БАЙР СУУРЬ: Хийн хоолой Монголыг илүү хараат болгож мэднэ

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Хийн хоолой Монголыг илүү хараат болгож мэднэ

БАЙР СУУРЬ: Хийн хоолой Монголыг илүү хараат болгож мэднэ

ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой Монголын газар нутгаар дамжин өнгөрөх бэлтгэл ажил эхэлсэн.  Хойноос урагшаа чиглэлд хийн хоолой нийт 962.9 км үргэлжлэх бөгөөд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймаг болон Улаанбаатар хотоор дамжин өнгөрнө. Хэрэвзээ хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжин өнгөрүүлбэл ашиглалт хамгаалалтыг хэн хариуцах вэ, дэлхийн улс төр, эдийн засаг тун төвөгтэй нөхцөлд байгалийн хийни хоолойг Монголоор дамжуулах зайлшгүй шаардлага бий юу гэх асуулт зүй ёсоор тавигдаж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр байгалийн хий хоолой дамжин өнгөрвөл Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй гэсэн хардлага, болгоомжлол дагуулж буй. Энэ талаар хуульч, эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.


ОРОСЫН ТАЛ ХИЙН ХООЛОЙГ ХАМГААЛБАЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ХӨНДӨГДӨХ МАГАДЛАЛТАЙ

Эдийн засагч С.БАТБУЯН: 

-Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжин өнгөрүүлснээр эдийн засгийн талаас газар эзэмших түрээсийн төлбөр, татвар зэргээр ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр, газар нутгаар дайран өнгөрөх, түүнийг эвдэх, ашиглах утгаар байгаль орчин, газар нутгийн бүрэн бүтэн, халдашгүй байдалд сөрөг үр дагавар үүсч болзошгүй.

Оросын талаас газар эзэмших, байгаль орчинд хэр сөрөг нөлөөлөл үзүүлэх эсэх асуудал зохицуулалтад хэр тусгасан бэ гэдгээс хамаарч шийдэгдэнэ. Уг нь хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх гэж байгаа бол ашиглалт, харуул хамгаалалт зэргийг үндэсний компани хариуцвал бидэнд хэрэгтэй.

Үндэсний компани орлоготой бол ажлын байр нэмэгдэнэ. Үүнийг дагаад улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Харин Оросын тал өөрсдөө хийн хоолойн төслийн ашиглалт, хамгаалалтыг хариуцвал гадаадын аж ахуйн нэгжийг дагаад гадаадын иргэн Монгол Улсын нутагт байршихын хэрээр улс орны аюулгүй байдал, эрх ашгийн асуудал хөндөгдөх магадлалтай.

Гол нь Монгол Улс өөрсдөө ашиглалтыг нь хариуцаж, аюулгүй байдлыг хангах хэмжээний потенциал байгаа юу гэх асуудал бий. Хэрэв ийм потенциал байгаа бол өөрсдөө ажлын байраа нэмэгдүүлэх шаардлагатай. Эсрэгээрээ хийн хоолойн төслийг гадаадынхан хариуцвал үндэсний аюулгүй байдал талаас таагүй. Бид Монголын нутгаар хийн хоолой дамжин өнгөрүүлэх төслийг хэрэгжүүлэх хугацаа, хөрөнгө оруулалт, хүний нөөц, дэд бүтэц зэрэг том зургаар нь харах ёстой.

Зүйрлэвэл, айлын голоор шугам хоолой татаж байгаа бол эерэг, сөрөг талыг тооцох нь чухал. Байгалийн хийн хоолой Монголын нутгаар дамжин өнгөрөх төсөл зөв боловч бидний гол алддаг зүйл нь гэрээндээ эрх ашгаа хангаж чаддаггүйгээс болж асуудал үүсдэг. Аль эсвэл хохирдог.

Тиймээс төсөл тойрсон дэд бүтэц, аж ахуйн нэгжүүдийг тодорхой болгох ёстой. Мөн хийн хоолой дагасан байгаль орчны асуудлыг ч гэрээнд маш сайн тусгах хэрэгтэй. Хэрэв гэрээний дагуу өөрсдийн эрх ашгийг хангаж чадахгүй бол томоохон эрсдэл дагуулна. Нэгдүгээрт, байгалийн хийн хоолойн төсөл хөрс сэндийлэхээс авахуулаад хортой сөрөг нөлөөтэй. Хоёрдугаарт, гэрээгээр эрх ашгаа хамгаалж чадаагүй нөхцөлд эргээд дарамт болж, хүн амд сөрөг үр дагавар үүсэх эрсдэл болно. Хийн хоолойн төсөл Монгол Улсыг хөндлөн дайрч байгаа учраас техникийн нөхцөл, аюулгүй байдлыг маш сайн анхаарахгүй бол горим алдагдвал байгаль орчинд төдийгүй хүн амын эрүүл мэндэд хүртэл сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бий.

      ХИЙН ХООЛОЙН ТӨСЛИЙГ ДАГААД НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН АСУУДАЛ ЯРИГДАНА

Эдийн засагч С.БЯМБАХОРЛОО: 

-Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах нь эдийн засгийн талаас харвал үр ашигтай. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт яригдах боломж бүрдүүлж байна. Хоёрдугаарт, эрчим хүчний хараат байдлаас тодорхой хэмнэлт хийж, хийг хэрэглээнд нэвтрүүлснээр утааны асуудал шийдэгдэх болов уу гэж харж байна.

Нөгөөтэйгүүр хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрүүлэх санал үндэсний эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотойгоор яригдаж байна. Үүнд, газрыг түрээслэсэн тохиолдолд гэрээгээ маш сайн хийх ёстой. Түрээсийн гэрээгээ сайн хийж чадвал асуудалгүй болов уу.

Үүнээс гадна хийн хоолойг ОХУ-аас БНХАУ руу холбоход бидний нүүрсний экспорт асуудалтай болно. Хятадын тал хямд үнээр эрчим хүчээ хангаж эхэлбэл бидэнд урд хөрш рүү нүүрсээ гаргах уу, үгүй юу гэх асуудал үүсэх байх. Хятадын тал Монгол Улсаас нүүрс импортлохоо зогсооё гэсэн асуудал яригдахыг үгүйсгэхгүй.

Гэхдээ энэ асуудлыг би улс төржүүлмээргүй байна. Ерөнхийдөө байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэхээр болбол гэрээ контактуудыг маш сайн судлах хэрэгтэй. Өмнө нь улс орнууд ямар асуудал үүсч байсныг харах нь зөв болов уу. Эдийн засгийн талаас ямар үр ашигтай вэ, геополитикийн тал дээр ямар алдаа гарч байсан бэ гэдгийг бодож, гэрээндээ энэ талаар маш сайн тусгах шаардлагатай.

                     МОНГОЛ УЛС НАЙМААНЫ ХӨЗӨР БОЛОХ ВИЙ

Хуульч С.ХАЛИУНАА: 

-Аливаа том төслийн дагуу Монгол Улсад бэлэн мөнгөний урсгал орж ирнэ гэсэн үг. Эдийн засгийн талаас харвал байгалийн хийн хоолойн төсөл үр ашигтай, эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ энэ асуудал зөвхөн Шадар сайд С.Амарсайханы хүрээнд шийдэгдэхгүй. Үндсэн хуулиар УИХ-аар хэлэлцүүлж батлуулах ёстой. Иймд энэ асуудал бол УИХ-ын түвшинд яригдах нь зөв. Нэгдүгээрт, үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаж байна. Монгол Улсын хувьд Европын улс орнуудтай адил маш олон улстай адил эдийн засгийн хувьд арилжаанд тэгш оролцдоггүй.

Хоёр улсаас туйлын хараат. Урд хөршөөс бүтээгдэхүүн худалдан авч, хойд хөршөөс нефть авдаг хоёр улсын хооронд холбогч болж өгснөөр бид улам хараат болж, тусгаар байдлаа алдана.

Хэрэв бид Европын улс орнуудтай адил олон хөрштэй бол хэлцлийн түвшинд байгалийн хийн хоолой нэвтрүүлэх боломж байсан. Гэтэл хоёр хөршөөс хараат нөхцөлд байгалийн хийн хоолойг дамжуулснаар илүү хараат болохын илрэл гэж бодож байна. Иргэнийхээ хувьд хэлэхэд, Монгол Улсын төр авлигатай ийм нөхцөлд бид хэчнээн том төсөл хэрэгжүүллээ гээд иргэдэд үр өгөөж алга. Том хэмжээний бэлэн мөнгөний урсгал бий болсон ч өгөөж нь иргэнд бус, эрх мэдэлтнүүдэд л очих болов уу.

Богино хугацаандаа энэ төсөл үр ашигтай байж магадгүй. Харин урт хугацаандаа үндэсний аюулгүй байдлаа шууд алдах хэмжээнд хүрч мэднэ. Яагаад гэвэл ОХУ эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд хөрш орнууд руугаа дайрах нөхцөл байдлыг бид харж байна шүү дээ.

Иймд байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах нь маш аюултай. Түүхэндээ ОХУ Монгол Улсын тусгаар тогтнолыг хараат гэж үздэг учраас урт хугацаанд бидэнтэй тэгш нөхцөлтэй ярихгүй. ОХУ бол өөрсдийн өмчөө шууд явуулах гэж байна. Иймд бид өөрсдийн газар нутагт өөр улсын өмч явуулахаар бол тухайн өмчийг дагаад айлын талд ямар эрх үүсэх вэ гэдгийг маш сайн тооцохгүй бол "Бид өмчөө хамгаалж байна" гэвэл яах вэ? Монгол Улс наймааны хөзөр болох вий.

Геополитикийн асар их сонирхол болсон газар нутаг дээр бусдын өмчийг оруулах гэж байгаа л бол бид маш хянамгай байж, болгоомжлох ёстой. Ойрын 2-3 жилийн өр төлөх гэж байна гээд хийн хоолойн төслийг Монголын нутгаар дамжуулдаг. Гэтэл 5-10 жилийн дараа оросууд урд хөршид хийн хоолойгоо өгч, тус улсын өмч болвол яах вэ?

Тиймээс бид маш сайн тооцохгүй бол үр дагавар нь аюултай. Зүйрлэвэл, айлын газар дээр байшин барьсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь байгаа л бол дуртай үедээ өөрийнхөө өмч рүү орно. Тухайн хүн өмчтэй холбоотой маргаан хийж болно. Уг нь хамгийн гол худалдан авагч Хятадын талд шийдвэр гаргах эрх нь бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж