"MCS"-ийнхэн сагсан бөмбөгийн холбоонд эзэн суух уу?

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

"MCS"-ийнхэн сагсан бөмбөгийн холбоонд эзэн суух уу?

"MCS"-ийнхэн сагсан бөмбөгийн холбоонд эзэн суух уу?

Хоёр тийшээ хараад суучихсан Монголын сагсан бөмбөгийн холбоодын асуудал нэг талдаа гарахад тун ойртжээ. Цөөн хэдэн хүний ашиг сонирхлын улмаас сагсан бөмбөгчид, үзэгч, хөгжөөн дэмжигчид багагүй хугацаанд хохирсон. Тэгвэл FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын удирддаг Монголын сагсан бөмбөгийн холбоо ээлжит бус хурлаа зарлажээ. Энэхүү хурлаар холбооны дараагийн тэргүүн, тэргүүлэгчдийг сонгох чухал ажилтай.

Монголын сагсан бөмбөгийн бүх гишүүдийн ээлжит бус хурал дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болно.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэг хүн нэрээ дэвшүүлсэн бол дэд ерөнхийлөгчийн сонгуульд 10 хүн нэрээ дэвшүүлсэн аж. Дашрамд дуулгахад, холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших дэнчин 80 сая төгрөг бол дэд ерөнхийлөгчийн сонгуулийнх 20 сая төгрөг аж. Ингээд та бүхэндээ нэр дэвшигчдийг танилцуулъя.

ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ

Г.Батцэнгэл

"MCS"-ийн гэх тодотголтой Г.Батцэнгэлийг  3х3 сагсан бөмбөгийн спортыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг. Тэрбээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө өөртэйгөө өрсөлдөнө. Гэхдээ шууд сонгогдчихлоо гэсэн үг биш. Тодорхой тооны, дүрэмд заасан санал авах хэрэгтэй.

Энэ удаагийн ээлжит бус хуралд нийт 245 төлөөлөгч оролцоно.

Химийн ухааны доктор Г.Батцэнгэл нь 1972 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр төрсөн. Англи, герман, словак, орос хэлтэй түүний хувьд өдгөө “Энержи Ресурс ХКК”-ийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Зөвлөлийн гуравдугаар дунд сургуулийг төгсч, Словакт дээд боловсрол эзэмшсэн гэнэ.

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД

Д.Энхбат

Д.Энхбат нь өдгөө “MCS”-ийн охин компани “Юнител”-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. 1982 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр мэндэлсэн. ШУТИС-ийг цахилгаан холбооны инженерээрээ төгсч, удирдлагын академид бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. “MCS”, “Орбитнет” зэрэг байгууллагуудад ажиллаж байсан нэгэн.

Л.Мягмаржав

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав барьцаа лавшруулж, сагсан бөмбөгийн холбоог удирдах хүсэлтэй аж. 2004 оноос хойш “MCS Кока-Кола” компаниараа дамжуулан тэрбээр Монголын сагсан бөмбөгт хөрөнгө оруулж, 2017 оноос 3х3 сагсан бөмбөгийг өөд нь татах болсон. Эдийн засагч мэргэжилтэй Л.Мягмаржав нь арванхоёрдугаар дунд сургуулийг төгсч, МУИС-д эдийн засагч мэргэжлээр бакалавр, АНУ-ын Бриджпортын их сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр магистр тус тус хамгаалсан.

Т.Түвшинбаяр

Монголын сагсан бөмбөгийн лигийн зургаан удаагийн аварга, зургаан удаагийн мөнгөн медальт, 1995, 2001 онуудын тэргүүн тоглогч Т.Түвшинбаяр энэ удаагийн дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. СЭЗДС-д эдийн засагч, бизнесийн удирдлагаар сурч, төгссөн тэрбээр өдгөө “Энержи Ресурс ХХК”-ийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байна. 57 дугаар сургуулиас гаралтай тэрбээр Монголын сагсан бөмбөгийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх домогт тоглогчдын нэг яахын аргагүй нэг билээ.

Б.Даваа-Очир

“MCS” групп Монголын сагсан бөмбөгийн холбоонд эзэн суух хүсэл үнэхээр их байна. Бизнесийн удирдлагаар ШУТИС, Австралид мэргэшсэн Б.Даваа-Очир нь “MCS Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал аж.

“MCS”-ийн нэг төлөөлөгч ерөнхийлөгчийн сонгуульд ганцаараа, бусад дөрөв нь дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна.

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИД ГОРЬЛОГЧ БУСАД НЭР ДЭВШИГЧИД

Б.Батбаатар

“Шарын гол ХК”-ийн ерөнхий захирал Б.Батбаатарт  спортын холбоо  ганц хангалттай санагдсангүй бололтой. Хоккейн холбооны дэд ерөнхийлөгч тэрбээр энэ удаа сагсан бөмбөгийн холбооны дэдэд нэр дэвшжээ. Санхүүгийн чиглэлээр мэргэшсэн түүний хувьд англи, орос хэлтэй гэнэ.

П.Чулуунхүү

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Чулуунхүү нь Дорноговь аймгийн Сайншанд суманд мэндэлж, бага дунд боловсрол эзэмшсэн. Тайланд болон Хүмүүнлэгийн ухааны их сургуульд бизнесийн удирдлагын бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ. 2010 оноос хойш “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Т.Мөнхсайхан

Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан дэд ерөнхийлөгчид горилж байна. Гэмтэл согогийн мэс заслын их эмч, анагаах ухааны доктор тэрбээр 28 дугаар сургуулийг дүүргэж, АШУҮИС-д дээд боловсрол эзэмшжээ.

О.Тэнүүн

Бизнесийн хүрээнийхэн дундаа “Очир Ундраа”-ийн О.Тэнүүн гэж танигдсан түүнийг спортын салбарынхан оюутны сагсан бөмбөгийн ерөнхийлөгч гэдгээр нь илүү мэднэ. Өдгөө Монголын сагсан бөмбөгт хамгийн өндөр зохион байгуулалттай, менежменттэй лиг бол оюутны лиг. О.Тэнүүн нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн.

Б.Ганхуяг

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг сүүлийн жилүүдэд спортын салбарт анхаарал хандуулж буй. Монголын оюутны V их наадмыг ивээн тэтгэхээс гадна Эрдэнэтийн Уурхайчид багт хөрөнгө оруулсан нэгэн. Орхон аймгаас гаралтай тэрбээр эрх зүй, улс төр судлалаар дээд боловсрол эзэмшсэн аж.

Э.Анар

Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар албан ёсоор холбооны дэд ерөнхийлөгчид хүч үзэж байна. Колумбын их сургуулийг дүүргэсэн тэрбээр боловсролын хувьд хэнд гологдохгүй. Тэрбээр сагсан бөмбөгийн дээд лигт тоглож, спортын карьераа хөөж явсан байдаг.  Өөрөөр хэлбэл, сагсан бөмбөгөөс хол хөндий хүн биш, тамирчдын жаргал зовлонг сайн мэдэх хүний нэг юм.

Эдгээр арван нэр дэвшигчийн зургаа нь дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүд болох учиртай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж