Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Сэнжит гэдэг газар энэ сарын 18-ны өдрийн 22.50 цагт хээрийн түймэр гарчээ. Одоогийн байдлаар тус хээрийн түймэр бүрэн унтраагүй байгаа бөгөөд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяраар ахлуулсан баг ажиллаж байгаа аж.
Түймрийг унтраахаад тус аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, хоёр автомашин, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас 12 алба хаагч нэг автомашин, Дарьганга сумын ЗДТГ-аас 15 ажилтан, цагдаагийн хэсгийн нэг автомашин, Хилийн цэргийн 0184 ангийн 0160 дугаар салбараас дөрвөн алба хаагч, нэг автомашин, Эрдэнэцагаан сумын ЗДТГ-аас есөн ажилтан, нэг автомашинтай нийт 61 хүн, найман авто машинтайгаар ажиллаж буй юм байна.
Сүхбаатар аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ өгчээ. Тодруулбал, өнөөдөр нийт нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 м/сек хүрч ширүүсэн, шороон шуурга шуурах төлөвтэй байгаа аж. Иймд болзошгүй аюул болон хуурайшилт ихтэй байгаа учир гал түймэр гарах эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ