Хятадын эрх баригчдын "мухардал"

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

Хятадын эрх баригчдын "мухардал"

Хятадын эрх баригчдын "мухардал"

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал 2022 оны гуравдугаар сард хуралдсан. Тус хурал дээр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян илтгэл тавьж, 2021 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 17.7 их наяд ам.долларт хүрч, 8.1 хувиар өссөн талаар мэдээлсэн билээ. Хэдийгээр цар тахлын тархалт өндөр, хөл хориогоо чангатгасан ч өнөөдрийн байдлаар урд хөршийн эдийн засаг мөн л өсөлттэй гарчээ.

Бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ удаа Хятадын эдийн засгийн өсөлт хэр удаан хугацаанд хадгалагдах боломжтой болон Украины нөхцөл байдал түүнд нөлөөлөх эсэх тухай мэдээллийг онцолж байна.

Олон улсын валютын сан (ОУВС) энэ оны нэгдүгээр сард Хятадын эдийн засаг 7.9 хувийн өсөлттэй гарна гэж таамагласан. “Reuters” агентлагийн шинжээчдийн дунд өмнө нь явуулсан санал асуулгаар Хятадын эдийн засаг өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар, өмнөх улирлаас 0.6 хувиар өснө гэж таамаглаж байв. “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчид тус улсын эдийн засгийг өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар, өмнөх улирлаас 0.7 хувиар өснө гэсэн таамаг дэвшүүлсэн билээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, БНХАУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд 4.8 хувиар өсч, зах зээлийн хүлээлтээс давжээ. Тус улсын Үндэсний Статистикийн газрын цахим хуудаст нийтлэгдсэн тоо баримтад дурдсанаар, урьдчилсан тооцоогоор эхний улиралд ДНБ өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар, өмнөх оны дөрөвдүгээр улирлаас 1.3 хувиар тус тус өссөн байна.

Хятадын эдийн засаг өсөхөд нөлөөлсөн хоёр гол хүчин зүйл нь экспорт ба хөрөнгө оруулалт бөгөөд хамгийн чухал хөдөлгүүр болжээ. Ялангуяа дэд бүтэц, үл хөдлөх салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалт, ногоон хөрөнгө оруулалт, дижитал эдийн засаг, өндөр технологийн хөрөнгө оруулалт зэрэг нь Хятадын өндөр чанартай өсөлтийг бүрдүүлэгч гол хэсэг болдог аж. Эдийн засагчдын үзэж буйгаар, эдгээр салбарууд 2022 онд ч Хятадын эдийн засгийн гол тулгуур байх нь.

Өнгөрсөн онд БНХАУ-ын эдийн засаг 8.1 хувиар өссөн нь зах зээлийн хүлээлт болон эрх баригчдаас дэвшүүлсэн албан ёсны зорилтоос давсан байна. Тус улсын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн гуравдугаар сард 5.8 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.3 нэгжээр өссөн үзүүлэлт болжээ.

Гуравдугаар сард БНХАУ-ын экспорт өмнөх сараас илүү хурдацтай өсөлттэй гарсан бол импорт нэлээд хэмжээгээр буурсан байна. Үүнд цар тахлын улмаас хөл хорио тогтоох зэргээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авсан нь нөлөөлжээ.

Албан ёсны мэдээллийг үндэслэн “Bloomberg”-ийн тооцоолсноор, гуравдугаар сард экспорт өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар өссөн байна. Импортын хувьд хоёрдугаар сард 8.3 хувиар өссөн бол өнгөрсөн гуравдугаар сард 1 хувиар буурсан дүн гарчээ. Үүнд халдварын хяналт, хязгаарлалт, боомтын түгжрэл, боомтын гадагш болон дотогш чиглэсэн урсгал муудсан зэрэг шалтгаан нөлөөлсөн байх магадлалтай аж.

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн Лхагва гаригт “Оны эхний улиралд улсын экспортын хэмжээ 13.4 хувиар, импорт 7.5 хувиар тус тус өссөн дүнтэй гарсан” гэж мэдээлэв.

Хятадын эдийн засгийн өсөлт цар тахлын нөлөөгөөр 2022 онд саарах хандлага ажиглагдаж буйг шинжээчид анхааруулж буй юм. Эдийн засагч Пөн Вэньшөн 2022 онд Хятадын эдийн засаг эхний хагас жил удаашралтай, сүүлийн хагас жилд өсөх төлөвтэй байна гэж таамаглажээ.

ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ УДААН ХУГАЦААНД ХАДГАЛАГДАХ УУ?

Шанхайд Covid-19-ийн дэгдэлтийн улмаас өчигдөр Covid-19-ийн шинэ хувилбарын улмаас гурван хүн нас барсан нь Хятадын эдийн засгийг дордуулж байгаа талаар CNN агентлаг мэдээлэв. Тус агентлагийн сэтгүүлч Стивен Жиан цар тахлын улмаас хүмүүс нас барж байгаа нь Covid-19-ийг тэглэх бодлого барьж буй тус улсын эрх баригчдыг мухардалд оруулж, хотын эдийн засгийн өсөлтийг бууруулж буй талаар мэдээлжээ.

Хятадын эдийн засгийн өсөлт удаан хугацаанд хадгалагдаж чадахгүй байх магадлалтай аж. Эдийн засагчдын дүгнэж буйгаар, газрын тос болон түүхий эдийн үнийг өсгөсөн Украины дайны зэрэгцээ Covid-19-ийн дэгдэлт тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх бололтой. “Macquarie” группийн ахлах эдийн засагч Ларри Ху Даваа гаригт "Хятадын дөрөвдүгээр сарын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд улам дордох төлөвтэй байна" гэж мэдээлжээ. Тэрбээр жилийн өсөлтийг 5 орчим хувьтай байна гэж найдаж буйгаа хэлсэн байна.

Японы хөрөнгө оруулалтын "Номура" банкны шинжээчид өнгөрсөн Даваа гаригт "Хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт саарах эрсдэл нэмэгдэж байгаа тул Хятадад дөрөвдүгээр сард эдийн засгийн өсөлт буурах төлөвтэй байна" гэж мэдээлжээ. Мөн тэд Бээжингийн ДНБ-ий өсөлтийг 5.5 хувьд хүргэх зорилт буурч, 4.3 хувьд хүргэхэд ихээхэн эрсдэл учирна" гэж нэмж хэлсэн байна.

Эдийн засагч Шы Женьдао Хятадын эдийн засагт цаашид гурван гол бэрхшээл тулгарна гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Нэгд, экспорт 2021 онд байсан шиг сайн байж чадахгүй. Цар тахлын үеэр бусад улсын үйлдвэрлэл буурснаар Хятад улс энэ орон зайд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, экспортоо өсгөсөн. Цаашид цар тахал олон улсад аажим буурвал Хятадад ийм давуу тал дахин ирэхгүй.

Хоёрт, хэрэглээ сайн сэргэж чадахгүй, цар тахлыг “тэг” түвшинд барих бодлогын улмаас хэрэглээ хязгаарлагдсан, дээрх бодлогоо сулрууллаа ч хэрэглээ буцаад хурдан сэргэж чадахгүй.

Гуравт, өрийн асуудал. Одоогийн өрийн түвшин тун ярвигтай байгаа учраас засгийн газар идэвхжүүлэх бодлого явуулахад төвөгтэй байх болно гэжээ. Ийнхүү экспорт, хэрэглээ, өрийн асуудал гэсэн гурван гол бэрхшээлийн улмаас Хятадын эдийн засаг 2022 онд өмнөх оных шиг өсөлт үзүүлэхэд хүндрэлтэй байх аж.

Хятадын гаалийн статистик мэдээллээс харахад, экспортын өсөлт нь саарч эхэлжээ. 2022 оны эхний хоёр сард Хятадын экспортын өсөлт 16.3 хувьтай байгаа бөгөөд энэ нь 2020 оны аравдугаар сараас хойших хамгийн бага өсөлт болсон байна.

“Bank of China” тайландаа “2022 онд Хятадын экспортын өсөлт саарах гол хүчин зүйл нь гадаад эрэлт буурч, өртөг нэмэгдэх явдал” гэж дурджээ.

Эрэлт талаас харвал, омикроны дэгдэлт дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нөлөөлснөөр гадаад эрэлт нэмэгдэхгүй, Америк, Европт мөнгөний бодлого өөрчлөгдөж, эрэлтийг сааруулж болзошгүй. Нийлүүлэлт талаас харвал, Хятадын гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдэд материал, хүн хүч, тээврийн өртөг зэрэг дарамт учрахын зэрэгцээ юанийн ханш чангарах нь гадаад худалдааны ашигт сөрөг нөлөө үзүүлэх ажээ.

Гэхдээ Хятадын экспортод эерэг нөлөө үзүүлэх нэг хүчин зүйл нь Ази, Номхон далайн 15 улсын 2020 оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурсан “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” хэрэгжиж эхлэх явдал. Энэхүү том зах зээл гаалийн татвараа бууруулснаар Хятадын экспортын зах зээлд таатай нөхцөл бүрдүүлэх аж.

Хятадын экспортын 30 орчим хувь гаалийн татваргүй гарахаар болжээ.

2022 онд цар тахлын дэгдэлттэй холбоотой иргэдийн орлого буурч, тэр хэрээр хэрэглээ танагдах төлөвтэй байгаа аж. Мөн аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний зардал буурахаар байгаа нь хэрэглээний зах зээлд таагүй нөлөө үзүүлэх бололтой. Цар тахлын улмаас түүхий эдийн үнэ өсч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, улмаар хэрэглээний зардал, санхүүгийн зарлага зэргээ танах арга хэмжээ 2022 онд ч үргэлжлэхээр байгаа аж. Түүнчлэн аялал жуулчлал, худалдан авалт зэрэг гадаадаас ирдэг хэрэглээ цар тахлын улмаас ихээр хумигдах төлөвтэй. Өөрөөр хэлбэл, цар тахлын дэгдэлт хэрэглээний зах зээлийн өсөлт саарах гол хүчин зүйл болж буй юм байна.

ХЯТАДЫН ӨР “ТОЛГОЙН ӨВЧИН” БОЛЖ БАЙНА

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал 2022 онд улам хурцдаж магадгүйн гол шалтгаан үл хөдлөх хөрөнгийн компаниудын өрийн асуудал хүндэрч буйтай холбоотой аж. 2022 оны эхний гурван сард үл хөдлөх хөрөнгийн компаниудын өр 2021 оны сүүл үеийнхээс хоёр дахин нэмэгдэх төлөвтэй. Хэрвээ ингэвэл дэлхий дээр системийн шинжтэй хоёр дахь том хямралын эрсдэл нүүрлэж болзошгүй гэж Хятадын эксперт хэлжээ.

Хятадын үл хөдлөх салбарын гигант "Эвергранд” дампуурсны дараа төрөөс дахин эмхлэх арга хэмжээ авсан ч бондоо төлж чадахгүй хэвээр байгаа аж. Энэ нь бусад олон компанийг дампуурахад хүргэж болзошгүй юм байна.

Мөн орон нутгийн засгийн газрын өрийн асуудал тулгамдаж байгаа аж. Хөгжлөөр хоцрогдсон хойд, зүүн хойд, баруун өмнөд бүс хоорондын төсөв, санхүүгийн зөрүүтэй байдал 2022 оны Хятадын эдийн засгийн өсөлтөд дарамт учруулах бололтой. 2022 онд бүтцийн өөрчлөлт хийхгүй энэ чигээр явбал 2023 онд орон нутгийн өрийн асуудал хурцдана гэж шинжээчид үзэж байгаа аж.

Хятадад 2022 он гармагц нүүрсний үнэ таамаглаж байснаас ч илүү өсчээ. Эхний сард эрчим хүчний нүүрс өмнөх оныхоос 37.9 хувиар өссөн байна. Үнэ өсч буй нөхцөлд Хятад улс дотоодын нүүрсний үйлдвэрлэлээ өмнөх оны мөн үеийнхээс 10.3 хувиар, эхний хоёр сарын импортоо 53.5 хувиар бууруулсан байна. Гэхдээ эхний хоёр сарын байдлаар нүүрсний эцсийн хэрэглэгч салбаруудын өсөлтийн хувь нүүрс үйлдвэрлэлийн өсөлтөөс бага байгаа тул ерөнхийдөө нүүрсний эрэлт, нийлүүлэлт тэнцвэржиж, жилийн сүүлийн хагаст нүүрсний үнэ тогтворжино гэсэн таамаг дэвшүүлжээ.

Хятадад өнгөрсөн жилтэй харьцуулахад 2022 онд цахилгааны хэрэглээ багасч, 5-6 хувиар өсөх таамаглал бий бөгөөд нүүрсний хэрэглээ тэр хэрээр нэмэгдэх хандлагатай байгаа аж. Шиньда биржийн тайланд дурдсанаар, 2022-2025 онд Хятадын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 3.3 хувиар өсч, түүн дотор Хятадын нүүрсний хэрэглээ жилд дунджаар 2.07 хувиар нэмэгдэхээр байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЦЭЭ БА НҮҮРСНИЙ ЭРЭЛТИЙГ НӨХӨХ БОЛОМЖ

Хятадуудад өнгөрсөн жилийн аравдугаар сард болсон цахилгааны тасалдал томоохон сургамж болжээ. Тиймээс энэ жил нүүрсний нийлүүлэлтийг баталгаатай болгох арга хэмжээ авч хэрэгжүүлж буй аж. Олон улсын дата корпорацийн таамаглаж буйгаар, 2022 онд Хятадын нүүрсний зах зээлд нийлүүлэлтийг дэмжих бодлого явуулснаар эрэлт нийлүүлэлт харьцангуй тогтворжино, “суурь үнэ+хөвөгч үнэ”-ийн механизм өртгийг өөрчилснөөр нүүрсний аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж, цахилгаан эрчим хүчний хомсдолд орох магадлал буурна гэжээ.

БНХАУ-ын дотоодын цар тахлын халдварын дэгдэлт энэ оны III улирал хүртэл үргэлжлэх магадлалтай байгаа аж.

Нүүрс Хятадын эрчим хүчний хувьсгалын гол хэсэг хэвээр байх ба ирээдүйн хөгжил нь ухаалаг нүүрсний уурхай, цэвэр, үр ашигтай ашиглалт, нүүрсний химийн боловсруулалт зэрэгт чиглэх юм байна.

БНХАУ-ын эдийн засаг экспортод суурилсан ч 2022 онд экспорт буурахаар байгаа нь тус улсын эрх баригчдын "толгойны өвчин" болж байгаа аж. Иймээс Ардын банкнаас экспортыг нэмэгдүүлэх үүднээс юанийн албан ханшийг бууруулж, экспорт, хөрөнгө оруулалтыг татах алхам хийх магадлалтайг шинжээчид мэдээлжээ.

Эрчим хүчний үнийг 2019 онд чөлөөлсөн нь нүүрсний худалдан авах ханшийг өсгөсөн. Хятадын эрх баригчид нүүрсний импортыг бууруулж, дотоодын нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлж буй нь хэрэгцээг бүрэн хангахад хангалтгүй тул үнэ өсөхөд нөлөөлжээ. Энэхүү үнийн өсөлт түр зуурын бөгөөд эрчим хүчний үнэ тогтворжих хүртэл үргэлжлэх магадлалтай аж.

Бид яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, ажил хэрэг болгож чадвал Хятадад нүүрсээ борлуулах боломж нээлттэй байгаа юм. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хэлснээр, Хятадын талаас хэдийгээр тодорхой хязгаарлалт тавьж буй ч Монгол руу чиглэсэн бодлого нь харьцангуй зөөлөн байгаа аж. Өнөөдрийн байдлаар манай улс боомтуудаар өдөрт 300, 400 машин нүүрс гаргаж байна.

2021 оны аравдугаар сарын 13-нд Covid-19-ийн нөхцөл байдлын улмаас Замын-Үүд- Эрээний хил хаагдсан. Гурван cap гаруй хугацаанд Гадаад харилцааны яам болон Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг бүхий л талаараа ажилласан. Бээжинд байгаа Монголын Элчин сайдын яам, Хөх хот, Эрээн дэх Консулын газар, Хятадын Элчин сайдын яам гээд бүгд боломжоороо ажилласан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Хятадын ерөнхий сайдтай утсаар ярьж, цахим уулзалт хийсэн билээ.

Үүний үр дүнд 2022 оны нэгдүгээр сарын 11-нд хоёр улсын хооронд тээвэр эхэлсэн. Хятадын талаас хүн хоорондын харилцаа үүсгэхгүйгээр тээвэр зохион байгуулна гэсэн ганц шаардлага тавьсан билээ. Өдгөө Хятад өөрийнхөө улстай хиллэдэг бүх хуурай боомтоор ачаа тээврийг яг энэ жишгээр тээвэрлэж буй юм.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг энэ сарын эхээр БНХАУ-ын нүүрс экспортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй цахим хурал хийсэн.

Улмаар Цагаан хадны гаалийн талбайд буй 4.8 сая тонн зарагдсан нүүрсийг яаралтай гаргах, дараагийн борлуулалтаа эрчимжүүлэх талаар санал солилцсон билээ. Хятадын экспортлогч аж ахуйн нэгжүүд тээвэрлэлт хийх шинэ гарцтай болох хүсэлт тавьсныг Монголын талаас дэмжихээ илэрхийлсэн.

Мөн жолооч нарын PCR шинжилгээний хариу Монголын талд сөрөг гарсан ч БНХАУ-ын лабораторийн шинжилгээгээр эерэг гарч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс БНХАУ-ын хэрэглэж байгаатай адил хоёр лабораторийг шинээр ашиглалтад оруулж, шинжилгээний хариутай холбоотой тээвэрлэлтийн гацааг арилгахаа мэдэгдээд буй.

Яриа хэлэлцээний дүнд Шивээхүрэнгийн боомтыг нээлгэхээр Өвөрмонголын боомтын захиргаатай хамтран ажиллаж байгаа билээ.

Эх сурвалж. ЗТХЯ, CNN, TASS, XINHUA, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж