АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден засаг захиргааныхаа гол албан тушаалуудад нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрсийг танилцуулав. Тэрбээр Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалд Ричард Ли Буанганыг, Бүгд Найрамдах Мали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Рахна Сачдева Корхоненыг, Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яамны Төлөвлөлт, үнэлгээ хариуцсан нарийн бичгийн даргын туслахад Ребекка Хаффажиг, Ахмад дайчдын хэрэг эрхлэх яамны Ахмад дайчидтай харилцах зөвлөлийн даргад Жайме Арейзага-Сотог тус тус нэр дэвшүүлсэн байна.
Монгол Улсад суух Элчин сайдад нэр дэвшиж буй Ричард Ли Буанган Гадаад харилцааны албаны ахлах ажилтан, Сайд-зөвлөх зэрэгтэй. Өдгөө Төрийн департаментын Олон нийттэй харилцах товчооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын орлогчоор ажиллаж буй аж. Үүнээс өмнө Р.Буанган Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны дэд нарийн бичгийн даргын туслах, Төрийн нарийн бичгийн даргын гүйцэтгэх туслахаар ажиллаж байжээ.
Р.Буанган Олон нийттэй харилцах товчоонд удирдах албан тушаал хашиж байснаас гадна Йерусалим хот дахь Ерөнхий консулын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, дараа нь БНХАУ-ын Бээжин хот дахь АНУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн дэд атташе, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан аж. Түүнчлэн Төрийн департаментын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын газарт, мөн Францын Парис, Кот-д’Ивуарын Абижан хотуудад гадаад томилолтоор ажилласан байна.
Р.Буанган Техас муж улсын Остин хот дахь Сент Эдвардын нэрэмжит их сургуульд бакалаврын зэрэг хамгаалжээ. Тэрбээр Төрийн департаментын олон шагнал хүртсэн бөгөөд мандарин, хятад, франц, испани хэлтэй юм байна.
Эх сурвалж: WHITE HOUSE
Холбоотой мэдээ