"Монголын хөрөнгийн бирж ганц эзэнтэй, хувьчлах нь зөв"

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

"Монголын хөрөнгийн бирж ганц эзэнтэй, хувьчлах нь зөв"

"Монголын хөрөнгийн бирж ганц эзэнтэй, хувьчлах нь зөв"

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр /2022.04.19/ Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны 2021 оны үйл ажиллагааны тайлантай танилцав. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.


УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Монгол Улсад ирэх жил мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага болох ФАТФ-ын шалгалтууд хийгдэнэ. Үүнд СЗХ сайн бэлдээрэй. Монголбанкин дээр хувьцааны шилжилттэй холбоотойгоор байгуулагдсан ажлын хэсгийн шаардсан материалыг Монголбанк одоог хүртэл гаргаж өгөхгүй байна.

Энэ нь хүртэл тэдэнд том дохио өгч л байгаа. Дээр нь хойд хөрш эдийн засгийн олон хоригт орсон учраас ФАТФ яах аргагүй хөрш орнуудын санхүүгийн үйл ажиллагаануудыг хянаж явах болов уу. 

ФАТФ-ын өмнө хүлээсэн үүрэг, Монголын мөнгө угаах терроризмтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт энэ бүгдийг СЗХ сайн хангаж ажиллаарай. Тэгэхгүй бол хууль хоорондын зөрчлүүд гарчих вий. Тэр хэмжээгээр улсад эрсдэл үүсэх вий гэж дотроо санаа зовж байна. Өмнө нь Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргахад СЗХ маш сайн тэргүүлж ажилласан. Тэгэхээр ирэх жил ФАТФ-ын шалгалтуудыг амжилттай давахын тулд ажлаа сайн зохион байгуулаарай. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Тайлантай танилцаад, миний хувьд сэтгэл хангалуун байна. Засгийн газар, УИХ-ын бодлого юунд чиглэж байна вэ гэдэгтэй СЗХ-ны бодлого, үйл ажиллагаа уялдаж явах учиртай. Ерөнхий сайд төрийн өмчийн компаниудад хувьчлал явуулахаа зарласан. Хэрэгтэй, хэрэггүй олон компанийг хувьчилж, татан буулгана. Засгийн газраас дөрөвдүгээр сард багтааж УИХ-д Төрийн өмчийн компанийн тухай хуулийн төслийг өргөн барих юм шиг байна лээ. 

УИХ энэ чиглэлийн хууль эрхзүйн реформ хийнэ. Тиймээс төрийн өмчийн компаниуд хувьцаа гаргахад СЗХ онцгой үүрэгтэй оролцож таарна.

Өнгөрсөн жил 1.4 их наяд төгрөг хөрөнгийн зах зээл дээр гарсан гэж байна. Үүний 600 тэрбум нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бонд. Удахгүй олон нийтэд 5-6 том банк хувьцаагаа гаргана. Томоохон банкууд, төрийн өмчийн компаниуд нэг зэрэг хувьцаа гаргахаар зах зээлийн багтаамж дүүрэх вий. Нэг дор хувьцаа гаргахаар Монголд мөнгөтэй хүн байхгүй бол гадныхан аваад дуусах магадлалтай. Уг нь үндэсний компаниудаар дамжуулан байгалийн баялагтаа монгол иргэн эзэн байх Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санааг амьдруулах гээд байгаа шүү дээ. 

СЗХ-ны дарга Д.Баярсайхан:

-Зах зээлд арилжааны хоёр бирж тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр 2.5 сая иргэн данстай болсон. Өнгөрсөн онд хамгийн олон хувьцаа эзэмшигчийг зах зээлийн арилжаанаас татсан компаниар  "CU" тодорсон. Өдгөө 9000 гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон байна. Төлбөр тооцоо, арилжаа хуулийн хүрээнд явсан. Үүний дараа Богд банк олон нийтээс 31.7 тэрбум төгрөгийн санхүүжилт татсан. Ингэхэд системийн ямар нэгэн хүндрэл гараагүй. Удахгүй банкууд хувьцаа гаргана. Банкуудтай холбоотой дэд бүтцийг хангах талаар холбогдох газруудтай нь хамтран ажиллаж байна. Ерөнхий сайд төрийн өмчийн 39 компанийн 34 хувийг олон нийтийн болгоно гэж зарласан. Бэлтгэл ажлыг сайн хангасан. Харин хөрөнгө оруулагчдын зах зээлийн багтаамжийн хувьд ний нуугүй хэлэхэд асуудал бол бий.

Өнөөдрийн байдлаар банкин дахь иргэдийн харилцах хадгаламжийн үлдэгдэл 20 их наяд төгрөг. Урьдчилсан тооцооллоор банкууд дангаараа олон нийтийн компани болоход 650-720 орчим тэрбум төгрөгийг олон нийт буюу зах зээлээс татна.

Төрийн өмчийн болоод орон нутгийн өмчийн  аж ахуйн нэгжүүд энэ цаг үетэй давхцахгүй байх нь зөв. Өөрөөр хэлбэл, СЗХ-ноос олон нийтийн компани болгох эсэхийг зургаан сарын дотор шийдвэрлэх тогтоол гардаг. Энэ хугацаанд хэрэгжүүлнэ гэж бодож байна. Тэгэхээр оны эцэс хүртэл энэ үйл ажиллагаа явагдах байх. Гаднын хөрөнгө оруулалтыг татахад бидний хувьд харьцангуй нээлттэй буюу хөрөнгийн зах зээл рүү оролцоогоо илүү хангах боломжтой.

Монголын хөрөнгийн бирж 100 хувь хувьцаат компани. Тэгсэн мөртлөө ганцхан эзэнтэй. Энэ компанийг эхлээд олон нийтийн компани болгох нь зүйтэй. Холбогдох газруудад саналаа хүргүүлсэн.

Үүн дотроо олон нийтийн гэхээсээ илүү энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг, технологитой дэлхийд, бүс нутагтаа нэр хүндтэй компаниуд орж ирвэл ил тод, хурдан явагдана.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

-Банкууд хөрөнгийн зах зээл дээр 20 хувь хүртэлх хувьцаагаа гаргах нь өөрсдөд нь ашигтай. Ингэж байж засаглалын хувьчлалд шилжиж, банкуудын үйл ажиллагаа сайжирна. Хууль баталж, хугацаа өглөө. Үүнээс өөр зам байхгүй. Би хувьдаа ихэнх банкууд бэлтгэлээ хангасан гэж ойлгосон. Ганц нэг банк зах зээлийн багтаамж хүрнэ, хүрэхгүй гээд янз янзын мэдээлэл тарааж байх магадлалтай. Богд банк хувьцаа гаргаж болоод байхад нөлөө бүхий банкуудыг шахаад ажиллуулах ёстой. Үүн дээр СЗХ, Монголбанк сайн анхаарч ажиллах хэрэгтэй.

УИХ-ын Х.Булгантуяа:

-Даатгалын тухай хууль орж ирнэ гээд багагүй хугацаа өнгөрлөө. Бараг 5-6 жил болж байна. Энэ хууль яагаад орж ирдэггүй юм бэ? Даатгал нь санхүүгийн зах зээлийн маш том оролцогч шүү дээ. Үнэт цаасны тухай хууль мөн лудаж байна. Уг нь анхдагч хуулиудад УИХ-ын гишүүд биш СЗХ, агентлагууд өөрсдөө оролцоод, тооцоо судалгаагаа хийгээд, түүчээлээд явбал сайн байна. Иргэд, олон нийтийн оролцоог хангахад юу дутаад байна вэ? Иргэдийн санхүүгийн мэдээлэл дутмаг байхыг үгүйсгэхгүй. Тэгсэн мөртлөө яагаад койнд иргэд хөрөнгө оруулаад байгаа юм бэ. Санхүүгийн зах зээл рүү орох ёстой мөнгө койн руу ороод дууссан юм биш үү. Төрийн өмчит олон компанийг иргэд олон нийтийн хяналт дор оруулаад, хувьцааг нь хөрөнгийн бирж дээр гаргахад авах хүн байна уу?

СЗХ-ны дарга Д.Баярсайхан:

-Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Даатгалын багц хуулиуд Сангийн яаман дээр бий. СЗХ-ноос дээрх хоёр хуультай холбоотой бүх бичиг баримтыг боловсруулаад хүргүүлсэн. Сангийн яам Засгийн газрын хуралдаанаар оруулаад, үзэл баримтлалыг нь батлуулсан. Хаврын чуулганаар УИХ-д өргөн барих хуулиудын хуваарьт багтсан. Батлагдаж чадвал төрийн болон орон нутгийн ТӨХК-иудыг олон нийтийн болгоход дэмжлэг болно. Гэхдээ одоогийн хуулийн зохицуулалтаар явахад болохгүй зүйл алга. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх тал дээр анхаарах ёстой. Хөрөнгийн зах зээл өнгөрсөн жил өндөр өсөлттэй гарсанд бусад хүчин зүйлсийн эерэг болон сөрөг нөлөө ч бий. Крипто зах зээлд тодорхой хэмжээний эх үүсвэр татагдсан. Энэ нь магадгүй хөрөнгийн зах зээл рүү орох боломж байсан. Аль аль талыг нь харахад хууль эрхзүйн зохицуулалтад хүрэхгүйгээр ийм амжилт гаргасан. Цаашдаа хууль эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, илүү өндөр түвшинд тогтвортой аваад явах боломжтой.

УИХ-ын Х.Булгантуяа:

-Криптовалют амжилт уу, алдаа юу гэдгийг дүгнэхэд эрт байна. Цаг хугацаа л харуулах байх. Хэдэн залуус нийлээд, тэрбумаар нь хөрөнгө босгоод байдаг, харин бид хөрөнгийн биржийн ажлыг тэдэн шиг хүмүүст таниулж чадахгүй байна. Тиймээс бид дутуу ажиллаж байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж