UBA буюу Тайванийн их сургуулиудын сагсан бөмбөгийн холбооны нэгдүгээр девизонд тоглодог монгол хүү Д.Баясгалан олны анхааралд өртөж байна. Өнгөрсөн зун 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн багуудын дунд болсон тэмцээнд тэрбээр өөрийн оноо авах чадвар, үнэ цэнээ хангалттай харуулжээ. Үүнийхээ ачаар ч Тайванийн сагсан бөмбөгийн мэргэжлийн лигийн хэд хэдэн багуудын анхаарлыг татаж байгаа аж.
Д.Баясгалан, Э.Саруул, Э.Саруул-Эрдэнэ зэрэг гурван монгол залуу сүүлийн жилүүдэд Тайванийн оюутны сагсан бөмбөгт цахиур хагалж байгаа билээ.
Д.Баясгаланг Таичун Санс, Таинан Фалконс, Каосиун Стилерс, Тайвань Бир Берс зэрэг багууд сонирхож байгаа гэнэ. Тайванийн хэвлэлүүдийн мэдээлэлд “Д.Баясгалан ирэх жил мэргэжлийн сагсан бөмбөгийн драфтад орвол 2-3 жилийн гэрээ байгуулах боломжтой. Чжан Чжэнья, Чэн Фан Бойан зэрэг залуу тоглогчидтой харьцуулахад Д.Баясгалан бол маргаангүй хүчирхэг тоглогч” гэжээ.
Хэрэв Д.Баясгалан мэргэжлийн багт драфтлагдвал түүний жилийн цалин хоёр сая тайвань доллар буюу 205 сая гаруй төгрөг хүрэх аж.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо жил бүр 2-3 тамирчин залуусыг Тайванийн их дээд сургууль руу тэтгэлэгтэй явуулдаг билээ. Д.Баясгалангийн тухайд МУИС Шонхорууд багт тоглож байгаад Тайвань руу явсан юм.
Холбоотой мэдээ