Дэлхийн банк: Монгол Улсад 2023 онд төсвийн дарамт нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк: Монгол Улсад 2023 онд төсвийн дарамт нэмэгдэнэ

Дэлхийн банк: Монгол Улсад 2023 онд төсвийн дарамт нэмэгдэнэ

Дэлxийн банкнаас жил бүр эрxлэн гаргадаг Монголын эдийн засгийн тайланг танилцууллаа. 


Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану:

-Нийлүүлэлтийн талаар эхэлж тайлбарлах нь зүйтэй байх. Нийлүүлэлтийн тухайд цар тахлаас шалтгаалж зарим нэг хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор 2021 онд уул уурхайн салбарын өсөлт хүлээлтэд хүрээгүй. Эрэлтийн тухайд өрхийн хэрэглээ улам бүр хумигдсан. Өрхийн хэрэглээ буурсан нь нийт хэрэглээ болоод эрэлтийг багасгахад нөлөөлсөн. 2021 онд бодит экспорт буурсан учраас дотоодын нийт бүтээгдэхүүний 14 хувьд хүртэл нүүрсний нөөц хуримтлагдсан байна. Цаашлаад өрхүүд хоол, хүнсэнд зарцуулах зардлаа хадгалахын тулд бусад төрлийн зардлаа маш их  хэмжээгээр танажээ. Мөн үүнийгээ дагаад өрхийн хуримтлал ч буурсан.

Судалгаанаас үзэхэд дундаж болон өндөр орлоготой өрхүүд энэ хугацаанд хуримтлал, хадгаламжаа өсгөсөн байна. Харин орлого багатай өрхүүдийн хувьд хүнсний хэрэглээ их хэмжээгээр нэмэгджээ.

Хөдөлмөрийн зах зээлийн хувьд 2021 оны эхээр үйлчилгээний салбар цохилтод маш ихээр нэрвэгдсэн. Ажлын байр хорогдсон ч цар тахлын хязгаарлалт сулрахын хэрээр хөдөлмөрийн зах зээл эргээд сэргэж эхэлсэн. Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд ажлын байрыг хадгалахад үр дүнгээ өгсөн. Хэрэв Засгийн газар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол ажлын байр маш ихээр хорогдох байсан. Бидний тооцооллоор хөтөлбөрийн үр дүнд үндсэндээ 160-238 мянган ажлын байрыг хадгалж чадсан. 

Хүнс, бараа, бүтээгдэхүүний үнэ инфляцийг хөөрөгдөж буй хамгийн гол хүчин зүйл болж байна. Энэ нь импортын хүнсний барааны үнэтэй холбоотой. Үйлдвэрлэлийн өртөг зардал нэмэгдэж, уул уурхайн бус үйлдвэрлэгчид өртөг зардлаа хэрэглэгч рүү шилжүүлж байна. Үүнийг эцсийн хэрэглэгч буюу ард иргэд нуруундаа үүрч байна. Энэ нь инфляцид нөлөөлсөн томоохон хүчин зүйлсийн нэг.  Төв банкнаас өнгөрсөн гуравдугаар сард бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Бусад улс оронтой харьцуулахад Монгол Улсын бодит хүүгийн түвшин сөрөг байна. Төсвийн бодлогын тухайд нийгмийн халамжийн зардал давамгайлж байсан ч 2021 онд  "Оюу Толгой" ХХК-ийн татварын өрийг барагдуулсантай холбоотойгоор төсвийн орлого нэмэгдсэн.

Үүний үр дүнд 2021 оны байдлаар төсвийн алдагдал буурсан. Гэхдээ 2022 онд төсвийн алдагдал нэмэгдэж, 2023 оны төгсгөлд гадаад бондын өр төлбөртэй холбоотой төсвийн дарамт нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.

БНХАУ-ын хил хаалттай одоогийн нөхцөл байдал урсгал тэнцэл, төлбөрийн балансад сөргөөр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, урсгал тэнцлийн алдагдал нэмэгдэж, төлбөрийн тэнцлийн алдагдлыг дагууллаа. Түүнчлэн импортын өртөг, зардал нэмэгдэж, төгрөгийн балансын нөхцөл байдал муудах төлөвтэй байна. Монголбанкны гадаад валютын интервенц оны сүүлийн хагасаас эрчимжсэн. Бодит ханш буурсан нь эдийн засгийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Засгийн газрын дэмжлэг банкны зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн. Үүний зэрэгцээ банкны зохистой харьцаа өөрчлөгдөж байна. Эрсдэлтэй зээлийн нийт зээлд эзлэх харьцаа буурч байна.

Дэлхийн банкнаас Монголбанкинд:

  • Монголбанк инфляцийг тогтворжуулах бодлогод өндөр ач холбогдол өгч ажиллах,
  • Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх,
  • Монголбанк төсвийн шинж чанартай үйл ажиллагааг шат дараатайгаар хумих,
  • Гадаад секторын нөлөөг гадаад валютын ханшийн өөрчлөлтөөр бууруулах,
  • Цаашид хийх реформын хүрээнд худалдааны болон тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлд таатай нөхцөл бүрдүүлж, дотоодын бизнесийг хөгжүүлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж