Буяны бизнест монополиуд "ноёлж" байна

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

Буяны бизнест монополиуд "ноёлж" байна

Буяны бизнест монополиуд "ноёлж" байна

"Хүчит шонхор" захтай зэрэгцэн орших “Далан давхар”-ыг шинэчилж, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл одоогоос 12 жилийн өмнө буюу 2010 оноос эхлэн яригдсан. Тус оршуулгын газрыг шинэчлэн тохижуулж, “Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах  бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Тодруулбал, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Нью семетри" ХХК болон “Улаанбаатар буян” ХХК хамтран уг төслийг хэрэгжүүлж буй юм.

Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын төсөлд урьдчилсан тооцоогоор 40 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэх мэдээлэл бий. 

Энэ бүгдийг төсвөөс мөнгө гаргахгүйгээр төслийг хэрэгжүүлэгч "Нью семетри" болон “Улаанбаатар буян” ХХК хийж гүйцэтгэнэ гэхээр сонирхол татна. Нийслэлд буяны үйлчилгээ үзүүлдэг албан ёсны зөвшөөрөлтэй байгууллага гарын таван хуруунд багтана. Тухайлбал, “Улаанбаатар буян”, “Нью семетри”, “Суварга буян”, “Сувд буян” гэх компаниуд буяны цогц үйлчилгээ үзүүлдэг. Үйлчилгээний чанараас хамаараад үнэ тарифын хувьд янз бүр. Нэг шарил чандарлах, тээвэрлэх үйл ажиллагааны зардал дунджаар 1.5 сая төгрөгөөс эхэлнэ. 

"Нью семетри" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа “Нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бий болгоход хувь нэмрээ оруулах, оршуулгатай холбоотой олон тулгамдсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлж байна” гэж ярьжээ. Гэвч "Нью семетри" ХХК ийнхүү санаачлага гаргасны цаана ямар нэгэн эрх ашиг нуугдаж байх вий гэх хардлага төрүүлж буй юм.

"Нью семетри" ХХК-ийн талаарх мэдээллийг хайж үзэхэд Оросоо овогтой Мэндбаяр гэх хүний гэр бүл  оршуулга үйлчилгээ, түүнийг дагасан бизнест "монополь" тогтоогоод уджээ.

Учир нь тэдний гэр бүл “Нью семетри” ХХК, “Улаанбаатар буян” ХХК-ийг үүсгэн байгуулсан байна. Тэгэхээр энэ үйлчилгээ хэсэг бүлэг хүмүүсийн мэдэлд байна гэсэн үг.

“Улаанбаатар буян” ХХК-ийн хувьд 2005 онд О.Мэндбаяр үүсгэн байгуулж, өөрийн гурван охин болох М.Учралзаяа, М.Золзаяа, М.Мөнхзаяа болон Г.Идэрмаа нарын нэрсийг 2019 оны арванхоёрдугаар сард хувь эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Ингэхдээ “Нью семетри" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяагийн нэр дээр 2021 оныг хүртэл үйл ажиллагаагаа явуулжээ. Улмаар 2021 оны аравдугаар сард улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, гүйцэтгэх захирлаар Ж.Бумтүшигийг нэмсэн байна. Улаанбаатар хотод жилд 6500-7500 хүн нас бардаг агаад  20 хувийг нь  “Улаанбаатар буян” ХХК чандарладаг гэсэн статистик байна.

"Нью семетри" ХХК-ийг 2006 оны тавдугаар сарын 29-нд байгуулжээ. М.Мөнхзаяа өдгөө "Нью семетри" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Хувьцаа эзэмшигч нарын нэрсийн хувьд “Улаанбаатар буян” ХХК-ийнхтай яг ижилхэн. Тус компани 2006 онд буяны үйлчилгээ, 2015 онд оршуулгын үйлчилгээ, 2015 онд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ.

Харин О.Мэндбаяр нь өөрийн нэр дээр “Хурмастын гүүр” ХХК-ийг 2008 оны хоёрдугаар сард байгуулжээ. Үйл ажиллагаагаа оршуулга, гадаад худалдаа, аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр гэж тодотгосон чөдгөө  цахилгаан, шугам тоноглолын засвар үйлчилгээ үзүүлж буй аж. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 онд оршуулгын цогц үйлчилгээний зах зээл дэх давамгай байдалтай ААН-ийг тогтоох судалгаа хийжээ. Улмаар "Нью семетри" ХХК, “Улаанбаатар буян” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 5.2-д "Тодорхой бараа, бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран борлуулалт, худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалт аж ахуй эрхлэгч гэж үзнэ" гэж заасан байдаг. Гэтэл 2020 оны байдлаар нийслэл хотын хэмжээнд “Улаанбаатар буян” ХХК чандарлан оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлийг 100 хувь, "Нью семетри" ХХК газарт оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлийн 83.8 хувийг эзэлж буй дүн гарчээ. 

Ямартай ч “Нью семетри" ХХК болон “Улаанбаатар буян” ХХК-иуд “Далан давхар”-ыг шинэчилж, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажилдаа орсон. "Далан давхар”-ын оршуулгын газар нийт 73.9 га талбайг хамардаг. Эхний ээлжид төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийж, 10934 булш тоолжээ. Эдгээрийн 48.4 хувь буюу 5291 булш нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 51.6 хувь нь эвдэрч, тоногдсон, хөшөөний нэр нь арилсан, ямар ч хаяггүй болж, ар гэрийнхэн нь ч тэнгэрт халигчдаа оршуулсан газраа олохгүй учраас эргэж тойрохоо больжээ. 

Одоогоос 12 жилийн өмнө “Далан давхар”-ыг Асашёорюү  Д.Дагвадорж эзэмшдэг гэх мэдээлэл тархаж байв. 

Тодруулбал, 2010 онд  “Японы хөрөнгө оруулалттай компани "Далан давхар"-ын газрыг худалдаж авсан. Нэр нь нууцлагдмал тэр компанийн захирал Д.Дагвадоржийн түнш. Барилга барихаар төлөвлөсөн компани энэ жил хашаагаа барьж дуусаад, Япон маягийн орон сууцны хороолол барина” гэсэн яриа гарч байлаа.

Мөн 2004 онд М.Энхболд хотын даргаар ажиллаж байхдаа захирамж гаргаж, ИТХ-ын дарга асан Н.Болормаагийн тогтоолоор оршуулгын газрыг ямар ч тендергүйгээр компанид зарсан гэх мэдээлэл цацагдаж байжээ. Энэ талаар нийслэлээс тодруулахад дээрх яриаг үгүйсгэн, “Далан давхар”-ын оршуулгын газар улсын өмч. Төр, хувийн хэвшил хамтран "Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн" барихаар ажлаа эхлүүлсэн” гэсэн мэдээлэл өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж