Нийгмийн сэтгэлзүйг эмчилье!

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Нийгмийн сэтгэлзүйг эмчилье!

Нийгмийн сэтгэлзүйг эмчилье!

25-хан настай залуу Сүхбаатарын талбайд, түмний нүдэн дээр өөрийгөө шатаасан хэрэг олон нийтийг цочирдуулав. Ид сурч, хийж бүтээх насны залуу ийнхүү олны нүдэн дээр амиа хорлох оролдлого хийсэн нь хэнээс, юунаас болов оо?  Энэхүү харамсалтай явдлаас хоёрхон хоногийн өмнө залуу гэр бүл хардалт, уур хилэндээ дийлдэн 13-хан настай хүүхдийнхээ амь насанд хүрсэн аймшигтай хэрэг гарсан. Эцэгт нь гаргасан уурандаа тээж төрүүлж  хүүхдээ хөнөөх хүртлээ Монголын нийгэм яагаад зэрлэгшив?! Алийн болгон бид архи, хардалт, ажилгүйдэл, халамж руу буруугаа чихэх юм бэ.

Амьдрал хүнд, ажил хийгээд ч дэвшиж, дээшлэхгүй байгаадаа бухимдсан залуус хэд  хоногийн өмнө Сүхбаатарын талбайд хоёр өдөр жагсч, эрх баригчдын ажлаа хийхийг, эх орондоо сайхан амьдармаар байгаагаа сануулж, шаардаж жагссан.  Үнэндээ залуус урамгүй, уур бухимдалтай байгааг эрх баригчид өөрсдийнхөө чихээр сонсссон шүү дээ. Энэ мэтчилэн нийгмийг айдаст автуулсан, сэртхийлгэсэн аймшигтай хэргүүд гарах, бухимдсан иргэдийн жагсаал, цуглаан зэрэг нь нийгмийн сэтгэлзүй маш эмзэг, хэврэг болсныг харуулж буй жишээ хэмээн сэтгэлзүйчид хэлж байна.

Монголын нийгмийн сэтгэлзүй түгшүүртэй гэж хэлж болохуйц, цахим орчинд төдийгүй амьдрал дээр ч хүмүүс бие биеэсээ сөрөг хандлага, дайралтуудыг өдөр тутамдаа мэдэрдэг болоод багагүй хугацаа өнгөрч.

Хүн амд хийгдэж буй судалгаа тоо баримтууд дээр үндэслэхэд нийгмийн сэтгэлзүй, хүмүүсийн амьдралын чанар, аз жаргал буурсан нь анзаарагдах болсныг сэтгэлзүйчид хэлэх болсон. Энэ нь нийгэмд ажилгүйдэл, архидалт, амиа хорлолт, гэр бүл салалт зэрэг өссөнтэй холбоотой гэнэ.

2002 оноос хойших гэрлэлт ба салалтын тоон утгаас авч үзэхэд өдөрт 10+1 гэр бүл салж, тухайн гэр бүлийн хүүхдийн тооноос хамаараад жилд 10 гаруй мянган хүүхэд хагас гэр бүлд өсч торниж байна гэсэн судалгаа ч гарчээ.

Хүний оюун санаа, сэтгэцийн эрүүл мэнд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт дэмжлэг муугаас нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд их болдог аж. Нөгөө талд улс төрийн хэт шоу, сөрөг шийдэл, хохиролтой шийдвэрүүд нь амьдралд хэт хурдан тусгалаа олдог учраас хүмүүсийн бухимдал төрүүлдэг бөгөөд тухайн бухимдал нь нийгмийн нэгж хэсэг, бүлгүүдээр дамжиж нийгэмдээ тархан, хариу үйлдлүүд нь бүгд сөрөг байдаг гэнэ. Монголын нийгмийн сэтгэлзүй гэмтээд удаж байгааг ч сэтгэлзүйчид тайлбарлах болсон.

Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлсэн залуучууд “Төр хэмнэлтээ өөрсдөөсөө эхлэх, залуучууд эх орондоо ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлж өг” хэмээн уриалсан.

Ялангуяа цар тахлаас үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, иргэдийн орлого буурсан гээд өнөөдөр иргэдийн амьдрал маш хүнд байна.

Дээрээс нь ажлын байр хомс, залуучуудад ажиллах боломжгүй, цалин хөлс бага, дарамт шахалт их зэрэг олон бэрхшээлийг иргэд, залуус тоочиж сууна.. Харин түүнийх нь эсрэг төрийнх нь авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ “хэмнэлтийн горимд” шилжих.  Нийгмийн энэ бухимдлын эсрэг Засгийн газар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг бууруулахаар хууль батлав. Түүнтэй зэрэгцээд төсвийн зардлыг хэмнэх зорилгоор дарга нар  том оврын автомашины унахгүй байх, төрийн өмчит компаниудыг татан буулгах, нэгтгэх, шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх зэрэг хэмнэлтүүдийг хийхээр болов.
Гэхдээ энэ нь иргэдийн өдөр тутам худалдан авдаг нэмэгдсэн мах, гурил, талхны үнэд нөлөөлнө гэдэг юу л бол. Хамгийн гол нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа ч иргэдийн цалин, орлого нэмэгдэхгүй, амьдралд хүрэлцэхгүй учраас иргэд бухимдалтай, шүүмжлэлтэй байна.

Сэтгэлзүй, Сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Баярцэнгэл “Нийгмийн хөгжил гэдэг хүнийхээ оюун санаа болоод бодит боловсролоос шалтгаална. Боловсролтой, ажил мэргэжилтэй, тухайн хийж буй зүйлээсээ тэмүүлэл авч амьдрах нь илүү тогтвортой, сэтгэлзүйн хувьд ч харьцангуй эрүүлээр оршиж чадна.

Хамгийн эхэлж өөрийнхөө өмнө, дараа нь  нийгэмд үнэлэгдэхүйц байх нь хөгжлийн эхлэл. Хүн бол нийгмийн хөгжлийн гол хүч. Хүмүүсийн сэтгэлийн боловсролд хийгдэх хөрөнгө оруулалт чухал байна.

Төр засгийн тогтвортой байдал, нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн үйлчилгээ, хүмүүсийн аж төрөх орчинг таатай эерэг байлгахын тухайд бодлогоор дэмжих  нь зөв” гэжээ.

Нийгмийн сэтгэлзүйн байдал хүний зан байдал, амьдралын хэвшил, үзэлд маш том нөлөөлөл үзүүлж байдаг. Мөн нийгмийн сэтгэлзүй эрүүл, таатай эерэг байхад хүн бүрийн оролцоо чухал төдийгүй үүнд улстөр, нийгэм, эдийн засгийн байдал ч хамаатай. Монголын нийгэм бухимдалтай байна. Тиймээс өнөөдрийн эрх ашиг, улстөржилтөөс илүү  нийгмийн сэтгэлзүйг эмчлэх хэрэгтэй байна!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж