Өнгөрөгч хагас сайн өдөр буюу 2022 оны 4-р сарын 16 өдөр "Хөгжмийн соёлыг түгээе” уриан дор Пянз цуглуулагчдын групп, пянз сонирхогч, цуглуулагчдын нээлттэй өдөрлөгийг “Галлериа Улаанбаатар төв"-д зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний үеэр хөгжим сонирхогчид Монголын болон дэлхий дахины алдартай хуучны бүтээлүүдийг болон орчин цагийн шилдэг пянзнуудыг газар дээр нь худалдан авч, пянзны мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч DJ сэт, амьд хөгжмийг сонсож нэгэн өдрийг амьд хөгжмийн уур амьсгал доор өнгөрүүллээ. Уг арга хэмжээг зохион байгуулагчдийн нэг, Монголын пянз цуглуулагчдын клубын тэргүүн, МУСГЗ, Шог Зураач С.Цогтбаяр, Пянзчин дэлгүүрийн үүсгэн байгуулагч Г.Энхжин нартай цөөн хором ярилцлаа.
МУСГЗ, Шог Зураач Самандарийн Цогтбаяр:
-Пянзны талаар залуу үеийнхэн тэр бүр сайн мэдэхгүй. Монголд пянз хэзээ хэрэглээнд нэвтэрсэн бэ, түүхээс нь хуваалцаач?
-Пянз бол өөрөө шинэ зүйл биш. Анх хүн төрөлхтөн дуу авиаг пянзанд хураах нээлт гарч улмаар дэлхий дахин худалдаанд гарч борлуулж эхэлсэн. Үүний дараагаар Монголд ч гэсэн пянз орж ирсэн. Жишээ нь, АНУ-ын эрдэмтэн Рой Чапман Эндрюсын Монголд хийсэн судалгааны үеэр зуугаад жилийн өмнө монголчууд пянз хөгжим сонсож байсныг гэрчлэх баримт, гэрэл зургууд олон байдаг. Тухайн үеийн Богдийн ордон, хаад ноёдын гэрт монголчуудын хэлж заншсанаар “Эгшигт тоглуулагч” байсан нотолгоо олон бий. Монгол дуу хөгжим бол 1930-аад оноос пянзанд бууж эхэлсэн. Өнөө үед үүнийг гар дээр бэлнээр олоход их ховор болсон. Монголын пянзны оргил үе гэвэл 1970 1980 оныг хэлж болно. Тухайн үед 300 гаруй пянз гарсан байдаг. Үүний дараагаар дэлхий даяар хөгжмийн урлаг дижитал хэлбэрт шилжиж улмаар Монгол ч гэсэн 1990 он гэхэд пянз байхгүй болсон. Тухайн цаг үеэс хойш төрсөн хүүхдүүд пянз сонсолгүй бүхэл бүтэн 30-40 нас хүрчиж байгаа юм. Манай пянз цуглуулагчдын клубыг пянз сонсч өсөөгүй үеийнхэнд пянзыг танилцуулах, үзэж өссөн хүмүүс эргээд цуглуулж эхлэж бусдад танилцуулах зорилгоор байгуулсан.
-“Vinyl & Music” арга хэмжээг зохион байгуулж буйн зорилго нь юу вэ?
-Бид Пянз цуглуулагчдын клуб болон "Галлериа Улаанбаатар" төвтэй хамтраад пянз цуглуулагчдийн өдөрлөг зохион байгууллаа. Өмнө нь бид нар “Vinyl Fair” фестивалыг зохион байгуулж байсан. Хөл хорионы дараа анх удаа өргөн хэмжээний цугларалт хийж байна. Энэ хооронд маш олон дэлгүүр нээгдэж, бизнес утгаараа хөгжсөн байна. Үүнийг арилжаа наймаа гэх утгаасаа гадна их хотын хөгжмийн соёлыг түгээж байна гэж ойлгож болно.
-Сүүлийн хэдэн жилийн хугацаанд пянзыг сонирхох хүмүүс нэмэгдсэн гэж ажиглагдаж байна. Хаа нэг газар очиход ч тэр, цахим орчинд ч пянзны талаар ярилцаж байгаа нь анзаарагдах боллоо. Энэ зөвхөн надад ингэж санагдаж байна уу, эсвэл үнэхээр Монголд пянз сонирхогчдийн тоо нэмэгдэж байна уу?
-Нөлөөлөл өөрт чинь хүрч байна гэсэн үг. Магадгүй та удахгүй пянз сонсож үзмээр, худалдаж авмаар санагдана. Үүний сайхныг мэдэрнэ, салахаа байна гэдэг чинь зөв нөлөөлөл хүмүүст хүрч байгаа болохын илрэл юм. Тиймээс бид нар үүний төлөө л ажиллаж байна. Яагаад гэвэл бид тэр таашаалыг бусадтайгаа хуваалцъя гэдэг зорилготой юм.
Саяхан Чингисийн талбай дээр болж өнгөрсөн жагсаалын үеэр хүмүүсийн өөрийн үзэл бодлоо илэрхийлж барьж зогссон самбар дундаас “Хамтдаа байгаа тулдаа тэсэж байна” гэсэн үгтэй баннер их таалагдсан. Тэр нь шиг хэрэв би самбар барих юм бол “Пянз хөгжимтэй байгаа тулдаа тэсэж байна” гэж хэлмээр үе байгаа юм.
Миний уур бухимдал, сэтгэл гутралыг арилгаж байгаа зүйл бол пянз буюу хөгжим юм. Би дуу хөгжим, урлагийн нөлөө хүмүүст урлагийн эмчилгээ болж байгаа гэж бодож байна. Тийм болохоор хойшдоо олон хүмүүс хөгжимд дурлаасай. Жинхэнэ амьд хөгжмийн дугаралтанд шимтэн сонирхоосой гэж хүсэж байна. Тэгвэл тэд урлагийг илүү их ойлгоно.
Монголын орчин үеийн ууган пянзны дэлгүүрийн нэг болох Пянзчин дэлгүүрийн үүсгэн байгуулагч Г.Энхжин:
-Дэлгүүрээ 2019 онд үүсгэн байгуулсан. Анх нээгдэж байхад Дундгол гэдэг дэлгүүр байдаг байсан. Тухайн үед Монголд пянз сэргэж эхэлсэн байсан. Бидний араас олон пянзны дэлгүүр үүд хаалга нээж эхэлсэн байдаг. Одоо харин Монгол Улсын хэмжээнд 10 гаруй пянзны дэлгүүр байх шиг байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анхны Пянзны өдөрлөг болсон. Ирэх тавдугаар сард дахин албан ёсны Пянзны өдөрлөг зохиохоор төлөвлөж байна. Пянз цуглуулагчдын клубын зохион байгуулагчаар Шог зураач С.Цогтбаяр ажилладаг. Дэлхий дахинд CD-ний хэрэглээ ихэсч, улмаар пянзны хэрэглээ, борлуулалт буурч байсан. Харин 2019 оноос пянз сэргэсэн байсан. Манай улсад орчин үеийн амьд хөгжмийн хамтлагуудаас" The Lemons" хамтлагийн "Red" цомог 2018 онд пянз хэлбэрээр хийгдсэн. Дараа жил нь альтернатив дуучин Отгоо цомгоо пянзаар гаргасан.
–Яагаад хүмүүс пянзыг дахин сонирхох болов?
-Одоо бол Монгол Улс гэлтгүй дэлхий даяар пянз өргөн дэлгэрч байна. Пянз үйлдвэрлэгч дэлхийд цөөн байсан бөгөөд эргэн сэргэж байна. Харин сүүлд сонсоход пянз сонирхогчид нэмэгдэж хэрэгцээ шаардлага ихсэж байна. Улмаар үйлдвэрлэгчид 2023 оны долдугаар сар хүртэл үйлдвэрийн захиалга авахгүй, захиалга дүүрсэн гэсэн мэдээлэл сонсогдож байна. Дэлхий дахины хөгжмийн одууд хүртэл өөрсдийн шинэ гаргасан дижитал цомгуудаа давхар пянз нь хэлбэрээр гаргаж байна.
-Яагаад хөгжмийг пянзаар сонсох хэрэгтэй гэж та үздэг вэ?. Бусад хөгжмийн төхөөрөмжнүүдээс ялгарах давуу талыг бидэнтэй хуваалцаач?
-Пянз бол аналог дугаралттай. Үүнийг энгийнээр тайлбарлавал амьд дугаралт юм. Дижитал CD болон пянзны аналог дугаралтыг киногоор харьцуулж авч үзье л дээ. Дижитал бол 480 формат бол пянз 4к форматын өндөр чанартай кино үзэж байгаатай адил юм. Чи дуртай дуугаа пянзаар чанартайгаар нэг сонсох юм бол дараа нь дахин өөр төрлийн хөгжим дээр сонсох хүсэлгүй болдог.
Аналог гэдэг бол дуучин дуулж байхдаа амьсгал нь хүртэл үүнд нарийн хэлбэрээр бичигдэн ордог өндөр чанартай бичлэг юм. Жишээ нь, Алдарт" Queen" хамтлагийн "Bohemian Rhapsody" цомог бол яг л тоглолт дээр нь байгаа юм шиг өндөр чанартайгаар бичигдсэн байдаг"
-Яагаад пянзны дэлгүүр нээх болсон бэ?
-Намайг анх пянзны дэлгүүр нээж байх үед хүмүүс “Хүн төрөлхтөн хүссэн үедээ, хүссэн газраасаа дуртай дуугаа сонсохын тулд олон жилийн турш хөдөлмөрлөж дуу хөгжмийн цахим хэлбэрт шилжиж байхад яагаад чи пянз зарж байгаа юм. Энэ зурагдах юм уу? гэж их асуудаг байсан.
Би тэр хүмүүс киног 480 форматын чанартайгаар үзэх эсвэл 4к форматын чанартайгаар үзэхийн ялгаатай байдгийн жишээг тайлбарлаж хэлж байсан. Мөн түүнчлэн пянзын дуугаралтын маш сайн чанартай бөгөөд чи дуртай дуугаа пянз дээр сонсоод дараа нь өөр төхөөрөмж дээр сонсох хүсэл төрөхгүй, голох мэдрэмж төрнө"
-Өөрийн чинь хамгийн дуртай хамтлагийн пянз юу бол?
-Миний хамгийн дуртай пянз бол "Daft Punk" хамтлагийн “Random Access Memories” цомог юм. Надад CD хэлбэрээр гаргасан цомог нь байдаг . Энэ маань яг пянз хэлбэрээр гаргасан шиг нь нарийн деталууд нь сонсогддоггүй сул талтай.
-Яагаад хамтлаг дуучин өөрийн пянзаа гаргасан юм бол? Ямар хамтлаг, дуучид өөрсдийн пянзаа гаргахаар ажиллаж байгаа юм бол?
-Одоогоор "Night Train", "Guys", хамтлагууд өөрсдийн пянзаа гаргахаар ажиллаж байна. "The Lemons" өмнө нь гаргаж байсан цомгоо дахин гаргахаар ажиллаж байна. Өнөөдрийн арга хэмжээ нь дээр гэхэд л Том Жагаа өөрийн пянзаа дэлгэн тавьсан бол гитарчин Өөжгий ах өөрийн пянзаа гаргахаар ажиллаж байна. Дуучин хүнд өөрийнхөө пянзын гаргана гэдэг бол нэр төрийн хэрэг юм шиг надад санагддаг. Монголын хамтлаг, дуучин хоёр, гурав дах пянзнуудаа гаргаад эхэллээ. Дуучин Отгоо, "The Magnolian", Герман улсад байдаг дуучин Энжи одоо гурав дах хэвлэлт руугаа орчихсон ажиллаж байна.
-Монголын хамтлаг дуучин хаана пянзаа хэвлүүлэн гаргаж байна вэ?
-АНУ, Япон, Германд хэвлэн гаргаж байна. Хэрэв хамтлаг, дуучид маань Япон улсад пянз хэвлүүлэхийг хүсэж байвал манайхтай холбогдож улмаар хамтран ажилладаг хүнтэй нь холбож өгч болно. Бид цаад байгуулагуудтай холбож өгч туслахад бэлэн байдаг.
-Шинээр пянз тоглуулагч авах гэж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх үү?
-Залуучууд ихэвчлэн хамгийн хямд пянз тоглуулагч авах хандлагатай байдаг. Тэр нь ашиглалтын явцад эвдрэх эсвэл пянзаа голоод дундуур нь зураад хаях тохиолдол байдаг. Тиймээс болвол анхнаасаа чанартай пянз тоглуулагч аваарай гэж зөвлөж байна.
Б.МӨНХТУЛГА
Холбоотой мэдээ