Швейцарь, Япон улсууд Орост хатуу хориг арга хэмжээ авна

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

Швейцарь, Япон улсууд Орост хатуу хориг арга хэмжээ авна

Швейцарь, Япон улсууд Орост хатуу хориг арга хэмжээ авна

Швейцарийн ерөнхийлөгч Игназио Кассис өчигдөр /2022.04.18/ Оросын эсрэг олон улсын хориг арга хэмжээнд нэгдэж буйгаа илэрхийлэв. Гэхдээ хориг арга хэмжээ авснаар уламжлалт төвийг сахисан байр сууриа өөрчлөхгүй гэжээ.

Игназио Кассис болон Японы ерөнхий сайд Фүмио Кишида нар Токиод хэлэлцээ хийх үеэр “Украины гэмгүй иргэдэд халдсан хариуцлагаа Орос улс хүлээх ёстой” гэдэг дээр санал нэгдсэн байна. Уулзалтын үеэр Кишида “Оросын түрэмгийлэл Европ төдийгүй Ази тивд олон улсын дэг журмыг үгүй хийж байна. Одоо олон улс урьд өмнөхөөсөө илүү нэгдэх цаг ирлээ” гэж онцолжээ.

Игназио Кассис нь Гадаад хэргийн сайдын үүргийг давхар гүйцэтгэдэг. Тэрбээр Швейцарь улс дайныг эрс буруушааж байгааг мөн илэрхийлэв. Швейцарь улс Европын холбоонд харъяалагддаггүй ч ОХУ-ын эсрэг тус холбооны хориг арга хэмжээг бүрэн дэмжиж буй. Тийм ч учраас өнгөрсөн долоо хоногт тав дахь хориг арга хэмжээгээ хэрэгжүүлжээ.

Тав дахь хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын худалдаа, санхүү, тээврийн салбарыг онилж байна. Тодруулбал, худалдааны салбарт ОХУ-ын орлогын чухал эх үүсвэр болох нүүрс, мод, цемент, далайн бүтээгдэхүүн, архи гэх мэт бараа, бүтээгдэхүүний импортыг хориглож, керосин тэргүүтэй зарим зүйлсийн экспортыг хоригложээ.

Мөн зарим төрлийн химийн бодис болон үйлдвэрлэлийн роботууд үүнд багтаж байна. Харин санхүүгийн хязгаарлалтын хүрээнд Оросын компаниудыг төрийн худалдан авалтад оролцох, Оросын төрийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэхийг хоригложээ.

Худалдаа болон санхүүгийн салбарын хориг арга хэмжээний хувьд Швейцарь улс Европын холбоотой нэгдэж байгаа боловч газарзүйн байршлаас хамаараад тээврийн хоригийг хэрэгжүүлэхгүй юм байна. Тээврийн салбарт чиглэсэн Европын холбооны шинэ арга хэмжээнд Орос, Беларусийн авто тээврийн компаниудыг Европын холбооны бүс нутагт авто замаар ачаа тээвэрлэхийг хориглосон. Мөн Оросын хөлөг онгоцуудыг тус бүсийн боомтуудад нэвтрэхийг хориглов.

Япон улс ч мөн адил АНУ, Европын холбоотой нэгдэн Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан. Тус улс Оросын олон зуун хувь хүн, компанийн хөрөнгийг битүүмжилж, шинэ хөрөнгө оруулалт, худалдаа, тэр дундаа цэргийн зориулалтаар ашиглаж болох бараа, бүтээгдэхүүний экспортыг хоригложээ. Түүнчлэн Оросын нүүрсний импортыг үе шаттайгаар зогсоох төлөвлөгөөгөө зарласан байна.

Москвагийн эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд нийт 38 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнд импортын хориг тавьсан. Эдгээр нь ойролцоогоор 16 тэрбум иенээр үнэлэгдэх бөгөөд Японы импортын 1.1 хувийг эзэлж буй юм.

Эх сурвалж: JAPAN TODAY, SANCTIONS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж