Сүүлчийн хонхны жингэнэх дуу өдөр өдрөөр ойртсоор л… Амьдрал гэх их далайд хөл тавихаар “сүүлчийн хичээлийн өдөр”-ийг инээд хөөр, баяр баясал, бяцхан гунигтайгаар догдлон хүлээж буй оюутнууд. Өмнө нь цар тахал, хөл хорионы улмаас оюутан сурагчидын хонхны баярыг хориглосон. Харин энэ жил оюутан сурагчид хаврын шалгалт, дипломын ажлын зэрэгцээ сүүлчийн хичээлийн дараа хаачихаа ярьцгааж, охид “Хонхны баяр”-аараа гоёх дээлээ бэлдээд эхэлжээ.
ХОНХНЫ БАЯРЫН СЕЗОН ТАВДУГААР САРААС Л ЭХЛЭХ ҮҮ?
Цар тахлын үед орлогогүй болсон торго бөс барааны худалдаачид, оёдолчид энэ жилээс хонхны баярын сезон орох байх гэсэн хүлээлттэй сууна. Гэвч одоогоор өмнөх жилүүдийнх шиг захиалгад дарагдаагүй, хүнгүй шахам болжээ. Хуучнаар "Урт цагаан"-д байрлаж байсан хэсэг оёдолчид Улаанбаатар шилэн банкны байр руу нүүгээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна.
Тус байрны нэгдүгээр давхарт төвхнөсөн хэсэг оёдолчдоос өөр үйлчлүүлэгч гэхээр хүнгүй эл хуль. Гэсэн ч оёдолчид дээл засварлаж, зарим нь хувцас танах зэргээр дор бүрнээ өөрсдийн ажлаа хийцгээгээд завгүй.
Одоогоор хонхны баярын дээлийн захиалга авч эхлээгүй ч оюутнууд аль хэдийнэ үнэ хөлсийг нь судлаад эхэлснийг тэд хэлж байв. Энэ жилийн хувьд охид илүү дэгжин загварлаг гэхээс илүүтэй уламжлалт үндэсний дээлээр гоёх сонирхолтой болсныг оёдолчид хэлж байв. Дээлийн үнэ ханшийн тухайд загвар, материал, хийцээс шалтгаалаад 80-150 мянган төгрөгөөр захиалга авч байгаа аж. Оюутнуудын хувьд торго гэхээс илүүтэй нимгэн даавуун дээл сонирхох болсон гэнэ.
Амьдралынхаа 18 жилийг зүү утастай холбож яваа оёдолчин У.Оюунчимэг нэг дээлийг 100-150 мянган төгрөгөөр урлаж байгаа аж. Одоогоор захиалга авч эхлээгүй байгаагаа хэллээ.
Түүний ажигласнаар, гурван жилийн өмнөх үетэй харьцуулахад иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан гэнэ. Жишээ нь, 2019 онд өдийд хонхны баярын сезон эхэлж, нэг үйлчлүүлэгч дунджаар 2-3 загварын дээл захиалдаг байсан аж. Харин өнөөдөр нэг ч дээлийн захиалгагүй, ирэх сараас л сезон эхлэх болов уу гэж хүлээж байгаагаа нуусангүй.
Тэрбээр “Цар тахал дэгдэхээс өмнөх үед өдийд хонхны баярын сезон орсон, өдөртөө 2-3 дээлийн захиалга авдаг байлаа. Энэ үетэй харьцуулахад одоогоор орлого муутай, шинэ дээлийн захиалга аваагүй байна. Тавдугаар сар гараад л нөхцөл байдал сайжрах болов уу. Ер нь хүмүүс ихэвчлэн хуучин дээлээ танаж, засварлуулж байна. Хямралаас үүдэн бид дээл захиалгын үнээ нэмж чадахгүй байна. Дээр нь хилийн хязгаарлалт, ачаа тээврийн гацаанаас үүдэн торгоны олдоц муу байна. Хуучин торгуудаа хүмүүс тоохгүй байна” гэлээ.
Түүнтэй хамт ажилладаг Ц.Наранцэцэг бас л захиалга авч эхлээгүй гэнэ. Тэрбээр “Нэг ч дээлийн захиалга алга. Өнөөдрийн байдлаас харвал тавдугаар сараас ч сезон орохгүй байх. Өмнө нь өдөртөө 2-3 дээлийн захиалга авдаг байлаа. Уг нь нэг дээлийг материал загвараас шалтгаалаад 80-150 мянган төгрөгөөр оёдог. Хамгийн үнэтэй нь 150 мянган төгрөг болно. Бусад газартай харьцуулахад харьцангуй хямд үнэ. Охидын хувьд үндэсний дээлээсээ гадна европ, уламжлалт загвар хосолсон дээл сонирхож байна” гэсэн юм.
ЭНЭ ЖИЛДЭЭ ШИНЭ ТОРГОНЫ БАРАА ХАРАХГҮЙ
Оёдолчдын зүгээс ачаа тээврийн гацаанаас үүдэн шинэ торгоны олдоц тааруухан байгааг тодотгож байсан юм. Иймд Улаанбаатар шилэн банкны замын эсрэг талд байрлах торго бөс барааны дэлгүүрүүдээр орлоо. Зам дагуух, зэрэгцсэн зургаан дэлгүүрээр ороход ганцхан үйлчлүүлэгч таарав. Бусад нь эл хуль, худалдагчид зурагт үзэж, буйдан дээрээ утсаа "маажсан" шиг өдрийг өнгөрөөж байна.
Лангуу дүүрэн өрсөн өнгө өнгийн торго, дурдан бүгд хоёр, гурван жилийн өмнөх борлогдоогүй үлдсэн бараанууд аж. Хил хаалттай тул энэ жилдээ шинэ торгоны бараа харах бараг л боломжгүй гэнэ. Учир нь торгыг онлайнаар захиалж болох ч эрсдэлтэй төдийгүй ачаа тээврийн зардал өндөр. Бас биечлэн очиж авахаас өөр аргагүй бараа гэдгийг зарим нь хэлж байлаа.
Торгоны үнэ дунджаар 5-15 мянган төгрөгөөр нэмэгджээ. Жишээ нь, хамгийн хямд нэг метр нь 8 мянган төгрөгийн үнэтэй торго гэхэд 15 мянган төгрөгийн үнэтэй байна. Дунджаар боломжийн материалтай, хамгийн гүйлгээтэй гэх торго нэг метр нь 32 мянган төгрөг байсан бол 40-50 мянган төгрөг болжээ. Учир нь юань, ам.долларын ханш өссөн, ачаа тээврийн зардал нэмэгдсэн гэж “Гоёл торго бөс бараа”-ны дэлгүүрийн худалдагч Ш.Цог хэлж байв.
Тэрбээр “Цар тахлын үед хамгийн гүйлгээгүй болсон бараа бол торго. Хөл хорионоос үүдэн баяр ёслол, арга хэмжээг цуцалсан учраас борлогдоогүй. Бидний бараа татан авалт ч бас тааруу байна. Шинээр бараа авч чадаагүй, өмнө нь зарж байсан торгонууд л байна. Дээр нь юань, ам.долларын өсөлт, хил хаалттай, ачаа тээврийн зардал зэргээс шалтгаалан торгоны үнэ хилийн цаана ч бас 10 хувиар өссөн тул энд нэмэхээс өөр арга алга. Ялангуяа ачаа тээврийн зардал маш өндөр.
Зөвхөн Эрээнд эхэд зардал хоёр дахин нэмэгдсэн. Гэтэл бид бүр Ханжоу хотоос бараагаа очиж авдаг. Тэнд ачаа тээврийн зардал хэр өссөнийг мэдэх аргагүй. Энэ жилийн хувьд хэдийгээр шинэ бараа орж ирээгүй ч хонхны баярын сезон эхэлж байна. Оюутнууд дээлийн торго сураглаад эхэлсэн. Гэхдээ зарим өдөр 2-3 дээлийн торго л зарж байна.
Гурван жилийн өмнө өдийд хэдэн арван дээлийн торго зардаг, их завгүй байсан. Одоо зарим өдөр орлоготой, заримдаа бүр хоосон байна шүү дээ" гэлээ.
Торгоны үнэ материал, чанараасаа шалтгаалаад харилцан адилгүй. Хамгийн үнэтэй нь үйтэн хуар. Нэг метр нь дунджаар 100-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн чисжүү нэг метр нь дунджаар 60-80 мянган төгрөг. Гэхдээ оюутнууд үйтэн хуар бараг сонирхдоггүй гэнэ. Ихэвчлэн үнэ, чанар боломжийн торго хамгийн эрэлттэй байдаг аж.
Ягаан болон бүдэг ягаан, цагаан өнгийн болон цэцгэн хээ, өрөөсөн хээтэй торго хамгийн гүйлгээтэй нь. Нэг метр нь дунджаар 40-70 мянган төгрөгийн үнэтэй байна. Зарим торго, бөс барааны дэлгүүр өөрсдөө дээлийн захиалга авдаг бололтой, лангууныхаа цаана оёдлын цех байх аж. Тус дэлгүүрийн худалдагч үг солих завгүй, олдсон ганц үйлчлүүлэгчээ алдахгүйг хичээж, элдэв төрлийн торго санал болгоно.
Дэлгүүрийн худалдагчийн хэлснээр, хонхны баярын захиалгууд эхнээсээ орж ирсэн тул завгүй байгаагаа хэлж байв. Тэрбээр дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 15, 25, зургадугаар сарын хонхны баярын дээлийн захиалгатай байгаа аж. Мөн л шинэ торго байхгүй, хуучин торго эргээд моод болсныг тодотгож байв.
ДЭЭЛ 180-450 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Дараа нь “Бөмбөгөр” худалдааны төвийн зэргэлдээх шөнийн захаар орвол торго, бөс барааны ганц лангуу байх аж. Энд дээл япон, солонгос, хятад торгоноос хамаарч харилцан адилгүй үнэтэй. Дунджаар нэг метр нь 8000 төгрөгөөс 120 мянган төгрөг хүртэл төгрөгийн үнэтэй байгаа юм.
Тус лангууны худалдагч хэлэхдээ “Охид ихэвчлэн торгон дээл сонирхож байна. Уламжлалт загварын дээлээр гоёхыг илүүд үзэж байна. Уламжлалт загвартай дээл 180-450 мянган төгрөгийн үнэтэй байна. Захиалгын үнэ ч бас адил. Материалаа сонгоод, захиалга өгч болно. Гадуур дээл 350-800 мянган төгрөгийн үнэтэй байна. Одоогоор цөөн захиалга авсан” гэлээ. Энд япон торгон дээл дунджаар 350 мянган төгрөгийн үнэтэй байлаа.
ОЮУТНУУД ХОНХНЫ БАЯРТАА ХЭДЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХ ВЭ?
Хэдийгээр худалдааны төвүүд, оёдол захиалгын газрууд эл хуль ч гэлээ захиалгаа авч эхэлснийг хэлж байв. Оюутнууд хонхны баяртаа дунджаар хэчнээн төгрөг зарцуулж байгааг сонирхлоо. Тэдний төлөөлөл болох зарим оюутны байр суурийг хүргэе.
ИЗИС-ийн оюутан Г.ЗОЛБОО:
-Миний хувьд 230 мянган төгрөгийг хонхны баяртаа зарцуулна гэж төлөвлөж байна. Учир нь хонхны баяраар өмсөх дээл бий. Тэгэхээр 100 мянга нь монтажид, 130 мянга нь автобус болон хоол ундны мөнгөнд өгөхөөр төлөвлөсөн.
МУИС-ийн оюутан Э.ХУЛАН:
-Хонхны баярын зардал ойролцоогоор 500 мянган төгрөгт багтах байх. Монтаж, ангийн нийллэгт 300 гаруй мянган төгрөг өгсөн. Үлдсэнийг нь хувцас, гоёлд зарцуулна гэж тооцож байна. Үүнээс их ч гарч магадгүй.
ХААИС-ийн оюутан Э.ЛХАГВА-ЭРДЭНЭ:
-Хонхны баярын тооцоо 200 мянган төгрөг болох шинжтэй. Манай баяр тавдугаар сарын 5-нд болно. Мөнгөө хувцас, хоол унд, ойрын зуурын жижиг зүйлст л зарцуулагдана.
ДХИС-ийн оюутан Т.БАЯР:
-Сая гаруй төгрөг болох байх. Илүү ч байж магадгүй. Ангийн хүлээн авалт, ромбо, монтаж, цагдаа хувцаст мөнгө зарцуулахаас гадна сургууль, багш нартаа дурсгалын зүйл үлдээнэ. Мөн улсын шалгалт эхэлж байна. Манай хонхны баяр зургадугаар сарын дундуур болно гэлээ.
Холбоотой мэдээ