрүүлээгүй бүсгүйн дүр учраас хөдөлгөөн, харцандаа илүү анхаарч ажилласан даа.

-Жүжигчин Т.Энэрэлийн ихэнх дүр нь эерэг байдаг уу?

-Тийм ээ. Тэр дундаа эерэг ч гунигтай, амьдрал үзсэн эмэгтэйн дүр нь олон байх. Миний хувьд “Админ Z” кинонд тоглосондоо баяртай байдаг. Учир нь тэр киноны дүр миний анхны эсрэг дүр байсан. Би эсрэг дүрд тогловол зэвүүн дүр гаргаж чадах байх гэж боддог. Тэр киноны дүрдээ маш их хайртай. Харин тайзан дээр ихэвчлэн дунд насны эмэгтэйн дүр оногддог юм.

“Алтан судал” уран сайхны киноны хувьд Н.Ялалт ахын эхнэр буюу өөрөөсөө 10 насаар ахимаг эмэгтэйн дүрд тоглосон. Энэ кино маань Монголд нээлтээ хийгээгүй ч олон улсын фестивалиас нэлээн олон шагнал авсан. Тэр киноны ачаар Германы Берлиний кино наадмыг үзээд ирлээ.

-Жүжигчин Т.Энэрэлийн хань нь бас залуу уран бүтээлч. Хэдийгээр урлагийн гэр бүл ч олны нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй юм шиг санагддаг?

-Манай нөхрийг О.Итгэл гэдэг. Хань маань УДЭТ-ын туслах найруулагчаар таван жил ажилласан. 2021 оны сүүлчээр ажлаасаа гарч, чөлөөт уран бүтээлч болсон. Сүүлд найзуудтайгаа хамтран “Миний сахилгагүй залуу” кино хийсэн. Кино урлаг руу орж өөрийгөө хөгжүүлэхээр яваа залуу уран бүтээл.

Хүн жүжигчин мэргэжлийг сонгосон болохоос олны хараанд амьдрахыг сонгоогүй. Эзэмшсэн мэргэжлээсээ сэтгэл ханамжийг авч чаддаг учраас энэ мэргэжлийг сонгосон. Тэрнээс биш олны танил болоод их мөнгө олох юмсан гэж бодож явсангүй.

Тиймээс хүмүүс намайг шууд хараад таньдаггүй. Зарим нь “Чи тэр кинонд тоглодог охин мөн үү” гэж их асуудаг. Би энгийн, өөрийнхөөөрөө байх дуртай. Ажлаа хариуцлагатай,чин сэтгэлээсээ  хийхийг хичээдэг. Миний хувьд тайз, дэлгэцийн дүрээрээ дуудуулах дуртай.

-Энэ их ажлын хажуугаар ар гэрээ хэрхэн зохицуулж байна. Хүүхдүүддээ цаг гаргаж чадаж байна уу?

-Хоёр талын аав ээж арыг маань даана шүү дээ. Бид хоёр хүүтэй. Би хоёр хүүгээ төрүүлсний дараа бүтэн хоёр жил гэртээ хамт байсан. Хүүхдийн хамгийн нандин үед учраас ээжийнх нь хувьд хамт байхыг хичээдэг.

-Цаашдаа өөрийгөө ямар дүрд сорихыг хүсч байна вэ?

-Монголын кино урлагт өчнөөн сайхан эмэгтэй уран бүтээлч бий. Эмэгтэй хүний карьер 30-40 насны хооронд уналтад ордог гэдэг үг байдаг. Би энэ үедээ зүгээр суухгүйгээр театрын тайзнаа яаж тоглодог вэ гэдгээ үзэгч хүргэхийг хичээж байна. Миний хувьд “Монгол туургатан” театртаа нэлээн хэдэн жүжигт тоглож, 2012 онд У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжигт тоглож, мөрөөдлөө биелүүлж байлаа. Би тайзан дээр ийм юм чаддаг шүү гэдгээ ойр дотныхондоо үзүүлмээр санагддаг. Нэг хоёр хүний моно жүжигт хүч үзэх бодолтой байгаа.

Залуустаа хандаж хэлэхэд хэн нэгнийг хараад ийм хүн болно гэж жинхэнэ өөрийгөө битгий үгүйсгээрэй. Хүний мөн чанар хэзээ ч өөрчлөгддөггүй. Монголчууд дундуур дүүрэн гэж ярьдаг. Амьдралд зовлон жаргал ээлжилдэг учраас дундуур дүүрэн яваарай. Хэт ихийг хүсч битгий өөрийгөө зовоогоорой гэж хэлье.

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж