МИК зээлийн хүүгээс шимтгэл авдаг VS авдаггүй

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

VS

МИК зээлийн хүүгээс шимтгэл авдаг VS авдаггүй

Шадар сайд С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 14-нд " Ипотекийн зургаан хувийн хүүгээс Монголын ипотекийн корпораци /МИК/ 1.6 орчим хувийн хүүг шимтгэл хэлбэрээр авдаг"  гэж мэдэгдсэн. Тэгвэл МИК-иас дөрөвдүгээр сарын 18-нд дээрх мэдээллийг эрс үгүйсгэсэн юм. Ингээд хоёр талын байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.


 

С.Амарсайхан
Шадар сайд:

-Засгийн газар Монголбанктай хамтран иргэдийг орон сууцжуулах бодлого баримталж ирсэн. Нийт 5.2 их наяд төгрөгийг ипотекийн зээлд зарцуулсан байна. Зээлийн хүү наймаас зургаан хувь болж буурсан. Зээлийн хүү найман хувь байхад Монголбанк арилжааны банкуудад дөрвөн хувийн хүүтэй зээл олгодог байв.

МИК-ийн дийлэнхийг арилжааны банкууд эзэлдэг, төрийн мэдлийн хувь бараг байхгүй. Тус корпораци зээлийн шимтгэл гэж 1.6 хувийг зээл бүрээс авдаг. Хэрэв тэд санхүүжилтээ өөрсдөдөө босгосон бол өөр хэрэг. Гэтэл одоо Төв банкнаас нэг хувийн хүүтэй санхүүжилтийг зургаан хувиар олгож байгаа нь иргэдэд дарамт учруулж байна. Би хотын дарга байхдаа энэ асуудлыг хөндсөн. Өмнө нь ипотекийн зээлийн нийт санхүүжилтийг Төв банк гаргадаг байсан бол одоо банкууд өөрийн эх үүсвэрээс 40 хувийг гаргаж байна. Ийм л өөрчлөлт орсон.

Санхүүгийн Зохицуулах хороо МИК-д тавьдаг хяналтаа сайжруулах ёстой. Учир нь МИК бол хувьцаат компани. Мөн Монголбанк ипотекийн зээлийн журмыг өөрчлөх ёстой. МИК орон сууцны зээл тус бүрээс 1.6 хувийн хүү авсаар байна. Энэ зээлийн зохион байгуулалтыг илүү сайжруулан, зардлыг нь бууруулах ёстой. Иргэд банктай гэрээ байгуулсан байхад МИК өндөр шимтгэл авсаар байна. Санхүүгийн зохицуулах хороо, Төв банк саналаа нэгтгэн танилцуулах ёстой. Ер нь МИК заавал байх албагүй.  
Худалдаа хөгжлийн банкинд ороогүй салбар, оролцоогүй төсөл гэж алга. МИК-ийн дийлэнх хувийг Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк хамран 50-иас дээш хувийг эзэмшдэг.

Б.Гантулга
МИК-ийн гүйцэтгэх захирал:

-2006 онд Монголбанк, 10 арилжааны банк хамтран МИК-ийг байгуулсан. Дээрх банкуудаас  өнөөдрийн байдлаар таван арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Нийт төрийн өмчит компаниудад 17.3 хувийг олгодог. Үүн дотроо Хөгжлийн банк, Төрийн банк ордог. Үлдсэн 82 хувийг хувийн хэвшлийн компаниуд эзэлдэг бөгөөд үүнээс зургаан банк бусад нь ААН-үүд байна. Үүнээс гадна 190 иргэн манай компанийн хувьцааг эзэмшдэг. "МИК" нь ипотекийн зээлийн хувь, хэмжээнд нөлөөлдөг, оролцдог байгууллага биш. Тэр тусмаа ипотекийн зээлийн хүүг бид тогтоодоггүй. Төрийн эрх бүхий байгууллагаас хэдэн хувийн хүүтэй орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээ өөрөө тогтоодог. Монголбанкнаас ямар шалгуураар олгох вэ гэсэн журмыг нь гаргаад, арилжааны банкуудад хүргүүлдэг. Арилжааны банкууд шалгуур хангасан иргэнд ипотекийн зээл олгохоо бие даан шийддэг.

МИК нь үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага юм. Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкаас худалдан авдаг. Үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг.

Ингэснээр энэхүү хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн цагаас тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж, үр дүнд нь 90 мянга гаруй айл найм, зургаа, таван хувийн зээлээр орон сууцтай болж чадсан. Шадар сайд ташаа  мэдэгдэл гаргасны дараа манай хувьцааны үнэ буурсан. Зээлийн эрсдэлийн сан гэж бий. Энэ санг бид заавал байгуулах үүрэгтэй. Банкуудын олгосон ипотекийн зээлийг багцлан үнэт цаасжуулахад зардал гардаг. Энэ нь банкаас тухайн зээлийг олгохдоо гаргасан зардлаас өөр, тусдаа асуудал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж