Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өнгөрсөн Баасан гаригт хямралын үеийн бодлогоо танилцуулав. Үүнээс таван сарын өмнө тэрбээр 120 их наядын "Шинэ сэргэлтийн бодлого"-оо зарлаж байлаа. Авчиг цар тахал, дайн байлдаан монголчуудыг дээр доргүй бүсээ чангалахад хүргэв. Ингээд Засгийн газар хэмнэлтийн горимд шилжихээр хэд хэдэн арга хэмжээ авахаар болсны нэг төсвийн тодотгол.
Монгол Улс 2022 онд анх удаа 18 их наядын төсөв батлуулсан ч эдийн засгийн хямралаас болж нэн чухал шаардлагагүй, үр ашиг багатай хөрөнгө оруулалтыг цуцлах, нийтдээ 452 төслийг царцаах хэмнэлтийн горимоо Засгийн газар “бүдүүн бүлэг”-тээ танилцуулжээ. Бүтэн өдөржин хуралдсан МАН-ын бүлэг наанаа Засгийн бодлогыг дэмжинэ гэсэн ч цаанаа халаасандаа “салаавч”-тай яваа аж. Учир нь, энэ онд төсвөөс нийтдээ нэг их наядыг шинэ хөрөнгө оруулалтад зарцуулахаас 520 тэрбумыг танасан. Энэ нь гишүүдийн “авлигын мөнгө”-ний тал нь танагдана гэсэн үг. Иймээс “бүдүүн бүлэг”-ийнхэн тойргийн мөнгө бол аймаг, сумандаа бүтээн байгуулалт хийх санхүүжилт гэж эхнээсээ уйлан “донгодох” нь холгүй байгаа.
Тэгж яривал Булганы Хутаг-Өндөр суманд айрагны өргөө барих төсвийн 3.8 тэрбум төгрөг чинь татвар төлөгчдийн мөнгө. Сэлэнгэ аймгийн Сүхбаатарт бассейн барих 3.5 тэрбум мөн л баялаг бүтээгчдийн хөрөнгө.
Тэгээд ч суманд бассейн барьж байхаар хотод цэцэрлэг барьсан нь дээргүй юү. Тэр тусмаа айрагны өргөөнд “архидан согтуурахгүй” юм бол аялал жуулчлалаас мөнгө олно гэж гонжийнжоо. Үндсэндээ манайхан шиг татвар төлөгчдийнхөө мөнгөөр “найрладаг” парламент хаана ч байхгүй. Гишүүн болгонд дөрвөн тэрбум төгрөгийг тэгш хүртээмжтэй хуваарилна гэдэг чинь өөрөө авлига юм. Ардын нам уг нь авлигатай хатуу тэмцэнэ гэсэн биз дээ.
1.
УИХ-ын 76 гишүүн болгон тойргийн мөнгө гэж төсвөөс дөрвөн тэрбумыг авдаг гэвэл энэ нь нийтдээ 304 тэрбум төгрөг болно. Хямралын үед багагүй хэмнэлт. Аж ахуйн нэгжүүддээ хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл олгочихвол бага ч гэсэн дэмжлэг болно.
Гишүүдийн хувьд тойрогтоо цэцэрлэг сургууль, эмнэлэг барина гэж ам тагладаг. Атал нэг ангид арав хүрэхгүй хүүхэд хичээллэдэг суманд хоёр давхар хоёр, гурван зуун хүүхэд сурах сургууль барих эдийн засгийн боломж, бололцоо бидэнд хэр байгаа билээ. Тэгээд ч гишүүд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, Засгийн газрын зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй болохоос байшин барьж, зам тавьж, цэцэг тарих үүрэг ч, алба ч байхгүй. Засгийн газар ч бас барилгын, долларын, нүүрсний, замын ченж биш.
Төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх, парламент нь засагтайгаа барьцах ямар ч шаардлага байхгүй.
Мөнгө олдвол хувийн хэвшил рүүгээ хийж, мөнгөөр хийх ажлаа хувийн хэвшилдээ даатгачих. Татвар төлөгчид чинь сөхрөөд уначих юм бол улсын данс чинь улайдаг юм байгаа биз дээ.
2.
Ерөнхий сайд чадах юм бол нэг сумаар хоёр туулай буудах боломж байна. Нэг нь төсвийн авлига, нөгөө нь төрийн өмчит компаниудын авлига. Улсын мөнгө уйлдаггүйн олон жишээг бид мэднэ. Жишээ нь, гурван тэрбумын үнэтэй усан оргилуур нь жилдээ хэдэн удаа ажилладаг билээ дээ. Тэгэхээр Ерөнхий сайд амалсан ёсоор боломжит бүх зардлаа танах хэрэгтэй. Унах унаа, утасны төлбөр, ажлын байрны цомхотгол, тойргийн мөнгө гээд хэн юу гэж байсан ч Ардын нам хэмнэлтээ авлигажсан төсвөөсөө эхлэх ёстой.
“Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас гаргасан авлигын индексээр Монгол Улс өнгөрсөн онд нэг байраар урагшилж, 100 дугаарт бичигдсэн нь авлигатай тэмцсэн амжилт огт биш. Үндсэндээ авлига огт буураагүйн нотолгоо л доо. Авлигыг бууруулахын тулд ядаж төсвийн авлигатайгаа тэмцэх учиртай. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хувьдаа ТББ-тай байдгийн цаад шалтгаан “тойргийн мөнгө” шүү дээ.
Хоёрдугаарт, төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулж, 10 компанийг нэгтгэн 10 компанийг татан буулгах, худалдах арга хэмжээ авна гэжээ. Ер нь төр өмчтэй байснаараа баян болдоггүй. Төрийн өмч авлигач, хулгайчдын өмч, хөрөнгө болсныг ЖДҮ болон Хөгжлийн банкийг тонож, луйвардсан хэргээс харчихад л болно.
Төрийн өмчийг хувьчиллаа гээд төр ядуурахгүй, төсвийн үрэлгэн зардал буурна. Хөгжлийн банкийг тонож дээрэмдсэн дуулианы араас “Эрдэнэс Монгол”-ын асуудлыг Л.Оюун-Эрдэнэ илчилнэ гэсэн. Тэгэхээр дээрэм, тонуулын үүр уурхай болсон төрийн өмчүүдийг цөөлөх нь зөв.
Үнэндээ Л.Оюун-Эрдэнэ нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг иргэдэд буцааж өгөх, шатахуун импортлогчдод 100 орчим сая ам.доллар зарцуулах, гурил, махны үнийг тогтворжуулахын тулд хөдөө аж ахуйн зээл олгох, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн албан татварын таван хувийг түр хугацаанд тэглэх гэх мэт байдаг л нэг тодотгол хийхээс илүү төсвийн бодлого, тогтолцоог үндсээр нь өөрчлөхгүй аваас Ардын намын хүсээд байгаачлан авлигын индекс огтхон ч өөрчлөгдөхгүй юм.