НҮБ-ын Хүүхдийг ивээх сан 2020 оноос “Ардчиллын төлөөх шинэ үе” төслийг Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй дүүрэг болон Ховд аймагт хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.
НҮБ-ын “Ардчиллыг дэмжих сан”-гийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа тус төслийн хүрээнд “Иргэний боловсролыг хөгжүүлэх нь” хүүхэд, залуучуудын форумыг өнөөдөр /2022.04.19/-өөс эхлэн гурав хоног зохион байгуулах юм.
ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД ИРГЭНИЙ БОЛОВСРОЛОО НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА
Форумын гол зорилго төслийн үр дүн, хэрэгжилтийг 15-19 насны хүүхэд, залууст танилцуулах юм. Мөн залуу сонгогчдын клубууд өөрсдийн хэрэгжүүлсэн төслүүдээс олж авсан мэдлэг, туршлага, бэрхшээлүүдийн талаар шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдад танилцуулж, залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр уриалга гаргах аж. Тус төслийн хэрэгжилтийн талаар холбогдох мэргэжилтнээс тодрууллаа.
Японы хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон:
-Залуучуудын нийгмийн оролцоо хангалтгүй, сонгуульд идэвхтэй оролцдоггүй зэрэг шүүмж их байдаг. Гэхдээ бодит байдал дээр өсвөр үе, залуучуудад иргэний оролцооны мэдлэг, мэдээлэл хэрхэн өгсөн талаар бодох хэрэгтэй. Гэр бүл, сургууль болон бусад хүрээллийн дунд залуучууд оролцооны талаар хангалттай мэдээлэл авч чадаж байгаа эсэхийг харгалзаж үзэх нь зөв. Бүхий л шатны асуудал шийдвэрлэх түвшинд бид хүүхэд оролцуулж, тэдний саналыг тусгах соёл эзэмших нь чухал. Ингэснээр хүн багаасаа эхэлж, оролцоо ямар чухал гэдгийг танин мэднэ. Цаашлаад иргэний болоод улс төрийн оролцоонд ч идэвхтэй хандана гэсэн үг.
Ерөнхий боловсролын сургуульд өгч буй онолын мэдлэг практикт хэрхэн буудаг талаар таних боломж дутуу байдаг. Залуусын оролцоо өнөөгийн түвшинд хэр байгааг багш, мэргэжилтнүүдээс гадна улс төрийн намууд ч анхаарах хэрэгтэй.
Яагаад сонгуульд оролцохгүй байна вэ гэхээс илүүтэй анхнаас нь оролцох боломжийг нь таниулж, дэмжээд явбал залуус оролцоно гэдэг соёл болохыг мэднэ. Жишээлбэл, Швейцарийн холбооны улсын иргэдээс төрдөө хэрхэн санал өгдөг вэ гэж асууж байлаа. Ардчилал өндөр хөгжсөн энэ улсын иргэд жилдээ 1000 гаруй удаа төрд саналаа хүргүүлдэг гэсэн юм. Энэ нь татвар төлөгч иргэдээс улс төрийн бүхий л шатанд санал авах нь соёл болж төлөвшсөнийг харуулж байна. Хүүхэд, залуучууд ч мөн ирээдүйн сонгогчид. Тиймээс хүүхэдтэй холбоотой асуудлаар тэднээс санал авч, ажил хэрэг болгож байгаа эсэхийг өнөөдөр авч үзэх нь зөв.
Хөдөө, сум суурин газар байгаагаас гадна сүлжээгүй, алслагдсан бүсэд буй, дата худалдаж авч, интернэтэд орох боломжгүй залуусын оролцоог ч тэгш хангах нь ардчиллын нэг хэсэг.
Энэ механизм бүрдэхгүй болохоор залуусын оролцоо хангалтгүй байна гэсэн дүгнэлтэд хүрээд байдаг. Бид төслийн хүрээнд хийсэн судалгааны дүнд хэд хэдэн зүйлийг мэдэж авсан. Тухайлбал, иргэний боловсрол олгож байгаа боловсролын хөтөлбөрт хүн үзэл бодолтой байх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, шударга ёсны ойлголт, засаглал хуваах зарчмын тухай ойлголт болон чөлөөт оролцоо зэрэг ардчиллын үнэт зүйлс, элементийн талаар тайлбарлаж тусгасан байдаг. Гэхдээ хүүхдүүд тэрхүү сургалтын хөтөлбөрөөс илүүтэй бусад мэдээллийн хэрэгслээс ардчиллын талаар ойлголт авч байна гэж судалгаанд оролцогчид хариулсан. Мэдээж тодорхой хувь нь сурах бичгээс мэдлэг авч байна. Гэхдээ олон төрлийн мэдээллээс хэрэгтэй мэдлэг авч, оролцоог нэмэгдүүлэх нь чухал.
Тус төслийн хүрээнд нийт 250 хүүхэд, залуусаас судалгаа авахад тэдний 70 хувь нь ардчилал бол сайн зүйл. Үүний цаана хүний эрх хэрэгжиж, тэгш байдал бий болдог гэж хариулжээ.
ЗАЛУУСЫН ОРОЛЦОО МАНЛАЙЛАЛ, ЭЕРЭГ НӨЛӨӨЛЛИЙГ БИЙ БОЛГОДОГ
Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хууль батлагдсанаар, сурагчдын иргэний боловсрол хичээлийн хүрээнд авах мэдлэг нэмэгджээ. Энэ төсөл цаашид үргэлжлэн хэрэгжиж, олон залуус мэдлэг, мэдээллээ тэлэхийг төсөлд хамрагдсан хүүхэд, залуус хэллээ.
Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 11А ангийн сурагч Т.Жавзмаа:
-Цар тахлаас шалтгаалж бидний нийгмийн идэвх сул байсан үед энэ төсөл хэрэгжсэн нь миний хувьд маш таатай санагдаж байна. Би удахгүй сонгуулийн насанд хүрнэ. Тиймээс сонгуульд яагаад залуусын оролцоо чухал болохыг, сонгуулийн үр дүнд бид юуг бүтээж болох зэргийг мэдэж авсан.
Төсөлд хамрагдахаас өмнө буюу 2019 онд ардчиллын талаар ойлголт мэдээлэл авах хичээл орж байсан. Гэвч Covid-19-өөс болж танхимын хичээл орохгүй зэрэг шалтгаанаас болж хангалттай мэдлэг авч чадаагүй.
Энэ төсөл Ховд аймагт хэрэгжиж эхэлснээр нөлөөлөл, ардчилал, залуусын оролцоо гэдэг сэдвийн хүрээнд, өөрийн хүрээнд өргөн мэдлэг, мэдээлэлтэй болж чадсан гэж бодож байна. Залуусын манлайлал, оролцоо нийгэмд олон эерэг үр дагавар бий болгодог гэдгийг мөн үе тэнгийнхэндээ хэлмээр байна.
АРДЧИЛАЛ БОЛ БИДНИЙ МЭДДЭГ МЭТ ХЭРНЭЭ МЭДДЭГГҮЙ СЭДЭВ
Монгол Улсын Боловсролын их сургуулийн түүх, нийгмийн тэнхимийн IV курсийн оюутан:
-Ардчилал бол бидний мэддэг хэрнээ мэддэггүй зүйл. Тиймээс суралцаж байгаа чиглэлийнхээ хүрээнд оюутан байх хугацаандаа энэ төсөлд хамрагдсандаа баяртай байна. Ардчиллын зарчим, ардчилал гээд нийгмийн ухааны хичээл дээр ярьдаг. Гэхдээ энэ онолын мэдлэгт ямар ч практик мэдлэг болох зүйл байдаггүйгээс залуусын оролцоо бага байгаа санагддаг. Хэрэв хичээл дээр үзсэн зүйлээ туршилт, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зэргээр практик дээр амилуулах нь үр дүнтэйг энэ төслийн хүрээнд ойлгож авлаа.
18-25 насны миний үеийн залуусын сонгуулийн ирц бага байдаг. Тиймээс залуустаа хандаж, ойлголт мэдлэгээ дээшлүүлж, оролцоотой нийгмийг бүтээе гэж уриалмаар байна. Миний хувьд төгсөөд сурч буй мэргэжлээрээ олон хүүхэд, залууст ардчиллын талаарх ойлголт мэдлэг өгнө гэж бодож байна.
Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар болон Ховд аймагт залуу сонгогчдын 10 клуб байгуулагдаж, 250 гаруй гишүүн ардчиллын үнэт зүйлс, сонгуулийн явцад хэрхэн мэдлэгтэй оролцох талаар ойлголттой болжээ. Түүгээр ч зогсохгүй нийт 290 гаруй залуу 6000 орчим хүүхэд, залуустай мэдлэг, туршлагаасаа хуваалцсан байна. Үүнээс гадна Монгол Улсын боловсролын тогтолцооны ардчилсан засаглал, иргэдийн оролцооны ач холбогдлыг ойлгуулах агуулга, арга зүйд дүн шинжилгээ хийж, хичээлийн бус цагаар ардчиллын үйл явцад залуусын оролцоог нэмэгдүүлэх таван модуль сургалтын хөтөлбөр боловсруулжээ. “Ардчиллын төлөөх шинэ үе” төслийн хүрээнд нийт таван модуль хэсгээс бүрдсэн хөтөлбөрт өсвөр үе, залуучууд хамрагдсан байна.
Гэрэл зургийг: Б.МӨНХТУЛГА
Холбоотой мэдээ