Афганистаны зүүн хэсгийн Хост, Кунар мужуудад Пакистаны цэргүүд агаарын дайралт хийв. Бямба гаригт болсон уг дайралтын улмаас амь үрэгдэгсдийн тоо 47 болсон гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Үүнд эмэгтэйчүүд, хүүхдүүд голдуу 41 энгийн иргэн багтжээ. Мөн 22 хүн шархадсан гэж Хост мужийн мэдээлэл, соёлын газрын захирал Шабир Ахмад Османи хэллээ. Харин Кунар мужид зургаан хүн амиа алдсан байна.
Афганистаны хамгийн том мэдээллийн суваг болох “Tolo news” агаарын довтолгооны үеэр амиа алдсан хүүхдүүдийн цогцсыг харуулжээ. Хост мужийн иргэд Пакистаныг буруушаан, эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн байна.
Исламабад дахь Гадаад хэргийн яам өчигдөр /2022.04.17/ Афганистаны нутаг дэвсгэрээс Пакистаны эсрэг дайралт хийж буй зэвсэгт дайчдын эсрэг хатуу арга хэмжээ авахыг Кабул дахь талибуудын эрх баригчдаас шаарджээ. Тодруулбал, “Террористууд Пакистаны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахын тулд Афганистаны газар нутгийг ашиглаж байна.
Талибанчууд засгийн эрхийг гартаа авснаас хойш Пакистан, Афганистаны хилийн хурцадмал байдал улам даамжирч, Исламабад зэвсэгт бүлэглэлүүд Афганистаны нутаг дэвсгэрээс байнга халдлага үйлдэж байна” гэж мэдэгдэл хийжээ.
Пакистаны шинэ ерөнхий сайд Шехбаз Шариф өмнөх ерөнхий сайдын нэгэн адил талибанчуудыг дэмжих эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ