Иргэдийн мэдээллийг нэг жилийн дотор 511 сая удаа сольжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

Иргэдийн мэдээллийг нэг жилийн дотор 511 сая удаа сольжээ

Иргэдийн мэдээллийг нэг жилийн дотор 511 сая удаа сольжээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлснээр, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд И-Монголиа платформд төрийн 60 байгууллагын 648 үйлчилгээг хүргэж байна. Мөн орон нутгийн үйлчилгээг ч цахимжуулж эхлээд байгаа юм. Тодруулбал, тус яам болон И-Монголиа академи хамтран 13 аймгийн 863 орон нутгийн үйлчилгээг И-Монголиа платформд нэвтрүүлжээ. Ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн 21 аймгийн 1200 орчим орон нутгийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байгаа аж.

И-Монголиа платформ 2020 оны аравдугаар сарын 1-нд нээлтээ хийж байв. Үүнээс хойш хоёр жил гаруй хугацаанд 10 сая орчим үйлчилгээг иргэдэд үзүүлжээ. Нөгөөтэйгүүр иргэдийн мэдээллийг 511 сая гаруй удаа зөвшөөрөлгүй сольсон байна. Харамсалтай нь, иргэд мэдээллийг сольж, ашиглаж байгааг мэддэггүй байсан бол өнөөдрөөс хянах боломж бүрджээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хэлэхдээ “Зөвхөн 2021 оны статистикаар 3.4 сая иргэний мэдээллийг 511 сая гаруй удаа сольсон байгаа юм. Энэ нь иргэн таны мэдээллийг ийм олон удаа сольж, хэн хаана сольж ашиглаж байгааг хянах боломжгүй байсныг өнөөдөр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиудаар зохицуулж байна. Өнөөдрөөс эхлэн “мэдэгдэл хүргэх систем”-ийг нээж байгаа юм.

Иргэн өөрийн мэдээллээ хянах, өмчлөх бүрэн эрхтэй байх ёстой. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн заалтаар  иргэнд хувь хүний мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан, мэдээлсэн, харсан тохиолдолд иргэнд мэдэгдэл хүргэнэ гэсэн заалт орсон байна. Бидний хувьд мэдэгдэл хүргэх системийг иргэнд хүргэхдээ И-Монголиа аппликэйшний нотипикэйшн ирнэ.

Өнөөдрийн байдлаар тус аппликэйшнийг нэг сая иргэн татан авсан байна. Иймд сая гаруй иргэн өөрийн мэдээллийг хэн ашиглаж харж байгааг хянах боломжтой. Мөн бид үндэсний и-мэйл нэвтрүүлэхээр ажиллаж байна. Яагаад гэвэл цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлж, үндэсний и-мэйл хаягаар орж мэдээллийг харна гэсэн үг. Иргэд хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан бол тухайн байгууллагад гомдол гаргах эрхийг хуулийн заалтаар зохицуулна. Мөн тавдугаар сарын 1-нээс эхлэн төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй болох юм” гэлээ.

Иргэдийн хувьд И-Монголиа аппликэйшнийг update хийснээр мэдэгдэл цэсээр өөрийнх нь мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан эсэхийг мэдэж болох юм байна. Уг мэдэгдлийг авахын тулд И-Монголиа аппликэйшн, өөрийн баталгаажсан и-мэйл хаягаар нээлттэй авах боломж бүрдэх аж.

Үндэсний и-мэйл хаяг нь иргэний үнэмлэхийн ар талын 12 оронтой дугаараар И-Монголиа аппликэйшнд хаяг нээгдэх бөгөөд ирэх сарын 1-нээс ашиглаж эхэлнэ гэж холбогдох албаны хүмүүс мэдээлллээ. Үндэсний и-мэйл хаяг нь иргэдийг баталгаатай таних, тухайн и-мэйлээр төрд гомдол мэдээлэх боломж бүрдэх аж. Уг и-мэйлийг И-Монголиа аппликэйшнтэй холбохоор төлөвлөжээ.


ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ӨНӨӨДРӨӨС ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАХГҮЙ

Цахим хөгжлийн яамнаас иргэн бүрт “Мэдэгдэл хүргэх систем”-ийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнөөдрөөс төр хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигладаг асуудлыг цэглэж байгааг тодотгов. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.ЭНХ-АМГАЛАН: 

-Засгийн газраас цахим үндэстэн болох, цахим засаглалыг бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр томоохон арга хэмжээ авч байгааг та бүхэн мэднэ. УИХ-д Цахим бодлогын байнгын хороо, мөн Цахим хөгжлийн яам шинээр байгуулагдсан. Мөн И-Монголиа платформ нэвтрүүлээд хоёр жил болсон төдийгүй И-Монголиа академи шинээр байгуулж, төрийн бүх үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хүнд сурталгүй, авлигагүй хүргэх томоохон ажил хийж байна.

Өнөөдөр Монгол Улсын иргэн хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан төрийн үйлчилгээг гар утсаараа авах боломж бүрдсэн.  Өнөөдрийн байдлаар 650 орчим төрийн үйлчилгээ цахимжсан бол энэ онд 1200 төрийн үйлчилгээг цахимд шилжүүлж, аймаг, сум, нийслэлд байгаа төрийн үйлчилгээнүүдийг оруулахаар ажиллаж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн 650 гаруй үйлчилгээг цахимжуулснаар Монголын эдийн засагт томоохон хэмнэлт гарсан. Урьдчилсан судалгаагаар 70 орчим тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн тооцоо байна.

Өнөөдөр И-Монголиа платформд шинэ үйлчилгээ нэвтэрч байна. Энэ бол иргэдэд мэдэгдэл хүргэх систем юм. Төр өөрт байгаа мэдээллүүдийг иргэдээс шаардаж, давхар хүнд суртал гаргадаг. Цаашид төр өөрт байгаа мэдээллүүдийг иргэдээс шаардахгүй. Мөн иргэдийн мэдээллийг төр хувь хүний зөвшөөрөлгүй ашигладаг тохиолдол газар авсан. Энэ нь цахим гэмт хэрэг гарах үндэслэл болж байна. Иймд мэдэгдэл хүргэх систем нэвтрүүлснээр төр өөрт байгаа иргэдийн мэдээллийг ашигласан тохиолдолд тухайн иргэнд мэдэгдэж зөвшөөрөл авна. Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй авч ашигладаг асуудалд өнөөдрөөс цэг тавьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж