НЭМЭЛТ:
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаан оролцсоныхоо дараа мэдээлэл хийхдээ дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр, "Зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш хэвлэлийн дайн эрчимжиж, албаар улс төрийн дотоод байдлыг үймүүлэх, буруу зөрүү ойлголт төрүүлэх мэдээллүүдийг дурын хүн хийж байна. Монгол Улсын хувьд бүх юм ил тод байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Энэ байдлыг ашиглан улс орныг хагалгаж, бутаргах санаанууд явж байхыг үгүйсгэхгүй. Бүхий л салбарт ийм асуудал үүсдэг. Тиймээс салбар яамнаас богино хугацаанд тайлбар мэдээллийг өгч ажиллахыг хичээж байна.
Энэ өдрүүдэд бүхий л төрийн байгууллага, агентлаг, яамдууд гадаадын төсөл хөтөлбөрүүдийн судалгааг нарийвчилж гаргах, хүмүүсийн хардалтыг төрүүлж болохуйц үйл ажиллагааг нягтлах ажлыг хийсэн.
Холбогдох байгууллагууд нь "Бидэнд тийм үндэслэл байхгүй" гэдгээ МАН-ын бүлгийн гишүүдэд танилцуулсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад танилцуулж, бүгд нэг ойлголттой болсон" гэв.
АНУ-ын засаг захиргаа Монгол Улсын нутаг дэвсгэрт биолаборатори байгуулах талаар ярьж буй тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Тиймээс энэ талаар холбогдох яам болон ХӨСҮТ, Зооноз судлалын үндэсний төвөөс тодрууллаа.
Гадаад харилцааны яамнаас уг мэдээлэлтэй холбоотойгоор мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд “Сүүлийн үед ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш АНУ-ын тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан гэх мэдээлэл хийх болсон. Энэ нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэсгүй ташаа мэдээлэл” гэсэн юм. Нэмэлтээр тайлбар мэдээлэл авах гэсэн боловч ГХЯ-наас мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Учир нь өнөөдөр уг асуудлаар яамны удирдлагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон намын бүлгүүдэд асуудлыг ярьж, хэлэлцэнэ гэсэн юм.
Зарим хүн биолабораторийг ХӨСҮТ-д байгуулсан гэж байгаа ч үүнийг Гадаад харилцааны яам үгүйсгэсэн. Аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг авч хэлэлцсэний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан тайлбар мэдээлэл өгч магадгүй гэв.
Тус биолабораторийг Улаанбаатар дахь Зооноз өвчин судлалын үндэсний төвийн суурин дээр түшиглэж байгуулахаар ярилцаж байгаа гэж мэдээлсэн.
Тиймээс ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрахаас асуухад “Тийм мэдээлэл одоогоор алга. Тодруулаад тайлбар өгье” гэв.
Хэрэв биолаборатори байгуулбал ОХУ, Хятадын хил залгаа Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрдэг тахал, холер, хумхаа, гепатит, Covid-19, энцефалит зэрэг халдварт өвчнүүдийг судлах боломжтой болох тухай цахим хуудаст бичжээ. Харин үүнийг Зооноз өвчин судлалын төвөөс үгүйсгэлээ.
Батлан хамгаалах яамнаас мөн тодруулахад энэ талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл, албан мэдэгдэл ирээгүй учраас тайлбар өгөх боломжгүй гэх хариулт өглөө. Ямартай ч АНУ-аас Монголд биолаборатори байгуулах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэж, шийд гаргаж магадгүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг тодруулан хүргэнэ.
Холбоотой мэдээ