УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид ташаа мэдээлэл хүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид ташаа мэдээлэл хүрчээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид ташаа мэдээлэл хүрчээ

Саяхан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэвлэлд ярилцлага өгөхдөө “Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн энэ үед Замын-Үүдээр гарч байгаа Оросын транзит найман вагон ачаа барааны дөрвийг нь хасаад, Монголынхоо бараа бүтээгдэхүүнийг ачих ёстой. Ингэж байж бид валютын нөөцөө бүрдүүлж, бараа, бүтээгдэхүүний хомсдолд орохгүй байх боломжтой” гэж ярьсан нь олон нийтийн анхааралд хүрчээ.

Мөн тэрбээр цааш нь “Оростой манай улс тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээр баталсан байдаг. Энэхүү хэлэлцээрийн дагуу аль аль талдаа явж байгаа төмөр замын тээвэрт тарифын хямдрал үзүүлнэ гэсэн… Манай улс нийтдээ 30 мянган тонн жонш голдуу бараа бүтээгдэхүүнийг Оросын төмөр замаар экспортолдог. Гэтэл манай нутгийг дамжсан транзит тээврээр 17 сая тонн бараа, бүтээгдэхүүнийг оросууд урагшаа гаргаж байна. Өөрөөр хэлбэл, бид 30 мянган тонн дээрээ тарифын хямдрал авчихаад 17 сая тонн дээрээ тарифын хямдралаа алдаж байна… Тэгэхээр оросуудтай хийсэн энэхүү гэрээ манайд бус Орост илүү ашигтай гэрээ болсон” гэж ярьсан.

Энэ асуудлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн холбогдох албан тушаалтнаас асууж тодруулахад:

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн ярьсан асуудлыг Монгол Улсынхаа төлөө санаа тавьж ярьсан зүйл гэж ойлгон хүлээж авч байгаа ч “УБТЗ” ХНН-ийн тээврийн талаарх мэдээлэл түүнд дутуу дулимаг хүрснээс ташаа зүйл ярьсан байсан. Учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийг хүртэл “УБТЗ” ХНН Замын-Үүд өртөөгөөр Эрээн өртөөнд өргөн царигаар хоногт 14 галт тэрэг хүлээлгэн өгч байсан. Харин үүний 8 биш, 4 нь л Европ болон ОХУ-аас БНХАУ-ыг чиглэсэн чингэлгийн транзит галт тэрэг байсан бөгөөд бусад 10 галт тэрэг нь экспортын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайр, жонш зэрэг экспортын ачаа байсан.

Хятадын тал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн цар тахлын халдварыг хумих зорилгоор Замын-Үүд-Эрээн өртөөгөөр зөвхөн чингэлэгт ачсан ачаа хүлээн авах болж, хоногт өргөн царигаар хүлээн авах галт тэрэгний тоог 6-7 болтол огцом бууруулсан.

Галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлаар УБТЗ-ын дарга Х.Хэрлэн Хөх хотын төмөр замын удирдлагатай шаргуу ярьж тохирсны үр дүнд сүүлийн саруудад Эрээн өртөө хоногт өргөн царигаар 10-11 галт тэрэг хүлээн авдаг болоод байна. Үүний 4 нь мөн л Европ болон ОХУ-аас БНХАУ-ыг чиглэсэн чингэлгийн транзит галт тэрэг бусад нь Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүн ачсан экспортын галт тэрэг байна. Ер нь УБТЗ-аас галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, тэр тусмаа уул уурхайн экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, тээвэр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь  үр дүнгээ өгч байна.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ярилцлагадаа Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2018 оны есдүгээр сарын 7-ны өдрийн хэлэлцээрт хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх, төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангахаар заасан асуудлыг хөндсөн бололтой.

Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн хугацаанд одоо мөрдөгдөж буй тарифын хөнгөлөлтийг тогтвортой мөрдөнө гэж заасан.

Оросууд 17 сая тонн ачаа манай нутгаар дамжуулан урагшаа гаргаж байгаа тухайд бол 2021 онд УБТЗ нийт 31,3 сая тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд үүний 27.1 сая тонн нь экспорт, импорт, орон нутгийн тээвэрлэлт байгаа бол үлдсэн 4,2 сая тонн нь дамжин өнгөрөх транзит ачаа тээвэрлэлт байна.

Тэгш талдаа буюу ОХУ-аас БНХАУ руу УБТЗ транзитаар 2021 онд 3.1 сая тонн ачаа тээвэрлэсэн. Ер нь жилдээ дунджаар 2-3 сая тонн байдаг.

Б.Пүрэвдорж гишүүн бас манай улс нийтдээ 30 мянган тонн жонш голдуу бараа, бүтээгдэхүүнийг Оросын төмөр замаар экспортолдог гэж ярьсан нь мөн л бодит тоо баримттай зөрж байна.

ОХУ руу 2021 онд 177.8 мянган тонн жонш экспортолсон. Жилдээ дунджаар 150-250 мянган тонн жонш экспортолдог. Тэгэхээр эрхэм гишүүний дурдсан тоо баримт бодит байдалтай нийцэхгүй байна. Харин цаашдаа энэ хэлэлцээрийн үр шимийг манай компани, аж ахуйн нэгжүүд хүртэж ажиллахад анхаарах ёстой юу гэвэл ёстой. Энэ утгаар Б.Пүрэвдорж гишүүн энэ асуудлыг хөндөж тавьсан гэж ойлгож байна гэсэн хариулт өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж